Шууд Chart

Хан-Уул дүүргийн сонгуулийн IV хэсгийн хороонд ирц 31 хувьтай байна

2016-06-29 15:59:14

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль өнөө өглөө эхэлсэн. 12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт сонгогчдын 23.3 хувь нь саналаа өгсөн талаарх мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн юм. Тэгвэл Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хэсгийн хороон дээр сонгуулийн ирц ямар байгаа талаар сурвалжиллаа.

О.Мөнх-Эрдэнэ: 18-25 насны сонгогчдын ирц муу байна

Хан-Уул дүүргийн 55 дугаар тойргийн болоод НИТХ-ын 32 дугаар тойргийн 4 дүгээр хэсгийн хорооны нарийн бичиг дарга О.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Одоогоор сонгуулийн ирц хэдэн хувьтай байна вэ?

-Өглөөгүүр сонгогчдын ирц бага байсан бол 11 цагаас хойш иргэдийн ирц нэмэгдэж, одоогоор 31 хувийн ирцтэй явж байна. Манай хэсгийн хороон дээр 2232 сонгогч санал өгөх ёстой. Сонгууль өгч байгаа иргэдийг харахад 07.00 цагаас хойш ихэвчлэн ахмадууд сонгуулиа өгч байна. Ер нь жилийн жилд ахмадууд маань л сонгуулиа түрүүлж өгч эхэлдэг. Үдээс хойш залуус маань ирэх байх.

-Өглөөнөөс хойш будлиантай зүйл гарав уу?

-Иргэдийн хувьд яг ямар шат дараалалтайгаар явж саналаа өгөх вэ гэдэг дээр нэлээд эргэлзэж байна. Тухайлбал, иргэн өөрийн сонгууль өгөх хэсгийн хороон дээрээ ирээд дарааллаараа ороод эхлээд иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтанд иргэний үнэмлэхээ шалгуулаад хурууныхаа хээг таниулна. Ингэснээр таны нэр нэрсийн дараалалд байгаа эсэх нь тогтоогдож, хуудас гарч ирнэ. Тэрхүү хуудсаа дараагийн суудалд сууж байгаа зохион байгуулагчид өгөөд нэрсийн дараалалтайгаа тулгаад саналын хуудсаа авах юм. Дараа нь бүхээгт очиж саналын хуудсаа бөглөөд бөглөсөн хуудсаа санал унших машинд хийнэ. Хамгийн сүүлд үүдэнд сууж байгаа ажилтанд бүртгэлийн хуудсаа өгч, нэрээ бичүүлж, тулгалт хийгээд хэсгийн байрнаас гарах ёстой.

Иргэддээ хандаж хэлэхэд, сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Ялангуяа 18-25 насныхан маань идэвхтэй оролцох хэрэгтэй байна шүү гэдгийг хэлье.  

-Саналын хуудсыг бөглөх тал дээр иргэд нэлээд алдаа гаргаж байна гэсэн?

-Саналын хуудасны дээд талд УИХ-ын, доод талд нь НИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонголт байгаа. Үүнээс зөвхөн 1, 1 хүнийг сонгох ёстой. Иргэдийн хувьд дээд талын сонголт дээр 2 хүнийг сонгох зэргээр алдаа гаргаж байгаа. Мэдээж тэгж бөглөсөн саналын хуудас хүчингүйд тооцогдоно. Үүнээс өөр зөрчил гарсангүй. Иргэддээ хандаж хэлэхэд сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Ялангуяа 18-25 насныхан маань идэвхтэй оролцох хэрэгтэй байна шүү гэдгийг хэлье.  

Н.Сонгууль: Хэсгийн хорооны зохион байгуулалт маш сайн байгаа харагдлаа

Хан-Уул дүүргийн II хорооны иргэн Н.Сонгууль: -Анх сонгууль өгөхөөсөө л эхлээд би нэг намыг сонгож ирсэн. Өнөөдөр ч мөн адил сонголтоосоо буцсангүй. Манай хэсгийн хорооны хувьд зохион байгуулалт маш сайн байна. Нэг хаалгаар оруулаад нөгөө хаалгаар гаргаад л дэгтэй, журамтай явагдаж байна гэж дүгнэлээ. Одоогоор залуусын ирц муу байна гэсэн. Тиймээс залуусыгаа сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж хэлье. Төр, нийгмээсээ их зүйлийг гуйдаг мөртлөө иргэн хүнийхээ үүргийг биелүүлэхгүй байж болохгүй. Залуусын маань санал хамгийн чухал.

М.Содномжамц: Гэр бүлийнхээ таван гишүүнийг дагуулж ирээд сонгуулиа өглөө

Хан-Уул дүүргийн II хорооны иргэн М.Содномжамц: -Сонгогчид маань их олноороо ирж сонгуулиа өгч байгаа харагдлаа. Миний хувьд энэ жилийн сонгууль амгалан тайван, шударга болж өнгөрөөсэй гэж бодож байна. Иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож, Монгол орныхоо цаашдын ирээдүйг харж сонголтоо хийгээсэй гэж хүсье. Ер нь манай Монголын ард түмэн сонгож, сонгогдож сурсан байх гэж би боддог. Хуучин морин цагт хүн нэг их үзэгддэггүй байлаа. Гэтэл одоо санал өгөх байр дүүрэн хүнтэй байна шүү дээ. Би өнөөдөр гэр бүлийнхээ таван гишүүнийг дагуулаад санал өгөхөөр ирлээ. Хүүхдүүд маань “За яах вэ оройхон очиж саналаа өгье” гэхээр нь “Үгүй ээ. Яг одоо очиж өг” гэсээр байгаад дагуулаад ирсэн. Иргэд маань ч энэ мэтээр идэвхтэй оролцоорой гэж хэлье.

У.Цэндмаа: Залуусаа сонгуульдаа идэвхтэй оролцоорой

Хан-Уул дүүргийн II хорооны иргэн У.Цэндмаа: -Анх удаа сонгууль өгч байна. Одоо 21 настай. Зохион байгуулалтын хувьд маш цэгцтэй явагддаг юм байна. Эхлээд яаж сонгууль өгч, хаана сууж бөглөхөө мэдэхгүй орсон ч сонгуулийн хорооны ажилтнууд бүгдийг нь заагаад өгчихлөө. Айхтар айгаад, зугтаад байх зүйл алга. Унших машин зэргийг нь хараад гайхаж харж байгаад л гарч ирлээ. Ер нь сонгууль гэдэг биднийг дөрвөн жилд УИХ-д, НИТХ-д төлөөлөх хүнийг сонгох гэж байгаа учраас идэвхтэй оролцох ёстой. Тийм ч учраас би зорьж ирж сонгуулиа өгсөн. Үеийн залуустаа хандаж хэлэхэд “Сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Бид энэ сонголтод хариуцлагатай хандах ёстой шүү” гэе дээ.

Ө.Өсөхбаяр: Залуус зорьж ирж сонгуулиа өгдөг болжээ

Хан-Уул дүүргийн II хорооны иргэн Ө.Өсөхбаяр: -Би гурав дахь жилдээ сонгууль өгч байна. Залуус өмнөх жилүүдийг бодвол сонголтоо хийхээр зорьж ирдэг болсон байгаа харагдлаа. Уг нь аав ээж, ах эгчээрээ хэлүүлэн байж л очдог байсан шүү дээ. Харин энэ жил бол сонгуулийн хэсгийн хороон дээр залуус олон харагдсан.   

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хан-Уул дүүргийн сонгуулийн IV хэсгийн хороонд ирц 31 хувьтай байна  
Үзсэн: 2718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй