Шууд Chart

Дэлхийг гайхуулсан "Дээлтэй Монгол"

2016-07-10 21:54:27

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам  уухайн түрлэг, унаач хүүхдүүдийн гийнгоон дуугаар эхэлсэн. Энэ өдөр Хүй мандлын номин ногоон талд шүдлэн, хязаалан насны хурдан хүлгүүд шандсаа сорьж, эрчит сурын талбайд уухайн дуу хадсан бол Их эзэн Чингис хааны талбайд үндэсний хувцасны "Дээлтэй Монгол" наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа. "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг энэхүү наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ. Манай орныг зорих жуулчдын тоо жил бүрийн энэ л сард, энэ л өдрүүдэд нэмэгддэг гэх таатай тоон үзүүлэлтийг албаныхан ч онцлон дурдаж байсан юм.

Энэ жилийн "Дээлтэй Монгол" наадам уламжлал ёсоороо есөн дүүргийн төлөөллүүдийн монгол дээлтэй парадаар эхэлж, дүүргүүдийн мэндчилгээ болоод хамтлаг, дуучдын гайхамшигт уртын дуу, урлагийн үзүүлбэрүүдээр цааш үргэлжилсэн. Үүнээс гадна "Хамгийн сайхан дээлтэй хос", "Монгол дээлээр гангарсан хамгийн дэгжин гадаадын хос" гээд наадмын хүрээнд зохион байгуулагдах тэмцээн, уралдаанд залуус төдийгүй ахмад буурлууд ч өргөнөөр оролцож байлаа.

Өнгөрөгч онд зохион байгуулагдсан "Дээлтэй Монгол" наадамд оролцож байсан хүмүүсээс гадна энэ жил шинээр оролцохоор ирсэн маш олон оролцогчтой бид уулзаж ярилцсан юм. Үүнээс гадна "Дээлтэй Монгол"-чуудыг харахаар ирсэн гадаадын зочид, жуулчид энэ жил нэмэгдсэн байна. Тодруулбал, Якутаас, ӨМӨЗО-ноос зөвхөн "Дээлтэй Монгол" наадмыг зорин ирсэн хүмүүс ч байлаа. Тэд анх удаа Монгол Улсад ирж, ах дүү, найрамдалт харилцаатай Монголчуудынхаа үндэсний хувцасны гайхамшиг, өв соёл, уламжлалт баяр наадмыг үзэж, сонирхож буйдаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.

Ингээд “Дээлтэй Монгол” наадмын оролцогчидтой эрхэм уншигч таныг уулзуулъя.

Өөрийн урласан Монгол хатны хувцсаар гангарлаа

Хан-Уул дүүргийн иргэн, “Дээлтэй Монгол” наадмын оролцогч Ш.Оюунцэцэг:

-Би Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат хүн. Гэхдээ энэ жилийн хувьд өөрийн амьдран суугаа Хан-Уул дүүргээ төлөөлөн “Дээлтэй Монгол” наадамд оролцож байна. Аав, ээж минь төрөлхийн уран, дархан хүмүүс байсан. Тийм ч болоод тэрхүү гайхамшигт шинж чанарыг нь өвлөж би ч үйл урлах дуртай болж, Улсын уралдаанаас тэргүүн байр хүртэж, ард түмний гавьяат цол хүртэж байлаа. Өнөөдөр өөрсдийн урласан дээлээ өмсөөд найзуудтайгаа энэхүү наадамдаа оролцохоор ирсэн. Би долоо дахь жилдээ энэ наадамд оролцож байна. Энэ жилийн хувьд нар, хур тэгширсэн, байгаль дэлхий ногоон дээлээ өмссөн маш сайхан өдрүүд үргэлжилж байгаа болохоор хүмүүсийн сэтгэл санаа, байгаа байдал тайван амгалан байх шиг санагдлаа. Өнгөрөгч жилүүдийг бодвол энэ жил “Дээлтэй Монгол” наадамд ирсэн хөгшчүүл, залуусын тоо тэнцүү харагдаж байна. Ер нь Монгол дээл маань жилийн дөрвөн улиралд өмсөхөд хамгийн тохиромжтой хувцас шүү дээ. Хөгшчүүл маань үндэсний, энгийн сайхан дээлээрээ гангарсан бол залуус маань ихэвчлэн орчин үеийн хийц, загвартай дээлээр ижилссэн байгаа харагдана. Миний өмссөн дээлийн тухайд бол Монгол хатны хувцас. Монгол хатдын хувцас чинь өмсгөл, зүүлтээрээ өөр өөр байж ирсэн. Би гадна талынхаа өмсгөлийг тайлчихвал дотор нь эхнэр дээл бий. Тэгээд л малгайгаа тайлаад эхнэр гэзгээ тавиад л хувирчихна шүү дээ. Ер нь “Дээлтэй Монгол” наадамд оролцох, дээлээ өмсөнө гэдэг чинь бидний нэг бахархал юм даа.

Дээл өмсөхөөр Чингис хаан болчихсон юм шиг санагддаг

АНУ-ын иргэн Дэвид Уорбертон:

-Миний хувьд Монгол оронд 15 дахь жилдээ ирж байна. Энэ наадамд бол анх удаагаа оролцож байгаа юм. Би дээлийг хаа сайгүй өмсдөг. Америкт Монгол найзуудыгаа гэртээ уриад тэднийг монгол дээлтэй угтах дуртай. Энэ жилийн өмссөн дээлээ би таван жилийн өмнө "Нарантуул" олон улсын худалдааны төвөөс худалдаж авч байлаа. Ер нь дээл өмсөхөөр яг л Чингис хаан болчихсон юм шиг сэтгэгдэл төрдөг юм.

Дээлтэй Монголчуудынхаа дэргэд үнэхээр их омогшиж байна

Хан-Уул дүүргийн иргэн Б.Аззаяа:  

-"Дээлтэй Монгол” наадамд анх удаа оролцож байна. Энэ жилийн хувьд хоёр охиноо монгол дээлээр нь гоёод ирсэн. Өмнө нь зурагтаар хараад “Яасан гоё юм бэ" гэж бодоод сууж байдаг байсан бол энэ удаад монгол дээлтнүүдийнхээ дунд алхаад, “Дээлтэй Монгол” наадамдаа оролцож байгаадаа маш их баяртай байна. Хоёр охин маань цэцэрлэгийнхээ “Дээлтэй Монгол” наадамд үргэлж оролцдог. Бүр түрүүлдэг. Энэ жил Эзэн Чингисийнхээ талбай дээр ирээд Дээлтэй Монголчуудынхаа дэргэд байсан чинь өөрийн эрхгүй омогших сэтгэл төрж, хажуугаар өнгөрсөн морьдын хөлс, хомоолыг хараад “Энэ чинь л миний Монгол шүү дээ” гэх бодол төрж явлаа.

Үзэмчин дээлээрээ гангарах завшаан тохиолоо

ӨМӨЗО-ны Үзэмчин хошуунаас ирсэн Б.Раашнамжил: 

-Монгол ахан дүүстээ баяр наадмын мэнд дэвшүүлье. Энэ жил анх удаагаа “Дээлтэй Монгол” наадмыг зорьж ирж, оролцлоо. Үнэхээр сайхан наадам болдог юм байна. Гэр бүлийнхээ хамт Үзэмчин дээлээрээ гоёж ирсэн. Ер нь энэ наадамд оролцохоор ирсэн хүмүүсийг харахад өөр өөрийн үндэстэн, ястаны өвөрмөц гоёмсог дээлээрээ гангарч ирсэн байна. Ингээд харахаар жинхэнэ Монголоор л амьсгалсан сайхан өдөр байна гэж санагдаж байна даа.  

Миний нутаг ӨМӨЗО-ны Зүүн Үзэмчин хошуу. Харин эхнэр маань Ар Монгол бүсгүй. Монголд хүргэн болж ирээд 10 гаруй жил болж байна. Нутаг руугаа тун цөөхөн явдаг.

“Хамгийн сайхан дээлтэй хос”-ын төрөлд өрсөлдөхөөр зорьж ирсэн

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Б.Мөнхбаатар:

-Монголчууддаа баяр наадмын мэндийг хүргэе. Энэ удаагийн баяр наадамд анх удаагаа гэр бүлийн таван гишүүнтэйгээ хамт оролцож байна.  Мэдээж “Сайхан дээлтэй хос” төрөлд оролцох хүсэлтэй, гэр бүлийнхэнтэйгээ ижилсэж ирсэн. Өнгөрөгч жилүүдэд энэ наадамдаа оролцох гэж хичээж байсан боловч оролцож чадаагүй. Тиймээс энэ жил зорин ирсэн нь энэ юм.

Тоорцогтой сэвгэр гэрийн чимэг шүү дээ

Налайх хотын иргэн О.Оюунаа:

-Би өнөөдөр Дөрвөд ястаны хувцсаараа гангарч ирлээ. Дөрвөн сар гаруйн хугацаанд ажлынхаа хажуугаар оёж, хатгасаар өнөөдрийн энэ наадамд өмсөж ирсэн юм. Миний угсаа гарвал Увс аймгийн Бөхмөрөн сум.  Дээхэн үед Дөрвөд ястануудын өмсөж ирсэн тэрхүү уламжлалт хувцас, бүрэн бүрэлдэхүүнээрээ өмсөгдөж ирсэн гэж ойлгож болно. Жишээлбэл, энэ цагаан захыг “Тэнгэрээс бэлэглэсэн цагаан зах” гэж нэрлэдэг. Доторх дээлний захыг “Зөв зах” гэж нэрлэнэ. Ханцуйн хувьд 60 см өргөн байх ёстой. Манжийн дарлалын үед тэрхүү ханцуйндаа хүүхдээ хийгээд зугтаадаг байсан гэх түүх, домог ч бий. Манай нутагт энэхүү уламжлалт хувцсаа байнга өмсдөг. Нөгөө торомтой тэмээ ачааны чимэг, тоорцогтой сэвгэр гэрийн чимэг гэдэг үг чинь л юм шүү дээ.

Монгол хүн бүр “Ноён” шиг амьдрах болтугай

Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны иргэн Х.Төмөртогоо:

-Дөрөв дэх жилдээ “Дээлтэй Монгол” наадамдаа оролцож байна. Манай долоодугаар хорооны хувьд гурван жил энэ наадамд түрүүлсэн. Жил ирэх тусам энэхүү наадам минь өнгөлөг сайхан болж байна. Үндэсний хувцсаараа гангарсан монголчуудыгаа хараад л бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрөх юм. Өнөөдөр миний хувьд Сайн ноён хошууны ноёны хувцсаар гангарч ирлээ. Энэхүү дээлийг сонгон өмссөн нь монгол хүн бүр ноён шиг амьдраасай гэж хүссэнийх юм.

Миний Монгол нэр Ариунаа

Бүгд найрамдах Сингапур улсын иргэн Или буюу Ариунаа:

-Би энэ наадамд гурав дахь жилдээ оролцож байна. Монголд амьдраад 11 жил болсон. Өнгөрөгч жил монгол дээлээр гангарсан гадаадын иргэн номинацид түрүүлж байсан бол энэ жилийн тухайд ч мөн тэрхүү төрөлдөө өрсөлдөхөөр зогсож байна. Ер нь би Монгол дээл өмсөх их дуртай. Боломж бололцоо гарвал монгол дээлээр л гангарахыг боддог. Өөрийн өмссөн дээлийнхээ зарим нэг чимэглэлийг өөрийн гараараа нэлээд удаан хугацаанд урлан хийсэн. Хүмүүс нум, сум барьсан учрыг их асууж байна. Нум, сум барихаар яг л баатар болчихсон юм шиг хүчирхэг сэтгэгдэл төрдөг юм.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Дэлхийг гайхуулсан "Дээлтэй Монгол"  
Үзсэн: 7957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй