Шууд Chart

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

2016-07-20 09:20:57

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 27 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг тус тус байгуулсан байна.

Мөн дугаарт, Монгол Улсын Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томилох тухай Улсын ИХ Хурлын тогтоолыг нийтлэв. Эмхэтгэлд нийтлэгдсэн Улсын Их Хурлын тогтоолоор, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны долоодугаар сарын 15-ны өдрөөс товлон зарлаж, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны аравдугаар сарын 19-ний өдөр байхаар тогтоожээ.

Эмхэтгэлд, Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг зарцуулах үйл ажиллагаанд  дагаж мөрдөх ажээ.

Тогтоолоор, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэлийг хэрхэн хөтлөх, мөнгөн төлбөрийг хэрхэн төлөх, хураан авах, мөнгөн төлбөрийг ямар зориулалтаар зарцуулах, хэрхэн хяналт тавьж, хариуцлага тооцох зэргийг нарийн тогтоож өгсөн байна.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4 дүгээр зүйлд “ Хүний нөөцийн ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр” гэсэн заалт нэмсэн байна.


"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа  
Үзсэн: 335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй