
“Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа
2016 оны 06 дүгээр сарын 01. Лхагва гараг
Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2016 оны 06 дугаар сарын 01-нд Японы Фукушима мужид байрлах “Жобан Пауэр” компанийн нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг /IGCC/ нэвтрүүлсэн “Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус ДЦС-тай танилцах үеэрээ УИХ-ын дарга хэлэхдээ, Япон Улсад цэвэр нүүрсний технологид мөнгө зарж ийм цахилгаан станцыг байгуулсан байна. Бас энэхүү ололтыг дэлхийн даяар түгээхийг эрмэлзэж байгаа нь сайшаалтай. Монгол шиг нүүрсний нөөцөөр дэлхийд 10-т ордог улсын хувьд, энэхүү дэвшилтэт технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх шаардлага байна. IGCC шинэ технологийн дагуу нүүрсийг хийжүүлэн, эрчим, хүч дулаан үйлдвэрлэснээр хаягдлын далан үүсэхгүй, нүүрснээс үүсэх хаягдлыг засмал зам хийхэд дүүргэлтэд ашиглаж буй бол, хаягдал үнсний хувьд цементийн үйлдвэрт ашиглаж байгаа зэрэг олон давуу тал байна. Энэ бүхнийг бодит ажил хэрэг болгохын тулд “Монгол Японы Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулсан. Одоо бүх гарц нээгдсэн учир цаашид бид нүүрсээ илүү өндөр үр ашигтай ашиглах боломжтой гэж харж байна хэмээн УИХ-ын дарга З.Энхболд онцоллоо.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошиматай уулзалт хийв
2016 оны 06 дүгээр сарын 02. Пүрэв гараг
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошиматай уулзалт хийсэн юм.
Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболдтой дахин уулзаж байгаадаа талархаж буйгаа илэрхийлж, манай хоёр улс “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээс хойш, хоёр орны өндөр дээд хэмжээний айлчлалуудын цар хүрээ, давтамж нэмэгдэж байгааг тэмдэглэлээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, 2013 онд байгуулсан Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн биелэлт 90 хувьтай байгаад сэтгэл хангалуун байна гээд манай улсын хувьд дараагийн шатны Дунд хугацааны хөтөлбөрийг байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Мөн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-г энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно гэдэгт найдаж байна хэмээн УИХ-ын дарга хэллээ.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Монгол Улс болон Япон Улсын яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2016 оны 06 дүгээр сарын 02. Пүрэв гараг
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 06 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийх үеэр Японы Ерөнхий сайд Ш.Абэтай уулзалт хийсний зэрэгцээ Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолд оролцов.
Уг санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол, Япон Улсууд харилцан тохиролцож ажиллах хүч илгээх, хөдөлмөр эрхлэлт, ур чадвар дээшлүүлэх мэргэжлийн боловсролын сургалтад манай улсын дадлагажигчид хамрагдах цар хүрээ өргөжин, баталгаажих юм.
Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд болон Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэх ёслолд оролцов. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсад үр ашигтай нүүрсний хэрэглээг дэмжих зорилгоор цэвэр нүүрсний технологийн солилцоог гүнзгийрүүлэх, хамтарсан судалгааг дэмжих, нүүрс хийжүүлэх технологи болон хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх зэргээр хоёр улс хамтран ажиллах боломж бүрдэх юм.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзалт хийв
2016 оны 06 дүгээр сарын 02. Пүрэв гараг
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзалт хийлээ.
Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр энэ зургадугаар сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр болж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд хэлэлцээр хийж буй анхны улс болж буйд баяртай байна гээд энэхүү хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр орны эдийн засгийн өргөн хүрээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Япон Улсад манай улсын олон тооны дадлагажигч ажилтнууд өндөр технологийг суралцан мэргэшиж, эх орондоо ирээд Япон Улсын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, экспортлох зэргээр харилцан ашигтай, хамтран ажиллах боломж бүрдэх урсгалыг нээж байгаа гэв.
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай хийсэн уулзалтад, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс байлцав.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
“Шибасаки” болон "Санкоо сейки" компанийн үйл ажиллагаатай танилцав
2016 оны 06 дүгээр сарын 02. Пүрэв гараг
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсын Сайтама муж дахь “Шибасаки” компанийн үйл ажиллагаатай танилцав. УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид тус үйлдвэртэй танилцах үеэрээ “Шибасаки” компанид ажиллаж байгаа монгол ажилтнуудтай уулзав. Эдгээр дадлагажигч монгол ажилтнууд чанар шалгагчийн хэсэгт ажилладаг. Тэд Японд 3 жилийн хугацаатай ажилахаар ирдэг бөгөөд уулзалтын үеэр ажлын нөхцөл болон бусад асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлэхдээ, цаашид Япон Улсад ажиллаж буй Монгол ажилтнуудын нийгмийн даатгалын санд төлдөг болгох асуудлыг Монгол Улсын Засгийн газраас яаралтай ажил хэрэг болгох талаар ажиллах шаардлагатай гэлээ. Мөн ирэх намраас Японы парламент гадаадаас ирж буй дадлагажигч нарын ажлын нөхцлийг сайжруулан, цалин хөлсний хэмжээг тэгшитгэх асуудлыг шийдвэрлэх тухай хуулийг батлах гэж байгаа талаар ярилцав.
Үүний дараа УИХ-ын дарга нарны зайн дэлгэц үйлдвэрлэдэг “Санкоо Сейки” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компани Сайтама мужийн Хонжё хотын Күрисаки тосгонд монголд үйлдвэрлэсэн нарны зайны 6400 дэлгэц ашигласан 10 мегаватт хүчин чадалтай нарны эрчим хүчний цахилгаан станц байгуулсан нь амжилттай ажиллаж байна. Тус компанийн ерөнхийлөгч Т.Шимизү Монгол, Японы харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Сайтама мужийн жижиг дунд үйлдвэрийн эздийг уриалан 2011 оноос жил бүр 15-20 хүн оролцсон бизнес аяллыг Монголд зохион байгуулж иржээ. УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид нарны зайны 6400 дэлгэц болон үйл ажиллагааных нь талаар тус компанийн монгол ажилтнуудтай уулзаж ярилцав. Энэхүү үйлдвэр нь "TUV Rheinland" Япон Улсын магадлан итгэмжлэгдсэн лабораториас олон улсын чанарын стандарт, Монгол Улсын Стандарт хэмжилзүйн төвөөс ISO-9001-ийг авсан байна.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга З.Энхболд “Прайм Полимер” компанийн үйл ажиллагаатай танилцав
2016 оны 06 дүгээр сарын 03. Баасан гараг
Япон Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2016.06.03/ “Прайм Полимер” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Танилцуулгын эхэнд, “Монгол Улс нүүрс болон төмрийн нөөцөөр дэлхийд дээгүүрт орох орны нэг юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах үеэрээ нүүрс хийжүүлэх технологийн талаар ярилцсан нь бидэнд өндөр сэтгэгдэл төрүүллээ. Өнөөдөр та бүхэнд нүүрс хийжүүлж пропилен гарган авах процессыг үзүүлэх болно” хэмээн Япон Улсын Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны Эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны газрын дэд захирал Х.Андо хэлсэн юм.
Үүний дараа Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж Япон Улсын нефть, химийн үйлдвэртэй туршлага солилцох, түүхий эд, нүүрсний зах зээлийн талаар болон хамтран ажиллах асуудлуудаар санал солилцов.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Прайм Полимер” компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбат, Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төвийн дарга Ш.Батдэлгэр болон албаны бусад хүмүүс байлцав.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Ийнхүү Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын 2016 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө | ||
Үзсэн: 1920 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.