
УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.08/ нэгдсэн хуралдаанаар Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Сонгуулийн ерөнхий хороо өчигдрийн хуралдаанаараа Сонгуулийн тухай болон Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн зохих заалтуудыг үндэслэн Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан юм. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны долоодугаар сарын 15-ны өдөр товлон зарлаж, сонгуулийн санал авах өдрийг 2016 оны аравдугаар сарын 19-ний өдөр байхаар уг тогтоолын төсөлд тусгасан байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Энхболд тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа хэлсэн юм.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, асуулт асууж, байр сууриа илэрхийсний дараа тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн товыг тогтоолоо | ||
Үзсэн: 1254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.