
Нэрээ бичээгүй сэтгэгдлийн талаар таагүй дурсамжтай хүн олон байх. Үүний талаар шинжлэх ухааны баримт нотолгоо ч бий. 2014 онд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар мэдээний сайт дээр бичсэн эзэнтэй болон эзэнгүй сэтгэгдлийн чанарт гайхмаар ялгаа гарчээ. Сэтгэгдлийг бичсэн хүний нэр харагдаж байхад 29 хувь нь бүдүүлэг байсан бол нэрээ бичилгүйгээр сэтгэгдэл үлдээж болох үед энэ тоо 53 хувь болжээ.
Мөн онд хийсэн судалгаагаар "Вашингтон пост" сонины веб хуудсан дахь нийтлэлийн дор бичсэн нэргүй сэтгэгдлийг уг сонины фэйсбүүк хуудсанд бичсэн сэтгэгдлүүдтэй харьцуулжээ. Уг судалгааны дүн мөн л үүнийг баталж байв. Фэйсбүүк хуудасны сэтгэгдлүүд хамаагүй соёлтой байсан байна.
Сэтгэл судлалын үүднээс энэ ойлголтыг “цахим орчинд тусгаарлагдах нөлөө” гэж нэрлэдэг. Уг ойлголтоор нэрээ нуух нь тухайн хүнийг өөрийн биеэр хийдэггүй зүйлсээ хийхэд хүргэдэг нэг шалтгаан юм. Нэр нь гарахгүй үйлдлийнхээ үр дагаврыг үүрэх хэрэггүй учир хүмүүс өөрсдийн нууж явдаг дүрээ гаргахад чөлөөтэй санагддаг байна.
Үүний үр дүн бол бүдүүлэг сэтгэгдлүүд юм. Олон мэдээний сайтууд сэтгэгдлийг фэйсбүүктэй холбож үүнтэй тэмцэж байна. Сайтууд нэг бол хэлэлцүүлгийг фэйсбүүк хуудас руу гаа шилжүүлэх эсвэл сэтгэгдэл бичихэд фэйсбүүк хаяг ашигладаг болсон. Судалгаагаар энэ алхам нь үнэхээр мэдээний сэтгэгдлийн чанарт нөлөөлж байгааг харуулсан ба энэ нь сайт эрхлэгчдэд таатай мэдээ юм.
Үүгээрээ нэргүй сэтгэгдэл бичигчид маш аюултай зүйлийг өөрсдөө ч мэдэлгүй эхлүүлэхэд нөлөөлжээ.
Эхний асуудал нь сэтгэгдлүүд хэт бүдүүлэг болсноор эрүүл нийгэмд хэрэгтэй хэлэлцүүлгийг хүмүүс гуйвуулж мушгих болж, ингэснээр зөв хэлэлцүүлэг хийх боломж багасах болсон юм. Нэргүйгээр сэтгэгдэл бичиж болдог сайтууд дээр талаас илүү нь бүдүүлэг сэтгэгдлүүд байдаг бөгөөд энэ нь хэлэлцүүлгийн чанарыг доройтуулдаг. Ингэснээр сайтууд сэтгэгдэл авахдаа фэйсбүүкийг ашигладаг болжээ.
Хоёр дахь асуудал нь фэйсбүүк хуурамч нэртэй, нэргүй хаяг байлгахгүйг хичээдэг болсон юм. Харин хүмүүст хуурамч нэр ашиглах шалтгаан мэдээж бий. Авилгал, хууль бус зүйлийг илчлэх, бурууг сөрөн хэлэх зэрэгт хуурамч нэр ашиглах нь чухал нөлөөтэй. Авилгал, хээл хахуульд идэгдсэн, онлайнаар ямар нэг сэжигтэй зүйл нийтэлсэн хүнийг баривчилдаг оронд амьдарч байна гээд та төсөөл дөө. Эсвэл аль нэг шашинд хэт итгэгч даргатай, итгэл үнэмшлээс нь өөрөөр авирладаг хүмүүсийг халдаг газар ажиллаж байна гэж төсөөлөөд үз. Ийм үед та өөрийн санал нийлэхгүй зүйлтэй маргалдахдаа жинхэнэ нэрээ нуухыг хүсэх биз.
Монгол сайтууд ч бас сэтгэгдлийг фэйсбүүк хаягаар авч эхэлж байгааг уншигч та анзаарч байгаа байх. Энэ нь тухайн сэтгэгдлийн утга агуулгад редакцийн талаас хүлээх хариуцлага, ачааллыг багасгаж, сэтгэгдэл буух эзэн, буцах мөртэй болсноор хүн гүтгэх, доромжлох зэрэг гэмт хэргээс сэргийлэх боломжийг бүрдүүлэх юм. Гэвч ихэнх мэдээний сайтууд сэтгэгдлийг нэргүй хүлээн авч нийтэлсээр байгаа нь сэтгэгдлийг сайтын хандалт нэмэгдүүлэх арга хэрэгсэл гэж үздэгтэй холбоотой байж болох юм.
Ам алдвал барьж болдоггүй гэдэг ардын цэцэн үг цахим ертөнцөд ч үнэн бөгөөд нэрээ нууж бичсэн, нуулгүй бичсэн ялгаагүй сэтгэгдэл бүр баримт болон хадгалагдан үлдэхийг санууштай.
Нэргүй сэтгэгдэл бичихийн уршиг | ||
Үзсэн: 2093 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.