Шууд Chart

Найман зууныг элээсэн Монгол наадмаа эвийн түшигтэй тэмдэглье

2016-06-27 10:26:34

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадам удахгүй эхлэх гэж байна. Нартын буурал тоосонд найман зууныг элээсэн Монгол наадмаа бид жил хүлээж, их л догдлолтой тэмдэглэдэг. Гэхдээ наадмын сайхныг хүлээхийн зэрэгцээ бөхийн цолны найраа, хурдан морины уралдааны будилаанаас гадна Монгол, эрлийз адууны ялгаанаас үүдсэн маргаан сүүлийн жилүүдэд гарах болсон. Иймд хурдан морины уралдааныг ММСУХ, Үндэсний баяр наадам зохион байгуулах комисс хэл амгүй сайхан зохион байгуулж, ажиллахаа амлаж байна.  

Үндэсний их баяр наадам, “Их хурд” болон Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулагдах бүсийн, аймгуудын наадамд уралдах морьдыг эрлийз, Монголоор нь ялгах зөвлөмжийг ММСУХ-ны 2013 оны тавдугаар сарын 1-ний өдрийн ажлын хэсгийн хуралдаанаар гаргасан.

Монгол морьдыг эрлийз адуунаас ялгахдаа сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгохоос гадна биеийн ерөнхий галбир, сүүлний өтгөн, шингэн, урд хөлний өндөр, биеийн хэсгүүдийн харьцаа зэргийг харгалзан үзэж ялгах болсон. Мөн сэрвээний өндрийн хувьд азарга, соёолон 140, их нас 141 см байх бол хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см-ээс хэтрэхгүй сэрвээний өндөртэй байхаар тогтоожээ.

Гэхдээ цэвэр Монгол цустай адуу байвал яах вэ. Энэ тохиолдолд албаныхан зөвхөн үүлдрээр нь тогтоохыг чухалчлах юм байна. Бид Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмын комиссын дарга Ц.Оюунбаатар, ММСУХ-ын тэргүүлэгч гишүүн Д.Самданжамц нараас тодруулга авлаа.  

 

Ц.Оюунбаатар: Бид энэ сарын 30-нд албан ёсны тайлбар өгнө

-Үндэсний баяр наадмын комисс энэ сарын 30-нд хуралдаж, албан ёсоор хэвлэл, мэдээлэлийнхэнд хариулт өгнө. Үүнээс наана тодорхой юм ярихгүй. Хурдан морины уралдааны тухайд ярихад уяачдыг ямар нэгэн гомдолгүй байлгах үүднээс сайн ажиллана. Монгол, эрлийз адууг хэрхэн ялгаж, уралдуулах тухай ч сайтар ярилцаж байгаа. Бүгдээрээ хэлэлцэж байгаад зөв гарцыг олно гэдэгт итгэж байна.

 Д.Самданжамц: Монгол адууг эрлийзээс ялгахдаа зөвхөн мэргэжлийн байгууллага, хүмүүсийн оролцоотойгоор шийдвэрлэнэ

-Монгол адуу биеийн онцлог, галбиртай ч уяа морины ихэнх нь эрлийз болжээ гэсэн яриа их гарах боллоо. Ер нь ямар шалгуур тавигдах вэ?

-Үндэсний их баяр наадам, Их хурд, Засгийн газрын шийдвэрийн баримтлах зарчим нь, дээрх уралдаануудын шийдвэрийн дагуу зохион байгуулж буй бүсийн болон аймгийн наадамд уралдах Монгол морьдыг эрлийзээс ялгах асуудлыг газар дээр нь судлах ажлын хэсэг байгуулагдаад байгаа. Би уяачдад хандаж хэд хэдэн зүйл хэлье. Монгол морьдыг эрлийзээс хэрхэн ялгах асуудал нь маш их маргаан дагуулдаг. Энэ асуудлыг нэг тийш нь шийдэх цаг нь болсон. Тэгэхээр хоёр зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд гадна биеийн галбир, биеийн өндөр хоёрыг харна. Монгол адууг эрлийз мориноос ялгахдаа сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгохоос гадна дөрвөн үзүүлэлтийг харгалзан үзнэ. Биеийн ерөнхий галбир хийц, сүүлний өтгөн, шингэн, урд хөлний өндөр, биеийн хэсгүүдийн харьцаа, содон тэмдэг гэх мэтийг харгалзан үзэх юм. Энэ жилийн хувьд морьдын биеийн хэмжээг баримтлахыг зөвлөж байгаа. Үүнд, азарга соёолонгийн сэрвээний өндөр нь 140 см, их нас 141 см, өсвөр адууны биологийн өсөлт хөгжилт зэргийг харна. Мөн мэргэжилтнүүдийн газар дээр нь явж судалсан дүгнэлт зэргийг харгалзан хязаалан, шүдлэн, дааганы сэрвээний өндөр, урд жилийнхээс тус бүр хоёр см-ээр нэмэгдсэн байх боломжтой гэж үзсэн. Хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см-ээс тус тус дээшгүй байна.

-Тогтсон хэмжээнээс гадна харагдах байдал нөлөөлөх үү?

-Хэрэв дээрх хэмжээнд хүрэхгүй боловч гадаад галбир, бие цогцсын хувьд илэрхий эрлийз адуу байвал уралдуулахгүй. Монгол адууг эрлийзээс ялгахдаа зөвхөн мэргэжлийн байгууллага, хүмүүсийн оролцоотой ажлын хэсэг томилж, уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм.

-Ингэж ялгаварласнаар уяачдын хооронд нэлээн маргаан дэгддэг. Тэд энэ талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ?

-Хяналт шалгалтад ороод эрлийз гэдэг нь тогтоогдчихсон тохиолдолд миний морь Сүхбаатар угшлын ийм “эцэгтэй”, цэвэр Монгол цустай гэх зэргээр мэтгэж, ажлын хэсгийнхэнд, улсын комиссынхонд түвэг удахгүй байгаасай гэдгийг уяачид болон морины эздээс зориуд хүсэх байна. Бид уяачдаа хүндэтгээд эрлийз морьдыг тусад нь бага нас буюу даага, дунд нас буюу шүдлэн, хязаалан, дээд нас буюу азарга, их нас, соёолон гээд гурван ангилалд уралдуулдаг болоод удаж байна. Тэгэхээр эрлийз адуутай хүмүүсийг яг  тэр тогтоосон ангилалд нь уралдуулаарай гэж захья.

-Уралдахаас нь өмнө морио шалгуулъя гэвэл хаана, хэзээ очих вэ?

-Дээрх байдлыг дахин үүсгэхгүй байх үүднээс уралдааны өмнөх өдөр буюу долоодугаар сарын 10-нд 07:00 цагаас эхлэн морьдыг ММСУХ-ны газарт бүртгэнэ. Уяачид хүлгүүдийнхээ шүдний болоод биеийн байдлын хувьд эргэлзээтэй санагдвал ирж үзүүлж,  шийдүүлж болно. Мөн дахин нэг зүйлийг сануулахад маргаан дэгдээхгүйн тулд уяачид өөрсдөө биечлэн ирж, морио үзүүлэх шаардлагатай.

-Хүүхдийн хамгаалах хувцас хэрэгслийн хувьд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Энэ талаар нэлээд хатуу анхаарч ажиллаж байгаа. Манай уяачид ч нэлээн сайн мэдлэгтэй болсон тул би одоо дахиж ярихад илүүц биз.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Найман зууныг элээсэн Монгол наадмаа эвийн түшигтэй тэмдэглье   
Үзсэн: 4269 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй