Шууд Chart

Чихнээ сонсголонт радио

2016-09-01 09:10:55

Шинэ өглөө эхэлж байна... Эхний автобус шугаманд гарах, эхнэр хүн өрхний оосор даялахаас урьтан, ургах нар, уурын чимээнээс эртлэн шинэ өдрийн эхлэлийг таны гэрт Монголын Радио урин залдаг. Монголын радио өдөр өдрийн эхлэл байж чаддаг шигээ хүн зоны зүрх сэтгэл, оюун мэдрэмж, мэдлэг боловсрол, хөгжил дэвшлийн ертөнцөд даллан дуудах оргил, дамжин зорчих гүүр, дагаж замнах ирээдүйн хөтөч байгаад зогсохгүй нийгэмд гүйцэтгэх үүрэг хандлага, олон нийтийн оролцоог дэмжих бүтээлч үйл ажиллагаа, үндэсний үнэ цэнээ хадгалах мөн чанараараа давтагдашгүй давуу боломжтой цор ганц мэдээллийн хэрэгсэл байсаар ирсэн юм. Өнөөдөр Монголын Үндэсний Радио 82 нас зооглож байна. Туулж ирсэн энэ уртхан хугацааны туршид МҮОНР сонсох урлагийн гайхамшгийг  Монголын хөх тэнгэрт төдийгүй тив дэлхийн ертөнцөд түгээн цуурайтуулсан билээ.

Монголын Үндэсний Радио хамгийн анхдагч мэдээллийн хэрэгсэл байгаад зогсохгүй хүртээмж, сонсогчдын цар хүрээ, нийтлэл нэвтрүүлэг, мэдээллийн зангарагаараа улсдаа тэргүүлэгч нь гэхэд хэн ч маргахгүй.

Монголын Үндэсний Радио хамгийн анхдагч мэдээллийн хэрэгсэл байгаад зогсохгүй хүртээмж, сонсогчдын цар хүрээ, нийтлэл нэвтрүүлэг, мэдээллийн зангарагаараа улсдаа тэргүүлэгч нь гэхэд хэн ч маргахгүй. МҮОНР-гийн давуу тал олон. Өнөөдөр улс орны дөрвөн зүг найман зовхист, цаатны аглаг тайга, малчны алслагдсан өвөлжөө, зуслан, эзгүй цөлийн энгүй буйдад хүрч очих мэдээллийн хэрэгсэл Монголын Үндэсний Радиогоос өөр үгүй. Бөглүү нутгийн малчин бэлчээртээ мэдээлэл сонсож, хязгаар говийн иргэн хүүгийнхээ илгээсэн ая дууны мэндчилгээг ингэн буйлаан дундаа сонсон баярын нулимс унагаж, аглаг хөвчийн анчин хээрийн цай оочлонгоо бүсэндээ зүүсэн хүлээн авагчаасаа чуулганы тойм сонсож, цэнхэр хөвчийн дархад бүсгүй нутгийнхаа дууг сонсоод уясан догдлох тэр нандин болоод онцгой агшин бүрийг гагцхүү Монголын Үндэсний Радио л зон олондоо олгодог оо. Энэ бол Монголын Үндэсний Радио улс орноо бүхэлд нь хамарч, зон олноо мэдээллийн баялаг эх уурхайгаар ханган, сонсогчдоо соён гэгээрүүлэх хүртээмжийн болоод “Үндэсний” хэмээх өргөн цар хүрээгээрээ давуутайг илтгэх бодит жишээ юм. Нөгөөтэйгүүр МҮОНР олон нийтийн эрх ашгийг эрхэмлэн дээдэлдгээрээ давуу. Энэ нь “Олон нийтийн” хэмээх овгоосоо л илхэн. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг баталсан 2005 он Монголын радиогийн хөгжлийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх шив шинэхэн хуудсыг нээсэн онцлог үе байсан билээ. Монголын ард түмэнд үйлчлэх олон нийтийн радиог үүсгэн байгуулж,  зорилго, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсээ тогтоож, хөтөлбөрийнхөө бодлогыг  тодорхойлсон анхны жил бол чухамдаа 2006 он байлаа. Олон нийтийн статустай байна гэдэг гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаа явуулах үүрэг зорилгыг үйл ажилдаа амин чухал мөрдлөгө болгоно гэсэн үг. Энэ ч үүднээс олон нийтийн радио ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг гүнээ эрхэмлэж, улс төр, шашин, олон ургальч үзэл бодлыг хүндэтгэн тэгш илэрхийлж, үндэсний соёл урлаг, түүх, ёс заншил, уламжлалаа гээлгүй авч явах, удам хойчдоо өвлөн хадгалуулах, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүрээлэн байгаа орчноо хамгаалах бодлогод нийтлэл, нэвтрүүлгүүдээ хандуулж ирлээ. Мөн эх дэлхийдээ эв найртай энх тунх амьдарч, итгэлцэл нөхөрлөлөө бэхжүүлэх эрхэм үйлсийг бас эн тэргүүний зорилтоо болгон дээдэлдэг юм. МҮОНР-гийн нийгэмд гүйцэтгэж байгаа түүхэн үүрэг үүгээр зогсохгүй. Хувь хүний болон нийгмийн хөгжлийг дэмжин, үндэстний цөөнх, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүхий л бүлэг давхарга, олон нийтийн эрэлт хэрэгцээг тэнцвэртай хангаж, тэдний үзэл бодлын ил тод индэр болдогт бахархнам.  

1934 оны есдүгээр сарын 1-нд албан ёсоор радиогийн анхны нэвтрүүлэг цацагдсан хэмээн тэмдэглэгдсэн хэдий ч түүх үнэндээ үүнээс эрт эхэлжээ.

1934 оны есдүгээр сарын 1-нд албан ёсоор радиогийн анхны нэвтрүүлэг цацагдсан хэмээн тэмдэглэгдсэн хэдий ч түүх үнэндээ үүнээс эрт эхэлжээ. Учир нь 1931 оны тавдугаар сарын 1-ний  “Майн баяр”-аар хуучин Засгийн газрын ордон, Ленин клуб, Төв цэнгэлдэхэд цагаан хоолой зоон байрлуулж, хамгийн анхны радио долгион цацагдаж байсан гэдэг. “Тас харанхуйд аливааг олж үзэж, чимээ аниргүйгээс аливааг олж сонсож, харанхуйн гүнээс гэрэл гэгээг олж үзэж, нам гүмээс төгс аялгууг чагнах болно, чи” хэмээн олон арван зууны тэртээ гүн ухаантан Жу Анзын зөгнөн хэлсэнчлэн зөвхөн хоорондоо утсан холбоо бүхий газарт л хүрдэг тийм мэдээ биш,  хорвоогийн дуу чимээг хотол даяар цуурайтуулах хувьтай тийм нэгэн ид шидтэн төрөхөөр дуншиж байсан цаг санж. 1930 оноос эхлэн тэр үеийн нам төрийн  удирдлагаас “Агаарын мэдээ байгуулах явдал болвоос маш чухал бөгөөд даруй гүйцэтгэвээс зохих ажил мөн” гэж үзэн онцгойлон анхаарч, ард иргэдээс аваад төр засаг, мөн тэр үеийн ЗХУ-ын тусламжаар радио хэмээх их айлын тулгын чулуу тавигдсан түүхтэй. Чухамдаа утсан холбоогүйгээр аль нэгэн газартай холбогдож болно гэсэн анхны онолыг бий болгосон эрдэмтэн Америкийн профессор Жозеф Хенри, Английн физикч Майкл Фарадей нарын онол зарчмыг талын Монголын хөх тэнгэрт батлан харуулсан нь энэ түүхэн эхлэл байлаа.  Ингээд 1934 оны есдүгээр сарын 1-нд БНМАУ-ын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн тэргүүтэй төр засгийн удирдагчид нийслэл Улаанбаатараас 13 аймагт радиогоор баярын мэнд шууд хүргэснээс хойш Монголын хөх тэнгэр, уудам талын энгээр ид шидийн гэмээр энэ долгион 78 дахь жилээ түгэн цуурайтсаар байна. Тэр л цагаас хойш гэгэлгэн намар цаг далан наймантаа айлчилж, усны шувууд төдөнтөө ирж,  буцсан байх юм.

Авдран дээрээ залсан ид шидийн гэмээр жижигхэн хайрцагтай өдөржин, оройжин дотносч, түүгээр цаг нараа тааруулж, амьдрал ахуйгаа замчилж, түүнээс ухаарал, уяралын аль алийг нь олж, бас суралцаж, хүмүүжиж, радиогоо шүтэж, шүүмжилж ирсэн үе, үеийн сонсогчид, ард үлдсэн амьдралын дурсамжуудаа радиотой аминчлан холбож, бахдан өгүүлдэг шалтгаан ганцаар зогсохгүй.

Радио бол үгээр зураглаж, чихээр дамжиж, сэтгэлд амилдаг урлаг.

Радио бол үгээр зураглаж, чихээр дамжиж, сэтгэлд амилдаг урлаг. Үгийн яруу тансаг мэдрэмжийг бид гагцхүү сонгодог монгол хэлнээсээ сонсон таашаадаг учиртай. Эх соёлын бөх уяа болсон монгол хэлнийхээ төгс цогц гайхамшгийг бүрэн бүтнээр нь авч явах чанд зарчим Монголын Үндэсний Радиогийн гол мөрдлөг  байж, энэ зарчмынхаа өмнө нэр төртэй яваа нь Монголын Үндэсний Радиогийн бас нэгэн давуу чанар билээ. Чихнээ сонсголонт Монголын радиогийн энэ эрхэмлэл сонсогч түмний хэл соёлын боловсролд эерэг зөв хандлага, бодит үлгэр дуурайлал, соён гэгээрүүлэх асар их гүйцэтгэл болдгийг онцлон өгүүлэхэд туйлын таатай.

“Хүн шиг ярьж, хөдөө хотын харилцааг холбоод

Хөгжим шиг уянгалж, хүсэл уйтгарын бүчийг тайлаад

Ухуулагч шиг илтгэж, улс төрийн байдлыг танилцуулаад

Уран зохиолч шиг шүлэглэж, утга найруулгын гайхамшгийг тодруулаад

Үдшийн нам гүмийн дунд үүрэглэн суугч миний чихнээ

Алс дорно дахь сонихон мэдээг сэтгэл хөдөлгөн тоочигч

Радио хоолой үнэнхүү итгэлийн гайхамшиг

Ард олныг гийгүүлэгч хамаг соёлын дууч нь болой...”  Монголын радиогийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, цар хүрээг илтгэсэн энэ мөрүүдийг нэрт яруу найрагч Гомбын Сэр-Од  “Радио” хэмээх шүлэгтээ ийн тэрлэж байсан түүхтэй.

Гэрийн сүүдэрт гудас хаян, үдийн цай ууж, айл хөршийнхөө бууралтай эгээ л өчигдөрхөн хуучилж суусан мэт ийм олон сайхан дуртгал он жилийн уртыг ажралгүй та бидний сонорт дэндүү ойрхон байх энэ гайхамшгийг Монголын радиогоос өөр хаанаас ч хайгаад олохгүй. Өнөө та бидний дэргэд үгүй, амьдралын аянаас хэдийнээ буцчихсан хэдий ч амьд дуу хоолой нь тэр л янзаараа хадгалаастай дурсамж, яриа ярилцлага уран бүтээлийн тоо нэгэнтээ хэдэн мянгаас хол давсан байна. Тодорхой илэрхийлбэл өдгөө Монголын Үндэсний Радиогийн алтан сан хөмрөгт нийт 7.450 гаруй хадгаламжийн нэгж буюу 10.000 гаруй цагийн бүтээл хадгалагдаж байна. Үе улирах тусам үнэд ордог энэ арвин сан хөмрөг сонсогч таныг аав ээж, ахан дүүс, анд нөхөд, алдар цуутнуудтай эргэн уулзах нандин боломжийг олгодог. Энэ бол Монгоын Үндэсний Радиогийн олон давуу талын бас нэгэн босго нь мөнөөс мөн. “Радиогийн нээлттэй хаалганы өдөр”-өөр академич Бямбын Ринчин, Үндэсний Спортын гавьяат мастер Даян аварга Нацагийн Жамъян, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбат, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав, МУСГЗ зохиолч сэтгүүлч Базарын Цэдэндамба зэрэг Монгол улсын нэр хүндтэй эрхмүүдэд МҮОНР-гийн алтан сан хөмрөгийн нэрэмжит “Гэрэгэ”-г гардуулах хүндэтгэлийн ёслол хийсний дээр сонсогчдод нэн ховор болоод хосгүй ховор бичлэгүүдийг сонсгосон нь Монголын Үндэсний Радиогийн алтан сан хөмрөгийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулсан давуу талуудын бас нэгэн сэжим байлаа.

Радиогийн арвин баян түүхтэй цуг нийгмийн ахуй амьдрал, түүх соёл, хөгжлийн цараа бүгд хамтдаа тээгдэж байдаг.

Радиогийн арвин баян түүхтэй цуг нийгмийн ахуй амьдрал, түүх соёл, хөгжлийн цараа бүгд хамтдаа тээгдэж байдаг. Эх орны дайны хүнд хэцүү он жилүүдээс аваад өнөөгийн өндөрлөг хүртэлх наяад жилийн замд Монголын радиогийн түүх улс орны амьдралын түүхтэй хамт гагнагдан бичигдэж, үе үеийн онцлогийг тусгасан олон зуун бүтээлээр намтраа зузаалж ирсэн юм. Тэр цагийн дурсамж өнөөгийн биднээс олон насаар ах ч, сэтгэл зүрхэнд харин хөтлөлцөн хамт өссөн дотны анд шиг минь нэг л ойр дөт санагддаг аа. Монголын радиогийн микрофон аялаагүй газар гэж үгүй шигээ анирдаагүй чимээ авиа гэж үгүй. Хүний хорвоод ирж буй нялх үрийн дуу, гол мөрний харгиа, агт морьдын янцгаан, сэтгэлийн далдхан гуниг, зөн совингийн чимээгүйхэн урсгалаас аваад борооны сүжигнэн буух чимээ бүр сэрүү татан ханхийх чийгийн үнэртэйгээ цуг сонсогч танд хүрдэг билээ. Үгээр өнгө, үнэр амтыг ч зурж болдгийг баталж, өмнөх саад бэрхшээлийг туулж өнөө цагийн хөгжилд хөтөлж авчралцсан ахмадуудынхаа замналаар шинэ үеийнхэн өнөө л үгээр зурагладаг үнэний эрэлд гарцгаадаг. Тэд нэгэн цагт дунд, ахмад үеийнхэн болцгоосон ч дараагийн түүхийг бүтээгчид ахиад л замд гардаг аа...

Монголын радиогийн микрофон хүрээгүй сум, суурин гэж үгүй шиг очоогүй ажлын талбар, тариан талбай, малчны хот, үйлдвэрийн дамжлага гэж байхгүй.

Монголын радиогийн микрофон хүрээгүй сум, суурин гэж үгүй шиг очоогүй ажлын талбар, тариан талбай, малчны хот, үйлдвэрийн дамжлага гэж байхгүй. Анхлан нээгдсэнээсээ жилийн дараахан гэхэд анхны радио сургуулийг нээн сонсогчдод ерөнхий эрдмийн хичээл заасан, ажлын талбарт ард олонтойгоо хамт байж, алдаа оноо, амжилт бүтээлийг нь цугтаа дүгнэлцсэн, төл бойжуулах, хашаа, худаг барихаас аваад ард түмнээ бичиг үсэгт тайлах, соён гэгээрүүлэх алив үйлсэд хөдөлгөгч хүч нь байгаад зогсоогүй манлайлан хошуучлагч нь явж ирсэн. Аж үйлдвэрийн комбинатын аварга техниктэй цуг нүргэлж, атар газар халиурах тариан түрүүтэй хамт бөхөлзөж, эмнэлэгийн цагаан өрөөнд эх нярайлахад хамтдаа дуншиж, эрдмийн танхимд мөнгөн хонхтой цуг жингэнэж, эх орны манаанд хилчдийн соргог хараатай ханьсан нойргүй хонодог оо. Таны сэтгэлд хүрч, таны итгэл тань байхсан гэж, танд шинийг дуулгаж, нэгийг ухааруулахсан гэж Радиогийн микрофон аялсан газар бүхэндээ үгээр үнэнийг зурж, энэ нь эргээд түүх болж биеждэг ээ.

МҮОНР-гийн сэтгүүлч, продюсер Цэрэндоржийн Сосорбурам

 

Нийтэлсэн: Mонголын радио

Чихнээ сонсголонт радио  
Үзсэн: 2901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй