Шууд Chart

Эрүү болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2016-08-30 15:04:07

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан.

УИХ-аас Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Гэвч Эрүүгийн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэллээ. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн болохыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Эрдэнэ, Л.Болд, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Даваасүрэн, Х.Нямбаатар, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

 Үүний дараа Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав. УИХ-аас Зөрчлийн тухай хуулийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Гэвч Зөрчлийн тухай хуулийг олон нийтэд сурталчилан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.9 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.


Эрүү болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй