Шууд Chart

Сансарт ашиглаж болох гурван хэмжээст принтер зохион бүтээжээ

2016-07-22 09:53:27

Их Британийн хэсэг эрдэмтэд сансар судлалын салбарт ашиглаж болохуйц нэгэн төрлийн 3 хэмжээст принтер бүтээсэн болохыг Ассошиэйтед Пресс агентлаг уламжиллаа.  Европын сансар судлалын хүрээлэнгийн мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар энэ шинэ төрлийн принтер нь сансарын аялалын салбарт хувьсгал хийж магадгүй юм байна.

Шинэ төрлийн принтерийг сансарт ашиглах боломжийг судлаж үзэхийн тулд Европын сансарын судлалын хүрээлэнгийн харьяа судалгаа, холбооны төв Лондон хотоос баруун зүгт 80 километрийн зайд орших Дидкот мужид тусгай  лаборатори байгуулах шийдвэр гаргажээ. Европын сансар судлалын хүрээлэнгийн технологийн хэлтэсийн захирал Франко Онгаро сансарт хөөргөх аливаа биетийг бүтээх нь нарийн чимхлүүр ажил болохыг цохон тэмдэглээд, сансарт бий болдог хэт халуун, өндөр даралт, цахилгаан соронзон шуурга зэргээс болж тоног төхөөрөмж гэмтэх явад байнга гардаг болохыг сануулжээ.

Эх дэлхийгээс хэдэн сая километрийн алсад задгай сансарт аялж байгаа биетийг буцаан авчирч засах бололцоо бараг байдаггүй учраас их хэмжээний хөрөнгө мөнгө заран байж хэрэгжүүлсэн төслүүд багахан хэмжээний гэмтлийн улмаас бүтэлгүйтэх, очиж засварлахад дахин их хэмжээний төсөв мөнгө шаардлагатай болох тохиолдол цөөнгүй байдаг байна. Тэгвэл тэдний зохион бүтээсэн шинэ төрлийн 3 хэмжээст принтер нь сансарт бүх төрлийн тоног төхөөрөмж, эд ангийг хийх боломжийг олгохоос гадна шаардлагатай тохиолдолд өөрөө бие даан засвар хийх чадвартай гэнэ.

Цаашид энэ технологийг хөгжүүлэн, эвдэрсэн эд ангийн түүхий эдийг дахин ашиглан, шинэ эд зүйл хийх боломжийг ч судлаж байгаа гэдгээ эрдэмтэд мэдэгджээ. Туршилт амжилттай болсон тохиолдолд шинэ гурван хэмжээст хэвлэгчийг Европын сансарын судлалын төслүүдэд ашиглаж эхлэхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сансарт ашиглаж болох гурван хэмжээст принтер зохион бүтээжээ  
Үзсэн: 1031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй