Шууд Chart

"Ice Top” хамтлаг "Баярлалаа" тоглолтоо толилуулна

2016-09-01 15:46:17

Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг болох "Ice Top” энэ жил 20 нас хүрч байна. Тэд 20 жилийн ойдоо зориулан "Баярлалаа” хэмээх бие даасан тоглолтоо толилуулахаар болжээ. "Баярлалаа" тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 9-нд болох бөгөөд тоглолтод "Хар сарнай”, "Хар тас”, "Люмино”, "Эрх чөлөө”, "Дайн ба энх”, "Татар”, "Дижитал”, "DJ Mr Dogs”, "Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, поп дива Т.Ариунаа, "Хурд”, "Гурван охин”, "Киви”, "Лемонс”, "A Sound”, "Click click Boom”, реппер Gee, Genne, Rokit Bay зэрэг Монголын рок поп, хип хоп урлагийн одууд оролцох ажээ.

Түүнчлэн тасалбарын үнэ 5000 төгрөг гэдгийг хамтлагийнхан дуулгаад байгаа юм. Дашрамд өгүүлэхэд, "Ice Тop" хамтлаг анх 16 хүний бүрэлдэхүүнтэй рэп бүжгийн хамтлаг байжээ. Бүжгийн хамтлаг анх 1996 онд нэгдэн нийлсэн бөгөөд үүнээсээ хоёр жилийн дараа буюу 1998 оны аравдугаар сарын 13-нд найман гишүүнтэйгээр Монголын анхны хип хоп хамтлагуудын нэг болон байгуулагджээ.

Энэ хугацаандаа тус хамтлаг:

  • Санаа нэг 2000.03.18-нд (Топ тен)
  • Энэ миний хайр 2000.10.21-нд (Топ тен)
  • Hip Hop мандтугай 2001.02.03-нд (Монгол бөхийн өргөөнд)
  • Бид одоо хүүхэд биш 2002.01.26-нд (UB-Palace концертийн их танхим)
  • Уйлах эрхгүй хайр 2003.02.03-нд (UB-Palace концертийн их танхим)
  • Хайраа надаас асуу 2004.02.18.19-нд (UB-Palace концертийн их танхим)
  • Сүлжээ 2005.01.21.22-нд (UB-Palace концертийн их танхим)
  • Hip Hop сургууль 2005.09.01-нд (UB-Palace-ийн Open-Air)
  • Саак 2006.06.09-нд (UB-Palace-ийн Open-Air)
  • Гараа өргөцгөөе 2008.11.08-нд (UB-Palace концертын их танхим) Тэд Улаанбаатар хотод бие даасан бүрэн хэмжээний тоглолт 10 удаа хийсэн байна. Хамтлагийн хамгийн анхны цомог нь “Шүтээн минь” нэртэй байсан бөгөөд уг цомог нь тухайн үед хит болж байсан дуунуудаас нь бүтсэн.

Үүний дараагаар “One time”, “Hit collection”, “New life” зэрэг олон цомгоо гаргасан нь бүгд амжилттай болж байлаа. “Ice Top” хамтлаг 2001 оны “Алтан шонхор” наадмын шилдэг хип хоп хамтлаг, 1998-2000 оны “Одод болохын хүслэн”, “Ирээдүйн одод” тэмцээний тэргүүн байрт орж байв. ОХУ-ын хип хоп хамтлаг “КАСТА”- тай ОХУ-ын Эрхүү хотод 2006 онд хамтран тоглосон. БНСУ-ын “BABY VOX” “GAMBLER” хамтлагтай Улаанбаатар хотод 2006 оны арванхоёрдугаар сард хамтран тоглож байсан.

Хамтлаг нь дээр дурдсан тоглолтуудаас гадна Монгол Улсын 21 аймгаар хоёр удаа тойрон, Өвөр Монголын Шилийн гол, Бээжин хот, ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, БНСУ-ын Сөүл хот, Английн Лондон, Манчестр хотод сурч, ажиллаж байгаа монголчууддаа зориулан аялан тоглолт хийсэн. Энэ оны нэгдүгээр улиралд АНУ-ын долоон хотод тоглох гэж байна. Мөн нийгмийн ажилд идэвхтэй оролцдог бөгөөд хандивын болон буяны тоглолтуудыг удаа дараа зохион байгуулж байсан. Хүүхдийн асран хамгаалах төв, Өндөр настнуудын халамжийн төв, Хүүхдийн урьдчилан хорих төв, Засан хүмүүжүүлэх төвүүдээр сайн дурын үнэ төлбөргүй хандивын тоглолт, арга хэмжээг зохион байгуулсан. Тэдний хөдөлмөрийг үнэлж нийслэлийн Хүүхэд залуучуудын газраас “Нийслэлийн шилдэг залуу” алтан медалиар шагнажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

"Ice Top” хамтлаг "Баярлалаа" тоглолтоо толилуулна  
Үзсэн: 7714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй