Шууд Chart

“Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг хүлээн авах хүндэтгэлийн үйл ажиллагаа болов

2016-06-06 17:22:02

УИХ-аар  “Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хууль” батлагдаж, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Энэхүү арга хэмжээг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран зохион байгуулсан юм.

 

Энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг боловсруулах, батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, энэ хуулийг батлан гаргахад гурван жил тасралтгүй зүтгэж, байнгын хорооны ажлын хэсгийг ахалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, А.Тлейхан болон бусад гишүүд, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, мэргэжилтнүүдэд эрүүл мэнд, спортын салбарын нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийлэв.

Мөн тэрбээр, эрүүл мэндийн салбарт 2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн хугацаанд санхүүгийн арга аргачлалыг боловсронгуй болгох, бие дааж ажиллуулах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэх сонголтыг нь зөв болгох зэрэг олон асуудлууд шийдэгдэхгүй өдийг хүрсэн. Энэ нөхцлийг эрх зүйн хувьд чиглүүлж, баталгаажуулж, Эрүүл мэндийн тухай хуульд үндэслэж тодорхойлж өгсөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль бол туйлын ач холбогдолтой хууль гэдгийг онцоллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулах, батлахад идэвх, зүтгэлтэй ажилласан хүмүүст Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа эрүүл мэндийн салбарын шагнал, өргөмжлөл гардуулах үйл ажиллагаа болов.

 

Ингэснээр хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг нь үнэлж салбарын түүхэнд тэмдэглэн Эрүүл мэнд, спортын яамны Хүндэт дэвтэрт бичиж, Эрүүл мэнд, спортын яамны хамгийн хүндтэй шагнал болох Гэрчилгээ олгож буйг салбарын сайд танилцуулж, уг Гэрчилгээг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяад гардууллаа.


“Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг хүлээн авах хүндэтгэлийн үйл ажиллагаа болов  
Үзсэн: 869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй