Шууд Chart

Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэлэлцлээ

2016-08-30 14:58:31

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай”  тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар тогтоолоор байгуулагдсаныг шинэчлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулан, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Жавхлан, Б.Наранхүү, Н.Цэрэнбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр тогтоолын төслийг бүхэлд нь өөрчлөн найруулах тухай ажлын хэсгээс гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн хэмээн танилцуулгад дурдсан.

Тогтоолын төсөлд Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Юмжаагийн Цэдэнбал агсны амьдрал, үйл ажиллагааны талаарх түүхэн үнэнийг ард түмэнд сурталчлан таниулж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх арга хэмжээ авах, Юмжаагийн Цэдэнбал агсны музейг байгуулах арга хэмжээ авч төрөөс түүнд болон эхнэрт нь олгосон шагнал, бэлэг дурсгал, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг уг музейд байрлуулах талаар тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.


Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэлэлцлээ  
Үзсэн: 943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй