Шууд Chart

Монгол ахуйгаа дээдэлсэн А.Эрдэнэбаяр уяач

2016-06-13 12:54:41

“Гэрт” нь булангийнхаа энэ удаагийн дугаарт Аймгийн алдарт уяач, цагдаагийн хурандаа А.Эрдэнэбаярыг оролцууллаа.   

Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “Евро-2016” тэмцээн, “Сонгууль”, “АСЕМ”, “Рио-2016” олимп гээд ар араасаа хөвөрсөн их ажлын дундуур бид үндэсний их баяр наадмаа орхигдуулвал алдас болно биз ээ. Өнгөрсөн баасан гарагт гахай өдөр тохиож, зарим уяач улсын их баяр наадмаар сойх шандаст хүлгүүдээ барих ёсолгоогоо хийсэн юм. Энэ завшааныг тохиолдуулан манай сурвалжлах хэсэг Төв аймгийн Сэргэлэн сумын Янжингийн булаг хэмээх газар зусч буй А.Эрдэнэбаярынд зочлов.  

Адууны хомоол, саяхан орсон борооны чийг, нялх ногооны униар, хэтэрхий цэнгэг гэмээр салхи хацар илбэх нь дэндүү сайхан.

Тэднийх гурван цээл уяандаа 40 орчим хүлэг уяжээ. А.Эрдэнэбаяр “Эрт үед сүмбэр уулын орой дээр хамгийн түрүүнд гахай хэмээх амьтан гарсан гэдэг. Тиймээс манайхан хүлэг сайн морьдоо уралдсан наадам болгондоо түрүү магнай болж байгаасай гэж бэлгэдээд гахай өдрийг сонгож морио барьдаг. Зарим уяач нохой өдөр барьдаг л юм билээ. Нохой гэдэг амьтан адуунд ээлтэй, хүний дотны нөхөр болохоор тэр шүү дээ” хэмээн хуучилсаар биднийг угтлаа.

 IMG_0069

Сэргэлэн сумаас Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Ц.Хэнмэдэх, Д.Онон, тод манлай уяач А.Батсүх, улсын алдарт уяач, “Хүй мандал” галын Т.Ихбаяр нарын зэрэг уяач төрөн гарч, алтан туурайтынхаа торгон хөлсийг хөрсөнд шингээж, тоосыг нь тэнгэрт мандааж буй билээ. А.Эрдэнэбаярын уяанд даншгийн наадамд айрагдсан хүрэн мориноос эхлээд улсын наадамд ч айрагдаж байсан хүлэг харагдана. Адуучид, уралдаанч хүүхдүүд уул, талд тарсан адууг хурааж ирээд, морьдоо барьсны дараа лам нар хийморийн сан тавьж, маани хөгжөөв. Харин гэрийн эзэн сангийн бойпортой арц барьж, уяа морьдоо нар зөв тойрно.

А.Эрдэнэбаярын хувьд морь уях нь хувь хүн талаасаа сонирхдог зүйлийнх нь нэг гэсэн. Мөн тэрбээр гурван үе дамжсан мянгат малчны хүү аж. Өвөг эцгийг нь Л.Тэгшбаяр гэдэг байж. Тэрбээр “Миний үеийнхэн бага ангид орж, цагаан толгойн ном уншиж эхлэхэд түүн дээр “Монгол Улсын сайн малчин Л.Тэгшбаяр” гэж бичсэн байдаг. Тэр хүн бол миний өвөө.  Маршал Х.Чойбалсан даргаас агар хувингаар хүртэл шагнуулж байсан гэдэг. Манайхан Төв аймгийн Заамар сумынх ч Л.Тэгшбаяр өвөө Булган аймгийн Дашинчилэн сумаар овоглодог байсан. Аав, ээж маань ч малчин удамтай. 1956 онд нэгдэлжих хөдөлгөөн үүсч, айл бүр малаа нийгэмчлэхэд аав, ээж хоёр өвөөгийн нутагт нэлээн хэдэн малаа нийгэмчилчихээд хотод ирж байсан гэдэг. Төв аймгийн Лүн сумын харьяат, улсын алдарт уяач О.Жамъяндорж ээжийн маань дүү. Түүнийг ард түмэн буурал духт хүрэн азаргаар нь анддаггүй юм. Би багадаа сургуулийнхаа амралтаар хөдөө явж хонь хариулж, адуунд давхиж өссөн” гэв. Хэдэн оноос морины сүүл боосон бэ гэхэд “Багаасаа л моринд дурласан ч үндсэндээ 1995 оноос эхэлсэн. Анхны айргаа сумын наадмаас хүртсэн” гэв.

Тэрбээр одоогоор улс, бүсийн наадамд хүлэг морио сойж зургаан түрүү, айраг хүртээд байгаа аж. Адууных нь угшлыг сонирхоход Хэнтий аймгийн Галшар, Сүхбаатарын адуу ихэвчлэн бий гэсэн. Мөн морин тойруулга, Араб, Английн үүлдрийн адуу ч уяан дээр нь харагдаж байв.  

Тэрбээр Монгол ёс заншлаараа амьдрах дуртайгаа бараг л хэлж байгаа өгүүлбэр бүртээ өгүүлж байлаа. Мөн хүүхэд, ач, зээгээ ч ийм байлгахыг хүсдэг гэсэн.   

Уралдаанч хүүхдүүд мориныхоо тэжээлийг бэлдэж байна.

Энэ жаахан охин одоогоор бөмбөгөөр тоглож байгаа ч хэдхэн жилийн дараа ах нартайгаа хурдны морины дэл дээр дарцаг болон дэрвэх завгүй ажилтай болно. 

 

Уралдаанч хүүхдүүд өөрийгөө болон ташуураа сангаар ариулж буй. Тэд наадмын өдрийг тэсэн ядан хүлээж байна. 

Тэдний гэрт нь бид орлоо. Орсон, гарсанд зочломтгой байдгаа ч бидэнд илтгээд “Алив дүү нар дээшээ суу. Цай, хоол ид” гэх. Манан хөөргөө даалингаасаа гаргаж тамхилах зуураа бидэнтэй улам лав танилцах гэсэн бололтой яриа өдөж, ажил алба, албан тушаал, уугуул нутаг ус асууна.

Тэднийхээс бидний хамгийн түрүүнд онцолж харсан зүйл бол хоймортоо нар зөв тойруулж өлгөсөн мориных нь медаль байв. Мөн айрагны хөхүүр, арагтай аргал, галын тулга, хананд өлгөсөн суран бугуйл, хатавчиндаа босгож байрлуулсан мөнгөн эмээл, алдарт хонгор азарганых нь хөрөг зураг нүд баясгана.

Монгол уламжлалаа алдаад байна гэх шүүмжлэл их болсон энэ цагт монгол ахуйгаараа амьдарч буй тэднийд талархмаар санагдсанаа нуух юун.

Монгол айл, Монгол ёс заншил, Монгол ахуй гэдэг ийм л байдаг билээ...  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол ахуйгаа дээдэлсэн А.Эрдэнэбаяр уяач   
Үзсэн: 14272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Буяндалай.Ц [127.0.0.xxx] 2019-05-05 09:18
Сайхан уламжлалаа сайтар өвлөн зөв авч яваа анддаа амжилт хүсч олон наадамд одтой сайхан наадаж олон айраг түрүү авахын ерөөл өргөе.
Ахаас нь [127.0.0.xxx] 2019-05-03 23:08
Дүүдээ хүлэг морьдын хиймор золбоо ивээж олон айраг түрүү хүртэж торгон жолоо өргүүлж алдар цолоо дуудуулж явахын ерөөл өргөе өа.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-03 14:59
ulsdaa airag turuu avaarai and mini.
Зочин [202.9.41.xxx] 2016-09-05 19:32
мэргэн дүүд амжилт хүсье.
зочин [203.91.118.xxx] 2016-07-19 13:07
хурандаа эрдэнэбаяртаа амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй