Шууд Chart

Хуулиудыг буцаах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа

2016-08-30 15:08:11

Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2016 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор 2012-2016 онд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд батлагдсан боловч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хуралд эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагааг хийж дуусгаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг цаашид хэрхэх талаар холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм..

Ажлын хэсэг дээрх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу УИХ-д эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаа хийгдээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд ёсчлогдож хуулийн хүчинтэй болоогүй байгаа тул хууль санаачлагчид буюу Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи ажлын хэсгийн саналыг дэмжсэн юм. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Ц.Цогзолмаа, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд хуулиудыг буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталья гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэнээр дээрх хуулиудыг хууль санаачлагчид нь буцаалаа.


Хуулиудыг буцаах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа  
Үзсэн: 1329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй