
2014 оны байдлаар Касперскигийн үйлчилгээг хэрэглэдэг нийт интернет хэрэглэгч хүүхдүүдийн 2/3-с доошгүй буюу 68 хувь нь хууль бус, хортой контентийн хохирогч болжээ. [1]
Монгол Улсын хувьд цахим орчинд хүүхдийг шууд болон шууд бусаар сэтгэл зүй болон хүмүүжлийн хувьд хүчирхийлэх, мөлжих явдал илэрч байгаа нь Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасагт хандаж байгаа, тус тасгаас мөрдөн шалгаж байгаа хэргүүдийн тооноос харагдаж байгаа юм.
Монгол Улсад хамгийн өргөн хандалттай вэб сайтуудын хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх сөрөг нөлөө дараах 3 төрөлтэй байна.[2] Үүнд:
- Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийг зөрчин үйл ажиллагаа явуулдаг вэб сайтууд аль ч насны хүүхдүүд шууд нэвтрэхүйц садар самуун агуулгыг нээлттэйгээр дэлгэн тавьсан байдаг. Эдгээр веб сайт нь тооны хувьд их биш ч хүүхдүүдэд хангалттай хор нөлөө үзүүлэхүйц юм. Цөөн тооны веб сайт садар самуун цэсэд нэвтрэхийн өмнө анхааруулга, санамж харуулдаг боловч энэ нь хангалтгүй юм.
- Шар мэдээ хөөцөлддөг вэб сайтууд хүүхдийн хүмүүжлийн болоод нийгмийн хариуцлагын асуудлыг огт харгалздаггүй бөгөөд нийтлэлийн тодорхой бодлогогүй байдаг. Мэдээллийн агуулгын ихэнх хувийг нь элдэв цуу, хов жив, гэмт хэрэг, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, этгээд, гажууд мэдээлэл зэрэг эзлэх бөгөөд мэдээллийг зөв сонгох чадамжгүй хүүхэд, өсвөр үеийг онилон нийтлэдэг. Мөн эдгээр веб сайтын дийлэнх хэсэг нь дэд цэс байдлаар садар самуун агуулсан мэдээллийн сантай байдаг. Цаашид мэдээллийн агуулгын зааг, шалгуурыг тодорхой болгож хүүхдүүдэд сонгон үзүүлэхгүй бол тэдгээрийн оюун санаа, хүмүүжил, нийгмийн амьдралд хортой юм.
- Олон нийтийн сүлжээнд хүүхдүүд өөрийн мэдээллийн буланг үүсгэж, хувийн мэдээллээ оруулдаг бөгөөд энэ нь тэдний аюулгүй байдалд тодорхой байдлаар аюул, занал учруулдаг. Нэгэнт тухайн хүүхдийн зураг, овог нэр, хаяг зэрэг хувийн мэдээлэл нууцлалгүй буюу нээлттэй байх нь төрөл бүрийн гэмт хэрэг, садар самуунд уруу татагдах, гэмт хэргийн хохирогч болох. Мөн зарын вэб сайтуудад төрөл бүрийн танилцах зарыг тодорхой шалгуургүйгээр байрлуулах нь биеэ үнэлэх, садар самуунд уруу татагдах зэрэг эрсдэлийг үүсгэдэг.
Дээр дурдсан сөрөг нөлөөг багасгах буюу цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахын тулд эрх зүйн болон зохион байгуулалтын үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж, хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс цахим орчинд хүүхдийг хамгаалах эрх зүйн ухамсарыг дээшлүүлэх шаардлага тулгарч байна.
Монгол Улсын хувьд “Хүүхдийн эрхийн тухай” хууль бүх төрлийн орчинд хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад үйлчилнэ. Тус хуулиар хүүхдийн эрх, үүргийг тогтоосон төдийгүй хүүхдийг хамгаалах үүргийг дараах этгээдэд хүлээлгэсэн. Үүнд:
- Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн төв болон орон нутгийн байгууллага, Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах олон нийтийн байгууллага.
Хүүхдийг хамгаалах үүрэгтэй этгээд олон байгаа ч тэдний зүгээс цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах талаарх эрх зүйн бие даасан, боловсронгуй зохицуулалт Монгол Улсад дутагдалтай байна.
Цахим орчин гэдэгт интернетийг төлөөлүүлж ойлгож болох боловч интернэт нь цахим орчныг дангаараа төлөөлөхгүй[3]. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэгт интернет хамаарах уу гэсэн асуултад энэ чиглэлийн олон судалгааны бүтээлд интернет нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн орчин цагийн нэг төрөл гэж үзэх хандлагатай[4] байна.
Эндээс харахад Монгол Улсын хувьд цахим хуудас /вэб сайт/ нь олон нийтэд редакторласан мэдээлэл тогтмол түгээдэг бол түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх бөгөөд цахим хуудаст нийтэлж, нэвтрүүлсэн зүйлийнх нь улмаас бусдын эрх, ашиг сонирхолд халдсан буюу гэм хор учруулсан тохиолдолд хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэлтэй байна. Ингэж хариуцлага хүлээлгэх асуудал нь агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй байх заалттай зөрчилдөхгүй.
Хүүхдүүдийн хувьд веб сайтаар чөлөөтэй зорчих бололцоотой байгаа энэ үед зар сурталчилгааны хэлбэртэй хүчирхийлэл, садар самуун агуулгатай байнга тулгарч, түүнийг унших, үзэх зэргээр хэрэглэх орчин нэгэнт бүрэлдсэн байна.
Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 5.1-т зааснаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр /интернэтээр/ садар самууныг сурталчлахыг хориглоно. Мөн 8.1.3-т зааснаар 18 насанд хүрээгүй хүнд эротик кино, дүрс бичлэг, бусад үзвэрийг үзүүлэхийг хориглоно.
Тамхины хяналтын тухай хуулийн 8.1.1-т зааснаар тамхи болон тамхины үйлдвэрийн нэр, тэмдэг, түүнтэй холбоотой зураг ашиглах замаар тамхийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл /интернет/-ээр сурталчлахыг хориглоно.
Эрүүгийн хуулийн 25-р бүлэгт компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг хуульчилсан. Тодруулбал, уг бүлэг нь хүүхдийн компьютерийн мэдээллийн аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалсан байна.
Засгийн газрын 2010 оны 141 дүгээр тогтоолын 2-р хавсралтаар “Мэдээллийн аюулгүй байдал-ыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагдсан. Тус төлөвлөгөөнд “Хүүхдийг интернетийн орчинд хамгаалах арга хэмжээг авах, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч болзошгүй эрсдэл, аюулын талаар мэдээлэх, агуулгад хяналт хийх (2010-2015 он)” гэж тодорхойлсон байдаг. Үүний үр дүнд хүүхэд интернэтийн орчинд аюулгүй суралцах боломж бий болно.
Дээрх заалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны хүрээнд хариуцан ажиллах холбогдох байгууллагуудын шалгуур үзүүлэлт нь интернетийн орчинд хүүхдийг хамгаалах мэдээллийн болон сурталчилгааны арга хэмжээний тоогоор тодорхойлж болох юм. Гэхдээ дээрх төлөвлөгөөнд хүүхдийг интернетийн орчин буюу цахим орчинд хамгаалах арга хэмжээг тусгайлан зааж өгөөгүй бөгөөд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нар хэрхэн болзошгүй эрсдэл, аюулын талаар мэдээлэх, агуулгад хяналт хийх талаар заавар, зөвлөгөөг орхигдуулсан тул хэрэгжилтийг үнэлэхэд бэрхшээлтэй байна. Нөгөө талаар эрх зүйн зохицуулалттай хамт технологийн мэдлэг, чадвар олгох үйл ажиллагаа уялдаагүй явж байгаа байдал харагдаж байна.
Дээрх зохицуулалтын хүрээнд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нар агуулгад хэрхэн хяналт хийх талаарх арга зам, зааврыг интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, мэдээллийн технологийн мэргэжилтнээс авах шаардлагатай.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тусгай нөхцөл шаардлага”-ын 5.2 “Төрийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад интернетийн үйлчилгээг үзүүлэх тохиолдолд насанд хүрэгчдэд зориулсан веб хуудсыг хаана”, 5.3 “Айл өрхийн интернет, интернет кафед 18-аас дээш насны контент руу хандах хандалтыг хязгаарлах боломжийг бүрдүүлэх зорилгоор шүүлтүүртэй интернетийн санал болгоно” гэж тус тус зааж өгсөн. 2014 оны жилийн эцсийн байдлаар тус хорооноос интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад хамтран дээрх шүүлтүүртэй интернетийн үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай техникийн гарын авлагыг бэлтгэж, уг үйлчилгээг Улаанбаатар хотын хэмжээнд бүрэн нэвтрүүлээд байна.
Мөн тус хорооноос баталсан “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” нь цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Энэхүү нөхцөл шаардлагыг ерөнхий боловсролын зарим сургуулиуд дэмжиж сургуулийн интернет хэрэглээний журам, гарын авлагыг боловсруулахад мөрдлөг болгон ашиглаж байна.
Цаашид цахим орчинд хүүхдийг хамгаалах, хүүхдэд ээлтэй, аюулгүй интернет орчныг бүрдүүлэхэд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, иргэдийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байна.
[1] Two-thirds of Users Encountered Content Dangerous to Children on the Internet in 2014
http://www.kaspersky.com/about/news/business/2015/Two-thirds-of-Users-Encountered-Content-Dangerous-to-Children-on-the-Internet-in-2014
[2] МУИС-ийн НШУС-ийн Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхмийн судалгааны баг. “Мэдээллийн хэрэгслийн хүүхдийн хүмүүжилд үзүүлэх нөлөө” төслийн судалгааны тайлан. УБ., 2011. 39 дэх тал
[3] Strate, Lance (1999). "The varieties of cyberspace: Problems in definition and delimitation". Western Journal of Communication 63 (3): 382–3.
Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах зохицуулалт | ||
Үзсэн: 4520 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.