Шууд Chart

Б.Ёндон: Үндэсний их баяр наадамдаа түрүүлснээрээ бахархдаг

2016-07-05 12:36:14

Монголчууд бидний үндэсний их баяр наадам тун удахгүй болох гэж буй тул “Гэрт нь” буландаа үндэсний спортын тамирчныг урих нь зүйн хэрэг.

Бид Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, улсын мэргэн Баасанхүүгийн Ёндонгийнд зочилж, түүний спортын амжилт, амьдрал хийгээд үндэсний сур харвааны талаар ярилцлаа.

Түүнтэй утсаар холбогдож, “Үндэсний баяр болох гэж байгаа тул таныг энэ удаагийнхаа дугаарт урих гэсэн юм” гэхэд эхлээд “Та миний утасны дугаарыг хэнээс асуув. Ямар сайтын сэтгүүлч гэнэ ээ” хэмээн лавлав. Намайг хэн болох, ямар ажлаар ирэх гэж байгааг мэдсэнийхээ дараа “Бололгүй яах вэ, та манайхыг мэдэх бил үү” хэмээн уриалгахан хүлээж авсан.

Ингээд гэрийнх нь хаягийг бататган лавлаж, тэмдэглээд очив. Тэднийх “Алтай хотхон”-д амьдардаг юм билээ. Үүдийг нь тогшиход Б.Ёндон хаалгаа нээж, намайг танихгүй ч гэлээ үүрч явсан зургийн аппарат бусад хэрэгслийг хараад ойлгов уу гэлтэй мэнд ус мэдэж, “За ийшээ сууцгаа” гээд зочныхоо өрөөнд урив. Өргөмжлөл, цом, нум сум өөрийн эрхгүй хараа булаана.  

Тэрбээр унтлагынхаа өрөөнд байсан эхнэртээ хүн ирснийг мэдэгдэхээр орж, бяцхан хүүгээ тэврэн гарч ирэв. Залуу хүн гэхэд яриа хөөрөө элбэг, даруу харагдах тэрбээр бидний дэргэд суунгаа “Хэдүүлээ танилцана аа” гээд гараа өгөв. Тэгснээ тэвэрч буй хүү рүүгээ харж “Манай хүү байгаа юм. Ой гарантай” хэмээн духан дээр нь үнэрлэлээ.

Эхнэр нь гал тогооны өрөөнөөс аягатай цай, тавгийн чихэр, хөнгөн зууш авч ирж өмнө тавилаа. Хэдийгээр би зочин болж очсон ч ажилдаа яаравчлан орохыг илүүд үзэн гэрийн эзнээс “Зуны дэлгэр цаг эхэлсэн энэ үед сурчид та нар хаана ч бэлтгэлээ хийж болно. Харин өвлийн улиралд ямар байдалтайгаар бэлтгэлээ үргэлжлүүлдэг вэ” гээд яриа өдөхөд “Сүүлийн үед Монголын үндэсний сурын холбоо жил тутамд олон тэмцээн зохион байгуулдаг болсон. Өмнө нь дулааны улирал эхлэхээр л хоорондоо өрсөлддөг байлаа. Харин цаг одоо өөр болж, бид дунд сургуулийн спорт зааланд техникийн бэлтгэл хийхээс гадна олон тэмцээнд оролцдог. Өөрөөр хэлбэл, бэлтгэлжилт гайгүй. Би ч тэдгээр тэмцээнийг алгасахгүй оролцохыг хичээдэг. Гэхдээ гол тэмцээн буюу нээлтийн харваа тавдугаар сарын эхний долоо хоногийн амралтын хоёр өдөр болдог. Түүнд байр эзэлсэн тамирчдад спортын цол, зэрэг олгодог. Үргэлжлүүлээд УАШТ буюу цуваа харваа болдог. Тэгээд л улсын баяр наадам залгаж байна даа. Харин наадмын дараа багийн УАШТ болно. Үүнд баг бүр 11 гишүүнтэйгээр оролцдог. Энэхүү тэмцээнийг жил бүр аль нэг аймаг гардан зохион байгуулдаг. Энэ жил Ховд нутгийнхан хийхээр амласан. Аймаг бүр ингэж зохион байгуулдаг болсны гол шалтгаан нь үндэсний сурын харвааг улс даяар улам сайн хөгжүүлэх гэснийх. Жил ирэх тусам олон харваач нэмэгдэж байгаа ч хамгийн гол нь  менежмент дутагдаж байна. Би энэ спортод 2003 онд хөл тавьж, дараа жилээс нь 2012 он хүртэл тэмцээнд тасралтгүй оролцсон. Ер нь аливаа спортын амжилт тухайн хүнийхээ хөдөлмөр, хиргүй сайхан зан чанараас шалтгаалдаг юм шиг ээ. Дотроо явцгүй юм бодоод, бэлтгэлээ цалгардуулаад байгаа хүнд од гийдэггүй бололтой” гээд яриагаа өндөрлүүлэв.

Тэгэхээр нь “Ер нь та ямар мэргэжилтэй вэ. Ажлын хажуугаар бэлтгэл хийх, тэмцээнд оролцох зав гарч байна уу” гэхэд “Дуртай юм болохоороо зав, зайгаа зохицуулна аа. Уул уурхайн инженер мэргэжилтэй. Уул уурхайн салбар дахь үндэсний томоохон компаниудын нэг “Гложекс” ХХК-ийн захирал Г.Батзориг ах намайг байнга дэмждэг. Энэ дашрамд танай сайтаар дамжуулан түүнд талархлаа илэрхийлье. Би “Glogex Mining Consulting” компанид ажилладаг. Намайг 12 настай байхад манайх Эрдэнэтэд шилжиж ирсэн юм. Аав минь мөн л сур харвадаг. Улсын баяр наадамд хоёрдугаар байрт орж байлаа. Би аавынхаа нөлөөгөөр л багаасаа энэ спортод дуртай болсон. Аавыг минь анх харваж эхлэхэд манай сум ганц ч харваачгүй байж. Аав сур харвааны ном харж, уншиж байгаад харваж сурсан гэсэн. Өвөөтэй хамтарч нум, сум ч хийсэн юм билээ. Харин намайг харваач болсноос хойш аав өөрийгөө нэг их дайчлахгүй байгаа. Би дотроо бол улсын наадамд үзүүрлэж болсон аавыгаа түрүүлээсэй гэж боддог. Манай аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын гавьяат тамирчин, даяар дуурсагдах мэргэн Ш.Даваахүү Эрдэнэтийн “Хангарьд” спорт хороонд дасгалжуулагчаар ажилладаг байхад би шавь орж байлаа. Аав багшийг өмнө нь таньдаг,  хүндэлдэг байсан болохоороо “Хүүгээ шавь оруулах гэсэн юм” гэхэд нь “Бололгүй яах вэ. Би Эрдэнэтэд байгаа. Танайх наашаа шилжээд ир” гэсэн юм билээ. Ингээд л би аавдаа хөтлүүлж, энэ том хүний шавь болсон. Багш маань аавыгаа “Шагжсүрэн харваад түрүүлдэг, барилдаад түрүүлдэг, хар морь нь уралдаад түрүүлдэг байлаа” гэж бахархангуй ярьдаг юм. Хүн бүр эцэг, эхээрээ бахархах сайхан шүү. Миний хүүхэд нас Монголын эдийн засгийг бараг дангаараа авч яваа том үйлдвэр, уурхайтай Эрдэнэт хотод өнгөрсөн болохоор би дээрх мэргэжлийг сонгосон юм. Үндэсний сураас гадна уул, уурхай хөгжиж байгаа өнөө цагт энэ чиглэлээр эх орондоо бага ч гэсэн хувь нэмрээ оруулъя л гэж боддог юм” гэв.

Манай улсад халх, буриад, урианхай сурын харваа гэж бий. Эдгээр сурын харваа аль аймагт илүү түлхүү хөгжсөн байдгийг асуухад “Баян-Өлгий, Дорнод аймгийнхан буриад сурын харвааг илүү хөгжүүлсэн. Хэнтий аймгийнхан ч мэр сэр харвана. Бусад нь холимог харвадаг” гэлээ.

Энэ үед бидний яриа байт харваа руу өөрийн эрхгүй орчихсон юм. Тэрбээр “Манай залуучууд 2008 оноос хойш үндэсний сурын харваагаа орхиж, байт руу урвасан. Зарим нь ч бэлтгэлээ давхар хийдэг. Үүнд би таатай ханддаггүй. Олимпид оролцдог байт харвааны төрөл гэж бий. Энэ төрлөөр зарим хүн дэлхийн хэмжээнд өрсөлдье гэсэн бодолтойгоор оролцдогийг үгүйсгэхгүй. Гэхдээ л хуучин хэв маягаа хадгалсаар байгаа үндэсний сурын харваа юугаар ч солигдошгүй нандин шүү дээ. Надад байт харвааны олимпид оролцдог төрлөөр хичээллэх боломж байсан. Гэхдээ би зөвшөөрөөгүй. Хааяа би байтын компаунд төрлөөр хичээллэдэг. Техник хэрэгсэл нь өөр боловч харвах байдал нь үндэсний суртай адил. Би энэ төрлөөр харваснаар улсдаа анхдагч болсон” гэв.

Тэгэхээр нь “Манай улс олимпийн аваргуудтай боллоо. Байтаар хичээллэвэл тэдний эгнээнд орох ч юм билүү гэсэн бодол төрдөггүй гэж үү” гэхэд “Үгүй. Би Монгол Улсдаа, Монгол эр хүн болж, үндэснийхээ баяр наадамд үндэсний сураа харваж, түрүүлсэндээ бахархдаг. Энэ сайхан нутагт төрсөн юм чинь ингэж баярлахаас ч яах билээ. Тиймээс би энэ спортыг цаашид чадах чинээгээрээ хөгжүүлнэ” гэлээ.

Тэрбээр “Есүхэй мэргэн” клубыг удирддаг. Энэ тухай ярихдаа “2004 онд Эрдэнэтэд Ш.Даваахүү багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилт хийдэг байлаа. Тухайн үед “Хангарьд” клубын орлогч захирлаар ажиллаж байсан Р.Сумьяасүх ах надтай хамт харваж эхэлсэн. Би ч 14-тэй жаахан хүүхэд байж. Р.Сумьяасүх ах дэд мастерын болзол хангасан ч төд удалгүй харвахаа больсон. Тэрбээр “Есүхэй мэргэн” холбоог анх санаачилж, тэргүүнээр нь ажиллаж байсан юм. 2011 онд намайг улсын мэргэн цол хүртэхэд тус холбооны тэргүүнээр ажиллах санал тавьсан. Анхандаа ч “Би чадахгүй байх аа, залуу байна шүү дээ” гэсэн л дээ. Гэхдээ надад итгээд тийм сайхан санал тавьж байхад нь зүтгээд үзэх нь зүйтэй гэж бодоод 2012 оноос ажилласан. Харваагаа хөгжүүлж, олон нийтэд хүргэхийн төлөө ажиллаж байна. Өөрөө тэмцээнд оролцохын зэрэгцээ холбоогоо удирдах ажил чанга байсан шүү. 2012 оноос маш нарийн төлөвлөгөө гаргаж зөвхөн эрэгтэйчүүдийнхээ дунд УАШТ-ийг зохион байгуулж байгаа. Эмэгтэйчүүдийг оролцуулахгүй байгаад маш их дургүйцсэн. Зарим нь янз бүрээр л ярьж байлаа”  гээд инээснээ “Дөнгөж харваж сурч байгаа залуучуудад би “Их шавь” дээд сургуулийн зааланд сургалт явуулж байгаа. Нэлээн хэдэн хүн төгссөн шүү” гэв.

Энэ үед дахиад л байт харвааны талаар асуумаар санагдаж, “Олимпийн наадамд оролцдог төрлөөр нь харваж үзсэн үү гэхэд” “Үгүй. Надад бүр хичээллэх санал ирж байлаа. 2011 онд компаундын төрлөөр УАШТ-д оролцож мөнгөн медаль хүртсэн. Тухайн үед бэлтгэл маш муу байлаа. Дараа нь дөрвөн хоногийн бэлтгэлтэйгээр Ираны нийслэл Тегеран хотод болсон Азийн АШТ-д оролцсон. Тэр үед Монголын байт харвааны холбооны удирдлагууд “Чи залуу хүн. Олимпийн төрлөөр хичээллэвэл зүгээр юм биш үү. Чамд ирээдүй байна” гэхэд нь танд дээр хэлсэн үгийг хэлж татгалзсан. Тэр харвааны төрлөөр хичээллэвэл надад амжилт гаргах боломж бий. Тэглээ ч би Монгол наадмынхаа дэвжээн дээр л харвах хүсэлтэй байдаг. Хамгийн гол нь би тэр харвааны төрлөөр хичээллэх, цаашлаад олон улсын тэмцээнд оролцохын тулд өөрийгөө бүхнээс тусгаарлах болно. Гэтэл би тэгж чадах уу. Надад гэр бүл, найз нөхөд, өөрийн гэсэн мэргэжил бий. Энэ бүхнээ түр ч гэсэн орхиод хүсч байгаагүй спортоороо хичээллэнэ гэж бодохоор огт төсөөлөгдөөгүй. Тэгээд л би үндэснийхээ сурын спортод үнэнчээр үлдсэн. Би өнөөдөр үндэсний сураар хичээллээд алдсангүй. Харин төрсөн дүү Адьяасүрэн маань компаундаар хичээллэдэг. Миний гаргах байсан амжилтыг үзүүлэх биз ээ” гэв.

Б.Ёндон чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан юм билээ. Ш.Даваахүү багш нь түүнийг нэлээн дээхэн “Багш нь чамайг нэг хүнтэй уулзуулъя. Барилдах дуртай чамд сайн хэрэг болно” гээд дагуулаад явжээ. Ийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний дасгалжуулагч, аймгийн арслан Г.Батпүрэвтэй уулзуулсан гэдэг. Тэрбээр тухайн үед оюутан байсан болохоор хичээлдээ явж ирээд чөлөөт бөхийн бэлтгэлдээ ордог байж. Аз болоход бэлтгэл хийдэг газар нь түүний амьдарч байсан байртай ойрхон байв. Сургуулиа төгссөнийхөө дараа улсын баяр наадамд түрүүлж, чөлөөт бөхийн бэлтгэлээ хийж байхдаа тохойгоо гэмтээжээ. Аргагүйн эрхэнд гэр бүлийнхнийхээ үгэнд орж бөхийн бэлтгэлээ орхисон байна. Ялангуяа сур харвадаг хүний гар бэртэлгүй байх ёстой. Гэхдээ Монгол бөхийн өргөөнд болдог барилдааныг алгасахгүй үзэхийг хичээдэг гэсэн. “Манай нутгийн залуу, улсын гарьд Б.Гончигдамба сайхан барилддаг шүү. Улсын аварга Г.Эрхэмбаяр ч мөн адил. Ёстой л гүндүүгүй Монгол эр гэж тэднийг хэлэх байх. Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, спортынхоо төлөө бүхий л чадвараа дайчилж, тамирчин хүнд байх хор шар гаргадаг нь таалагддаг. Намайг дөрвөн том ой давхацсан жил 40 сумаас 38 онож түрүүлэхэд улсын аварга С.Мөнхбат10 давж түрүүлж байлаа. Бид дотны найзууд л даа. Түүнтэй заримдаа уулзалдахаараа барилдааных нь тухай ярихад “Найзынх нь бэлтгэл гайгүй байгаа ч барилдаан нэг л болж өгөхгүй юм. Түүхэн ой давхацсан жил түрүүлэхээр барилдаан саардаг юм гэсэн. Яваандаа гайгүй болох байх аа” гээд инээж байсан. Улсын арслан Н.Батсуурийн барилдаан, зан байдал нь ч гэсэн зүгээр шүү” гээд бөхийн спортод дуртайгаа бататгаад авах шиг болсон. Б.Ёндон улсын наадамд 2004оноос хойш оролцохдоо 2014 онд 22 настайдаа манлай харваач цол хүртсэн. Энэ тухай асуухад “Миний мэдэхийн хошой мэргэн Ц.Баасанхүү, 21, Ж.Тулга 19 настайдаа манлай харваач цол хүртэж байсан юм билээ” гээд даруухан хариулсан. Тэрбээр сургалтын нийлсэн дөрвөн нумтай юм билээ. Өмнөговь аймгийн харьяат, улсын гоц мэргэн Ж.Баттөмөрөөр хийлгэсэн нумаа 2008 оноос хойш барьж байгаагаа дуулгасан.

 Түүний эхнэрийг Б.Эрдэнэсувд гэдэг бөгөөд хувцас загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Б.Ёндон хүүдээ Хангай гэдэг нэр хайрлажээ. Ямар учиртай өгснийг нь сонирхоход “Олон сайхан зүйл бодож өгсөн дөө. Хангай шиг сайхан том эр болоосой гэж хүсэхийн зэрэгцээ би ээжийнхээ төрсөн Отгонтэнгэр хайрханы өвөрт өссөн болохоор тэр хангай шиг өмөг түшигтэй байгаасай хэмээн бэлгэдсэн. Тэгээд ч манай нутагт Хангай гэдэг алдартай харваач байлаа. Түүн шиг харваач ч болох юм бил үү гэж бодоод өгсөн” гэв. Тэрбээр анхны тэмцээнээ өсвөрийн УАШТ-ээр эхлүүлж, хүрэл медаль хүртсэн аж. “Тамирчид медалиа хүрлээр эхлүүлбэл сайн гэдэг. Та бас тэгж бодсон уу” гэхэд “Тэгж ярьдаг юм билээ, үнэн байх аа. Гэхдээ би мухар сүсэгт итгэдэггүй” хэмээв. 

Ийн ярилцсаар бидний яриа өндөрлөсөн юм. Түүнд бид тун удахгүй болох улсын баяр наадамд амжилттай оролцохын ерөөл өргөж, ажлын зүг хүлгийн жолоо залав аа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Ёндон: Үндэсний их баяр наадамдаа түрүүлснээрээ бахархдаг  
Үзсэн: 6383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.254.126.xxx] 2016-07-26 08:58
Shaviaraa baharhaj baina.

Бидэнтэй нэгдээрэй