Шууд Chart

Олимпийн ес дэх өдрийн тойм

2016-08-15 07:00:00

Зуны 31 дүгээр олимп эхлээд ес хонож байна. Энэ өдрүүдэд маш олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдаж, аваргаа шалгаруулсаар байгаа юм. Тодруулбал, олимпийн ес дэх өдөр буюу Монголын цагаар 14-15-нд шилжих шөнө Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн аваргууд тодорсон бол боксын зарим жингйн аваргууд тодорсон билээ.

Үүнээс гадна эрэгтэйчүүдийн гурван байрлалын буудлагын төрөл, уран сайхны сэлэлт, усан сэлэлтийн эрэгтэй 1000 метр, эмэгтэй 50 метрийн финал, усанд үсрэлтийн эмэгтэйчүүдийн 3 метрийн финал, сонгомол бөхийн эрэгтэй 59, 75 кг жингийн финал, дугуйн шилдгүүд тус тус шалгарч, медалиа гардан авсан юм.

Харин Монголын багийн хувьд өнөөдөр таван тамирчныхаа тэмцээнийг үзэж сонирхлоо. Дэлгэрэнгүйг дор өгүүлэх болно.

Д.Отгондалай итгэл алдсангүй

Энэ өдөр олныг шуугиулж, дэлгэцийн өмнө "хүлсэн" тэмцээн бол яахын аргагүй боксын 60 кг жингийн тулаан байлаа. Энэ төрөлд ОУХМ Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Францын тамирчинтай хүч үзэж, яллагдсанаар ийнхүү олимпийн хүрэл медаль хүртэхээр боллоо. Та бүхэн түүний тэмцээн болоод тэмцээний талаарх сэтгэгдлийг ЭНДЭЭС  дэлгэрүүлж уншиж, үзэж, сонсох боломжтой.

Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

Түүнчлэн өнөөдөр мөн л олны анхаарлыг татаж байсан тулаан бол 56 кг жинд өрсөлдсөн Э.Цэндбаатарын тоглолт байлаа. Тэрбээр энэ удаад Беларусын боксчинтой учраа таарч илт давуу байж 2:1 харьцаатайгаар ялалт байгуулав. Ингэснээр тэрбээр энэ сарын 16-ны 23.30 минутаас медалийн төлөөх тулаанаа АНУ-ын тамирчинтай хийхээр болсон юм. Та бүхэн Э.Цэндбаатарын ярилцлага, тэмцээний бичлэгийг ЭНДЭЭС дэлгэрүүлж үзэж, сонсож, унших боломжтой.

Б.Чинзориг тэмцээнээ өндөрлүүллээ

Харин өнөөдөр 64 кг жинд Монгол Улсаа төлөөлөн тулалдсан ОУХМ Б.Чинзориг шигшээ наймын төлөөх тулаанаа хойд хөршийн боксчин Виталий Дунайцевтай хийж, 0:3 харьцаатайгаар ялагдлаа. Ингэснээр тэрбээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Түүний тулааны бичлэгийг ЭНДЭЭС үзэх боломжтой.

Б.Мөнхзаяа 72 дугаар байрт, Л.Отгонбаяр 85 дугаар байрт шалгарлаа

Хамгийн тэсвэр хатуужилтай тамирчдын спорт гэгддэг 42 км-ийн марафон гүйлтийн тэмцээнд манай улсаас Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар өрсөлдсөн. Тэдний хувьд тэмцээнээ амжилттай дуусгаж, барианд орж ирсэн юм. Тодруулбал, тэмцээнд нийтдээ 147 тамирчин оролцсон бөгөөд тэднээс 139 нь бариандаа орсон билээ.

Энэ удаагийн уралдаанд Б.Мөнхзаяа 2:43:55 секундын амжилтаар 72 дугаар байрт, Л.Отгонбаяр 2:45:55 секундын амжилтаар 85 дугаар байрт шалгарсан байна.

Марафон гүйлтэд оролцож буй тамирчдын хувьд барианд орно гэдэг түрүүлснээс ялгаагүй амжилт хэмээн ярьдаг. Тиймдээ ч манай тамирчид хатуужил, тэвчээр, хөдөлмөрөө үзүүлэн амжилттай барианд орж ирсэн юм.

Гурван байрлалын буудлагын төрлийн медалийн эзэд тодорлоо

“Олимпийн марафон” хэмээн нэрлэгддэг эрэгтэйчүүдийн 50 метрийн гурван байрлалын буудлагын төрлийн аваргууд дөнгөж сая тодорлоо.

Энэ төрөлд:

•ОХУ  тамирчин Федор Власов
•Германы Андре Линк
•Италийн Никкола Камприан
•Хятадын Жу Чинан
•Германы Даниель Вродмейер
•Францын тамирчин Алекис Райнауд
•ОХУ-ын тамирчин Сергей Каменский
•Норвегийн Оле Кристиан Брин нарын шилдэг найман мэргэн буудагч хүч сорьсон юм.

Эдгээр тамирчдаас Италийн мэргэн буудагч, Лондоны олимпийн аварга Никкола Камприаны  458.8 оноогоор алтан медалийн эзэн боллоо.  29 настай Никкола Камприан ийнхүү Риогийн олимпоос хоёр дахь медалиа хүртэж байгаа юм. Түүний дасгалжуулагч Швейцарийн иргэн Габи Бюрмен ажээ.

Харин ОХУ-ын тамирчин Сергей Каменский ердөө 0.3 онооны зөрүүтэй буюу 458.5 оноогоор мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр олимпийн наадамд анх удаа оролцсон бөгөөд  хэвтээ буудлагын  төрлөөр олимпийн дээд амжилтыг тогтоосон байна.

Хүрэл медалийг Францын тамирчин Алекис Райнауд 448.4 оноогоор хүртлээ. Түүний хувьд насанд хүрэгчдийн тэмцээнд оролцоод хоёр жил болж байгаа бөгөөд анх удаа олимпийн наадамд оролцож 22 насандаа олимпийн наадмын алдрын тавцанд гарч байгаа нь энэ юм.

Хамгийн ахмад сэлэгч 50 метрийн чөлөөт сэлэлтэд алтан медаль хүртлээ

Америкийн усан сэлэлтийн тамирчин Эстони Эрвин 50 метрийн зайн чөлөөт сэлэлтийн тэмцээнд  21.40 секундын амжилт гаргаж, алтан медалийн эзэн боллоо.

Тэрбээр өдгөө 35 настай бөгөөд Риогийн олимпийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөж байгаа тамирчдаас хамгийн ахмад нь юм. Түүний хувьд энэхүү медаль нь Риогийн олимпоос авч байгаа хоёр дахь алтан медаль ажээ.

Харин 50 метрийн чөлөөт сэлэлтийн хоёрдугаар байрт Францын тамирчин Флоран Маноду шалгарсан бол гуравдугаарт АНУ-ын тамирчин Натан Эдриан оржээ.

Эстони Эрвиний хувьд 16 жилийн өмнө Сиднейн олимпоос алтан медаль хүртэж байсан юм. Үүний дараагаар  их спортоор хичээллэхээ зогсоож, Рок хамтлагт орсон гэдэг. Үүнээс гадна тэрбээр амьдралд хөл алдаж хар тамхи хэрэглэсэн үетэй ч таарч байжээ.

Эцэст нь тэрбээр 2011 онд усан спортдоо эргэн ирж, 2012 онд Лондоны олимпод оролцсон боловч амжилт гаргаагүй  юм. Гэвч ийнхүү Риогийн олимпод маш амжилттай оролцож, хоёр алтан медалийн эзэн болоод байна.

 Иран улс хүндийн өргөлтийн төрлөөс хоёр дахь алтан медалиа хүртлээ

Хүндийн өргөлтийн 94 кг жингийн тэмцээн “Риоцентро” пабилионд болж өндөрлөлөө. Хүнд жингийн дэлхийн шилдэг тамирчдын дунд өрнөсөн энэхүү төрөлд Иран улсын хүндийн өргөлтийн тамирчин Сохраб Муради тэмцээний нийлбэр дүнгээр 403 кг-ийг өргөж, олимпийн аварга боллоо. Ийнхүү Иран улс хүндийн өргөлтийн төрлөөс хоёр дахь алтан медалиа хүртэж байгаа юм.

Харин хүндийн өргөлтийн 94 кг жингийн мөнгөн медалийг Беларусын тамирчин Вадим Стрельцов 395 кг-ийг өргөснөөр хүртсэн бол Латвийн тамирчин Ауримас Дидзбалис 392 кг-ийг өргөж олимпийн наадмын хүрэл медалын эзэн боллоо.

 Уртын харайлтын медальтнууд тодров

“Рио 2016” зуны олимпийн XXХI дэх наадмын хөнгөн атлетикийн спортын эрэгтэйчүүдийн уртын харайлтын  төрлийн  шигшээ наймд Францын тамирчин Кафетиен Гомис, Австралийн тамирчин Хэнри Фрейн, Америкийн нэгдсэн улсын тамирчин Жэфф Хэндэрсон,  Жаррион Лоусон,  БНХАУ-ын тамирчин Ван Жанан, Их британийн тамирчин Грэг Рудэрфорд, Уругвайн тамирчин Эмилиано Ласа, Өмнөд Африкийн тамирчин Луво Манёонга нарын шилдэг тамирчид  өрсөлдсөнөөс АНУ-ын тамирчин  Жэфф Хэндэрсон 8 метр 38 сантиметр харайснаар алтан медалийн болзол хангаж, “Рио 2016” олимпийн наадмын аварга боллоо. Түүний хувьд олимпийн наадмаас анхны медалиа хүртэж байгаа нь энэ юм.

Харин Өмнөд Африкийн тамирчин Луво Манёонга 8 метр 37 сантиметр харайж, мөнгөн медалийн болзол хангасан бол хүрэл медалийг Их Британийн тамирчин, Лондоны олимпийн аварга Грэг Рудэрфорд 8 метр 29 сантиметр харайснаар хүртлээ. Түүний хувьд олимпийн наадмын хос медальтан болж байгаа юм.

Их Британийн дугуйчид цуваа уралдааны төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ

Цуваа дугуйн 4 км-ийн уралдаанд Их Британийн эмэгтэйчүүдийн баг АНУ-ын  тамирчдыг ялж, алтан медалийн эзэн боллоо. Уралдаанд оролцсон Их Британийн багийн бүрэлдэхүүнд  Кэти Арчибальд, Лора Тротт, Элинор Баркер болон Джоанна Роуселл-Шэнд нар багтсан байна.

Тэд 4 км замыг 4:10.236  секундэд  туулснаар ийнхүү дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Мөн тус багийн гишүүн Тротт 24 настай бөгөөд олимпийн гурван алтан медаль хүртсэн анхны англи эмэгтэй болж байгаа юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Олимпийн ес дэх өдрийн тойм   
Үзсэн: 2597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй