Шууд Chart

УИХ-ын 2016 оны төсвийн тодотголын төслийг дэмжжээ

2016-08-04 09:31:56

УИХ-ын Төсвийн байнгын хорооны наймдугаар сарын 03-ны өдрийн  хуралдаанаар УИХ-ын 2016 оны төсвийн тодотголын саналыг хэлэлцэж, танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ.

Тэрээр, “УИХ-ын тухай хуулийн 42.2-т УИХ-ын Тамгын газар УИХ-ын төсвийн төслийг УИХ-ын даргын зөвлөлтэй зөвшилцсөний дараа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Мөн хуулийн 42.3-т УИХ-ын Тамгын газар Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гарсан саналыг тусгаж, төсвийн эхний хувилбарыг Улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ гэж заасан.

Уг саналаа 2016 оны наймдугаар сарын 15-ны дотор хүргүүлэх үүрэгтэй. УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүний зардалд шаардагдах УИХ-ын 2016 оны төсөв улс орны санхүү, төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж 2016 оны төсвийн төслөөс нийт дүнгээр 13390.6 сая төгрөгөөр буурч, 18637.3 сая төгрөгөөр батлагдсан. Иймд төсөв хүрэлцэхгүйд хүрч байгаа учраас Улсын 2016 оны төсвийн тодотголоор УИХ-ын урсгал төсвийг 2460.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналтай байна” хэмээн танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан УИХ-ын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа тэвчиж болох зардлуудаа танах, зарим саналыг 2017 оны төсөвт суулгах боломжтой эсэх талаар асууж тодруулав. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон одоогоор төсөвт ямар ч мөнгө байхгүй учраас зайлшгүй шаардлагатай байгаа мөнгөө оруулж ирсэн хэмээн хариулав.

Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан 2016, 2017 оны төсөв хүнд байх тул УИХ-ын Тамгын газар бусад байгууллагуудад зөв жишиг тогтоох ёстойг сануулав. Мөн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын 2016 оны төсвийн тодотголын саналын төслийг 2014, 2015 оны төсвийн бодит гүйцэтгэлийн тоон үзүүлэлттэй харьцуулан, саналаа гишүүдэд танилцуулах хэрэгтэй хэмээн санал хэлэв.

Ингээд саналт хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи УИХ-ын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжиж, Сангийн яаманд хүргүүлэхийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд даалгав.

Үүний дараа УИХ-ын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэв. Танилцуулгыг лсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ.

Монгол УИХ-ын тухай хууль, Төсвийн тухай хуулийг удирдлага болгон УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүний зардалд шаардагдах УИХ-ын 2017 оны төсвийн төсвийг боловсруулахдаа 6 зарчим баримталсан байна.

Тухайлбал, УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явуулах, УИХ-ын хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц байх, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой зардлыг УИХ-ын 2008 оны 28 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр бүрэн тооцох, Байнгын хороодын төсвийн талаар байнгын хороо бүрээс санал авч тусгах, орон тоо, цалингийн хэмжээ, хоол унааны зардлыг мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээнд тооцох гэх зэргээр боловсруулсан байна.

Мөн тэрээр, “УИХ-ын 2017 оны төсвийн хязгаарыг Засгийн газрын 2016 оны 346 дугаар тогтоолоор 14616.8 сая төгрөгөөр баталж ирүүлсэн бөгөөд энэ нь 2015 оны гүйцэтгэлээс нийт дүнгээр 8979.4 сая төгрөгөөр, 2016 оны батлагдсан төсвөөс 4020.5 сая төгрөгөөр буурсан. УИХ-ын 2017 оны төсвийн төслийг нийт дүнгээр 27348.0 сая төгрөгөөр тооцсон бөгөөд энэ нь 2015 оны гүйцэтгэлээс 3715.8 сая төгрөгөөр, 2016 оны төсвөөс 8710.7 сая төгрөгөөр, Засгийн газраас баталж ирүүлсэн төсвийн хязгаараас 12731.2 сая төгрөгөөр өсч байгаа” гэж танилцуулав. Танилцуулгатай холбоотой асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд байнгын хорооны гишүүд УИХ-ын 2017 оны төсвийн төслийг дэмжлээ.


УИХ-ын 2016 оны төсвийн тодотголын төслийг дэмжжээ  
Үзсэн: 2112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй