Шууд Chart

Алдарт дуучин Алсу 1983 оны энэ өдөр мэндэлжээ

2016-06-27 11:18:32

Оросын алдарт дуучин Алсу 1983 оны зургаадугаар сарын 27-нд Татарстаны Бугульма хотноо мэндэлжээ. Тэрбээр татар үндэстэн бөгөөд мусульман шүтлэгтэй юм.

Түүний төрөлх хот нь өвөлдөө -45, зундаа +40 хэмийн халуун, эрс тэс цаг ууртай нутаг.

"Алсу" гэж татар хэлээр "Улаан ус" гэсэн утгатай. Алсугийн эцэг Ралиф Рафилович Сафин нь ОХУ-ын Холбооны Зөвлөл дэх Алтайн БНУ-ын сенатор, ОХУ-ын нөлөө бүхий бизнесмен билээ. Алсу есөн нас хүртлээ эцэг,  эх, ахтайгаа хамт Тюменийн Когалым хотноо амьдардаг байв. Түүний төрөлх хот нь өвөлдөө -45, зундаа +40 хэмийн халуун, эрс тэс цаг ууртай нутаг. "Тэнд жимс ч байдаггүй. Лааны тосонд дүрсэн алим болон үндэслэсэн төмс зардаг байв. Шинэ жилийн үеэр жүрж, шоколадтай бэлэг авна. Түүнийгээ хэдэн сарын турш бага багаар иддэг байлаа" гэж дуучин бүсгүй төрөлх хотынхоо тухай дурсан ярьсан байдаг.

Таван настайдаа эцэг эхээ шалсаар байж төгөлдөр хуур авхуулан түүн дээр тоглож сурахын тулд хотын нөгөө захад байх хөгжмийн сургуульд явдаг байсан нь түүний хөгжмийн авьяас эрт илэрсэнийх ажээ. 1992 онд Сафины гэр бүл Москва руу шилжиж ирснээр Алсу ерөнхий болон хөгжмийн боловсролын сургуульд суралцах боломж олджээ.

Гэвч Алсу богино хугацаанд орчиндоо дасч англи хэлийг эх хэл шигээ эзэмшсэн байна.

1993 онд Алсу АНУ-ын Нью-Йорк хотод зургаан cap сурч, дараа нь Данийн Копенгаген хотод жил хагас хиртэй болсон байна. 1995 оны хавар Их Британий Лондон хотноо математик, бизнес, уран зураг голчлон үздэг "MPW" коллежид оржээ. Эхэндээ мэдээж хэцүү л байж. Хэл мэдэхгүй, бас гэр орон найз нөхдөө санах нь их. Гэвч Алсу богино хугацаанд орчиндоо дасч англи хэлийг эх хэл шигээ эзэмшсэн байна.

Алсу анхны дуугаа Швейцарийн хүүхдийн зусланд дуулж байжээ

Анхныхаа дууг Алсу 1993 онд Швейцарийн хүүхдийн зуслан дээр дуулсан байна. Тэр үед ирээдүйн алдартны хамгийн сайн найз Ольга нь Алсуг тайз руу бараг түлхэн гаргасан гэдэг. Алсу тэнд Whitney Houston-ы "I Will Always Love you"-г дуулав. Алсу дуулах дуртай ч төлөв даруу, ичимхий зантай. Тэгээд ч тайзнаас ухаангүй айдгаасаа болж дуучин болох мөрөөдөл нь хэзээ нэгэн цагт биелэгдэнэ гэдэгт итгэж чаддаггүй байв. 1998 онд ахынхаа хуриман дээр "I Will Always Love You"-г дуулсныг ээжийнх нь нэг найз сонсоод "Мегаполь" продюсерийн төвийн удирдагч Валерий Белоцерковский дээр дагуулж очжээ. "Алсу "I Will Always Love You" дууг өөрийн өвөрмөц хоолойгоороо дууны бүх нугалааг яг гарган дуулж эхэлмэгц би түүнийг тасалсан. Энэ бол алт юм байна гэж бодсон" хэмээн алдарт продюсер хожим нь хэлсэн байдаг.

Валерий Белоцерковский Алсуг Александр Шевченко болон Вадим Байковтой танилцуулснаар залуу дуучны алдарын гараа энэ хоёр зохиолчийн дуунуудаар эхэлсэн юм.

Алсугийн өвөрмөц хоолой, хүүхдийн гэмээр мэдрэмж, дуулах чадвар нь түүнийг бишрүүлжээ. Гэвч амжилтад хүрэх бартаатай бараг хүнд хэцүү зам түүнийг хүлээж байгаа нь хэнд ч ойлгомжтой байлаа. Валерий Белоцерковский Алсуг Александр Шевченко болон Вадим Байковтой танилцуулснаар залуу дуучны алдарын гараа энэ хоёр зохиолчийн дуунуудаар эхэлсэн юм.



1999 оны нэгдүгаар сарын 1-нд "Өвлийн зүүд" дууны клип гарсан нь түүний нэрийн хуудас болсон билээ. Клипийг телевизийн сувгаар анх нэвтрүүлсний маргааш өглөө нь Алсу алдартан болоод сэрсэн гэдэг. "Өвлийн зүүд" дуу нь супер хит болон өнөөг хүртэл дуучны дуулах дуртай дууны нэг хэвээр байна. Үүнээс хойш удалгүй "Хавар", дараа нь "Заримдаа" хэмээх клипууд нь гарлаа. Эдгээр клипийн найруулагч нь Юрий Грымов байв. Алсугийн дараагийн алхам нь 1999 оны есдүгээр сард "Алсу" нэртэйгээр гарсан анхны альбом боллоо. 1999 оны 12 дугаар сард дуучин анхныхаа аялан тоглолтыг хийв. Тэрбээр тоглолтын үеэр Зеленоград, Минск, Харьков, Днепропетровск. Одесса, Киев зэрэг 6 хотоор орж дуулж явлаа. Алсу бүх дуугаа "амьдаар" дуулахаар анхнаасаа тохирсон байв.

Эдгээр клипийн найруулагч нь Юрий Грымов байв. Алсугийн дараагийн алхам нь 1999 оны есдүгээр сард "Алсу" нэртэйгээр гарсан анхны альбом боллоо.

Алсугийн дуулдаг уянгалаг дууг зөвхөн жижиг зааланд зориулан дуулвал зохилтой гэдэг дүгнэлтийг өгдөг шүүмжлэгчид Киевийн Спортын ордонд цугларсан 11 мянган үзэгчдийг хараад энэ үгнээсээ буцахаас өөр аргагүй болсон юм.

Энрике Иглесиастай хамтарч дуулсан хамгийн анхны орос дуучин болов

Мөн онд Алсугийн амьдралд дахиад нэгэн чухал үйл явдал болов. Энэ нь дэлхийд алдартай "Universal" дуу бичлэгийн компанитай оросын шоу бизнесийн түүхэнд анх удаагаа удаан хугацааны гэрээ байгуулсан хэрэг юм. Тус гэрээний дагуу зөвхөн ОХУ-д зогсохгүй, мөн "Universal''-ын төлөөлөгчийн газрууд байдаг дэлхийн 35 оронд борлуулах зорилготой англи хэлээр дуулсан долоон альбом гаргах ёстой болов. Уран бүтээлээ хийхийн сацуу Алсу Их Британий коллежид суралцан төгсөх хэрэгтэй байлаа. 2000 оны тавдугаар сард Шведийн Стокгольм хотноо "Евровидение" дууны тэмцээнд ОХУ-ыг Алсу төлөөлөн оролцохоор болсон нь түүний хувьд төдийгийн Орос орны хувьд ч нэр төрийн хэрэг байлаа. Учир нь урьд өмнө нь Оросын ямар ч дуучин энэхүү тэмцээнд шагналт байранд орж байсангүй. Энэ үед Алсу дөнгөж 16 настай байсан бөгөөд энэ тэмцээний түүхэнд ийм залуу дуучин оролцож байгаагүй гэдэг.

Харин Алсу өөрийн "Solo" дуугаараа зөвхөн Данийн "The Olsen Brothers''-ийг урдаа гарган, хоёрдугаар байранд оров. Энэ нь ялсантай адил юм. Тэмцээний дараа Алсугийн тухай бүх дэлхий даяар ярьж, Барууны орнуудад түүнийг бишрэн шүтэгчдийн тоо олширчээ. Алсу "Universal" компанитай хамтран ажилласны үр дүнд дэлхийн алдартай дуучин Энрике Иглесиастай хамтарч дуулсан Оросын анхны дуучин болсон билээ. Тэр хоёр "You're my №1" дууг хамтран дуулжээ.

Монголчууд "Заримдаа", Өвлийн зүүд" дуунуудыг Алсутай хамтран дуулж байсныг Оросууд одоо ч гайхан ярьдаг.

Улаанбаатар хотноо ганцаарчилсан тоглолт хийсэн нь их амжилттай болж Монголд ч түүний үзэгч фенүүд олон гэдгийг харуулсан юм. Филипп Киркоров, "Иванушки International", Андрей Губины тоглолт ийм их үзэгчдийг манай нийслэлд цуглуулж байсангүй. Шоунд Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн оролцсон гээд бодохоор түүний тоглолтын үнэ цэнийг илэрхийлнэ. Ерөнхий сайд уг тоглолтыг "Энэ бол Улаанбаатарын төв цэнгэлдэх хүрээлэнд болж байсан шоунуудаас хамгийн сайн нь байв" гэж үнэлжээ. Монголчууд "Заримдаа", Өвлийн зүүд" дуунуудыг Алсутай хамтран дуулж байсныг Оросууд одоо ч гайхан ярьдаг.



2004 оны дөрөвдүгээр сард найз Ариана нь Алсуг Ян Абрамов гэх залуу бизнесментэй танилцуулжээ. Залуу хосын хайр өдрөөс өдөрт өсөн хоёрхон сарын дараа Ян түүнтэй гэрлэхийг хүсчээ. 2006 оны гуравдугаар сарын 18-нд тэр хоёр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж хуримаа хийсэн юм. Тэднийг хамгийн түрүүнд Москва хотын захирагч Юрий Михайлович Лужков баяр хүргэсэн байв. Хуримын хүндэт зочноор дэлхийд алдартай жаз хөгжимчид George Benson ба AI Jerreau хүрэлцэн ирж байжээ.  Зургаадугаар сард залуус Лос-Анжелес рүү нүүн очиж, есдүгээр сарын 7-нд охин төрүүлж Сафина гэж нэр өгчээ.

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Алдарт дуучин Алсу 1983 оны энэ өдөр мэндэлжээ  
Үзсэн: 4684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй