Шууд Chart

Хүн бүрийн хүсэн хүлээдэг “Баасан гараг”

2016-09-07 10:20:58

Үндэсний телевизийн "Залуучууд" цэнгээнт нэвтрүүлгийн багийн уран бүтээлчид баасан гараг бүр "Баасан гараг" нэвтрүүлгийг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгодог уламжлалтай. Хөгжилтэй дурсамж, үйл явдал, тэмцээн уралдаанаар дүүрэн байдаг тус нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Э.Энхзориг, Ч.Шижирбаатар нарыг энэ удаагийн зочноор урьж ярилцлаа.

-“Баасан гараг” нэвтрүүлгийн анхны дугаар хэрхэн бүтэж байсан талаар яриагаа эхлэе?

Шижирээ: -2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Баасан гараг” нэвтрүүлгийн анхны дугаар үзэгчдийн хүртээл болж байлаа. Яг нэвтрүүлэг бүтэж байсан түүхийг яривал их сонин л доо. Анх бид “Баасан гараг” биш “Кино кафе” гэх нэвтрүүлэг хийе, нэвтрүүлэгчид нь чөлөөтэй ярилцдаг байя гэх мэтээр ярилцаж байсан. Гэвч энэ нэвтрүүлэг маань ганцхан “Кино” гэх сэдвийн хүрээнд явна, харин “Баасан гараг” нэвтрүүлэг бол илүү олон сэдвийн хүрээнд, олон зүйлийг өгүүлэх учраас арай илүү юм байна гэж ярилцсан. Тухайн үед манай телевизийн захирал байсан н.Ариунбат бидэнд зөвлөгөө өгч, санал бодлоо хуваалцсаны үндсэн дээр ийнхүү “Баасан гараг” нэвтрүүлэг бүтэх болсон доо.

Эзо: -Телевизийн цэнгээнт нэвтрүүлгүүдийн хувьслыг хараад байхад хувцасны "мода" шиг өөрчлөгдөж байна. Залуусын хувьд “Яг түүн шиг”, “Авьяаслаг Монголчууд” гэх мэт энтертайнмент чиглэлийн нэвтрүүлгүүдийг үзэхийн хажуугаар чөлөөт ярилцлагыг, энтертайнменттай хольсон шоуг илүүтэй сонирхох болсон. Яг энэ чиглэлийн нэвтрүүлгүүдийг дэлхийн томоохон сувгууд хийж эхлээд байгаа. Жишээ дурдвал, ОХУ-д “Вечерний Ургант”, “Эллений шоу” гэх мэт маш олныг нэрлэж болно.

Яг ийм төрлийн шоу Монголд байхгүй учраас бид тэрхүү шоуг хийхийг зорьж явна. Эхлэл нь “Баасан гараг”. Мэдээж алдаа оноо байгаа. Бид дугаар болгоныхоо дараа багаараа сууж байгаад ярилцдаг. Юун дээр анхаарах вэ, дараагийн дугаартаа юу хийх вэ  гэх зэргээр төлөвлөнө. Ингэж явсаар ямартай ч жил орчим нэвтрүүлгээ үзэгчдэдээ хүргэсэн байна.

Цэнгээнт нэвтрүүлгийн гол зорилго бол үзэгчдийн, сонсогчдын стрессийг тайлах. МҮОНТ-ийн нэг онцлог нь “Бид үзэгчдэд аливаа нэгэн зөв зүйлийг уриалах ёстой” гэх санаа байдаг.

-Анхны дугаарын зочид хэн байв?

Эзо: -Найруулагч Л.Ариунболд, жүжигчин Б.Хулан нар оролцож байсан. Тухайн үед бид хоёр Б.Хуланд нэвтрүүлгийнхээ үеэр сонирхолтой сюрприз барьж байлаа.

-МҮОНТ-ийн уран бүтээл гэдэг утгаараа чанартай, стандартын дагуу гэх мэтээр цензур өндөр байдаг. Тэгэхээр энэ нэвтрүүлгээр дамжуулан залууст хүргэх гэсэн гол санаа юу юм бэ?

Эзо: -Цэнгээнт нэвтрүүлгийн гол зорилго бол үзэгчдийн, сонсогчдын стрессийг тайлах. МҮОНТ-ийн нэг онцлог нь “Бид үзэгчдэд аливаа нэгэн зөв зүйлийг уриалах ёстой” гэх санаа байдаг. Тийм ч учраас манай нэвтрүүлгийн уран бүтээлчид хүмүүсийн стрессийг тайлахын хажуугаар залууст, үзэгчдэдээ их олон зүйлийг зөвөөр уриалдаг. Тухайлбал, хог хаяхгүй, гарцаар гарцгаая, дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцъё гэх зэргээр хэлдэг.

Ч.Шижирбаатар, Э.Чамин-Эрдэнэ, Э.Энхзориг нар

Шижирээ: -Бид дугаар бүртээ нэг сэдэв боддог. Тэгээд тухайн сэдвээ нэвтрүүлэгт оролцож байгаа олны танил хүмүүсээрээ хэлүүлж, олон нийтэд хүргэх зорилготой. Хоёрдугаарт, манай нэвтрүүлэгт оролцож байгаа зочин өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай блиц асуултад хариулдаг. Энэ нь хэдийгээр өнөөдөр зочин болоод ярилцлагад орж байгаа ч гэсэн өнгөрсөнд ийм, ийм амьдралыг туулсан, залуус та бүхэнд илүү их боломж байна шүү гэдгийг ойлгуулдаг гэж боддог.

Ер нь олны танил хүмүүс нийгэмд илүү үлгэр дууриал болдог. Тэдний үг, үйлдлээс залуу үеийнхэн хүмүүжил, зөв мессежийг авах ёстой гэж боддог. Тийм ч учраас бид зочдоосоо блиц асуултуудыг асуудаг л даа. Жишээ хэлэхэд, дуучин Э.Минжинсор манайд зочноор уригдаад анх ноосны үйлдвэрт ажиллаж байсан тухайгаа ярьж байлаа. Хамгийн сүүлийн дугаарт уригдсан “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Г.Алтаншагай гэхэд л анх хиамны үйлдвэрт ажиллаж байсан гэх мэтээр ярьж байсан. Ер нь бүх оролцогчид анхны цалингаа яаж хөдөлмөрлөж олж байсан тухайгаа ярьдаг. Энэ нь хүн зорилготой, мөрөөдөлтэй бол амжилтад хүрдэг юм аа гэх санааг илэрхийлдэг учраас бидний хүргэх гэсэн энэ санааг үзэгчид маань ойлгоосой гэж их хүсдэг дээ.

бид нэвтрүүлгээрээ гадаад үг хэллэгийг аль болох хэрэглэхгүй эх хэлээрээ зөв боловсон ярихыг эрхэмлэдэг.

-Нэвтрүүлгийн хоёр ч дугаарыг фэйсбүүкээр шууд дамжуулсан. Хэр амжилттай байна вэ?

Эзо: -Бид зуны 31 дүгээр олимптой холбоотойгоор “Сайн байна уу, Рио” нэвтрүүлгийн 16 дугаарыг үзэгчдэдээ шууд дамжуулан хүргэсэн. Нэг ёсондоо энэ маань бидэнд туршлага болсон л доо. Гэхдээ “Сайн байна уу, Рио”, "Баасан гараг" нэвтрүүлгийн агуулга өөр. Тиймээс хааяа алдаа дутагдал гарч ирнэ. Түүнийг нь цаг тухай бүртээ засч, залруулаад л явж байна даа. Мөн бид нэвтрүүлгээрээ гадаад үг хэллэгийг аль болох хэрэглэхгүй эх хэлээрээ зөв боловсон ярихыг эрхэмлэдэг.

"Баасан гараг" нэвтрүүлгийг фэйсбүүкээр шууд дамжуулдаг болсон нь гурвалсан холбоог бий болгохыг зорьсонтой мөн холбоотой. Зочин-телевиз үзэгч-сошиал ертөнцийг нэг зүйл шиг болгох нь манай нэвтрүүлгийн нэг онцлог. Энэ гурвын гүүр нь хөтлөгч юм. Манайхаас өөр ямар ч телевиз, бүр тэр гадаадын алдартай шоунд ч үүнийг туршиж үзээгүй.

Шижирээ: -Бид өмнө нь “Баасан гараг” нэвтрүүлгээ бичдэг байсан. Анхны дугаараа өнөөдрийн бэлтгэн хүргэж байгаа нэвтрүүлэгтэйгээ жишвэл жанжин шугам нь байгаа ч улам баяжигдаж, хувьсан өөрчлөгдсөн байна. Өдөр бүр сэтгэн хийж байгаа бидний асуултууд, сонирхолтой булангууд олон нийтэд маш их таалагдаж байгаа.

Түүнчлэн телевизээрээ шууд дамжуулж байгаа нэвтрүүлгээ фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулж байна. Цахим ертөнц хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд утсаараа ч, телевизээрээ ч “Баасан гараг” нэвтрүүлгийг шууд үзэж байна гэдэг том дэвшил юм.

Мөн бид нэвтрүүлэг бүр дээрээ фэйсбүүкээр үзэж байгаа үзэгчдийнхээ дунд уралдаан зарладаг. Эхний шууд дамжуулалтын үеэр зарласан уралдаанд 600-700 сэтгэгдэл ирсэн. Хоёр дахь шууд дамжуулалтын уралдааны үеэр 2200 сэтгэгдэл манай фэйж хуудсанд бичигдсэн байсан. Энэхүү дамжуулалтыг 5800 хүн үзэж, 20 мянга гаруй хүн хандсан байгаа юм.

Бас нэг онцлог нь зочин сууж байхад үзэгчид “Наад зочноор чинь нэг дуулуулмаар, бүжиглүүлмээр, шүлэг уншуулмаар байна” гэх мэт хүсэлтүүдээ шууд хэлж байна. Энэ нь нэвтрүүлгийн уур амьсгалыг илүү халуун, сонирхолтой, амьд болгож өгч байгаа юм. Мэдээж нэг үзэгчийн санал бус маш олон үзэгчийн саналаар хүсэлтийг биелүүлнэ л дээ.

Эхний шууд дамжуулалтын үеэр зарласан уралдаанд 600-700 сэтгэгдэл ирсэн. Хоёр дахь шууд дамжуулалтын уралдааны үеэр 2200 сэтгэгдэл манай фэйж хуудсанд бичигдсэн байсан. Энэхүү дамжуулалтыг 5800 хүн үзэж, 20 мянга гаруй хүн хандсан байгаа юм.

-Шууд дамжуулалтын үеэр зарласан уралдааны ялагчийг хэрхэн тодруулдаг вэ?

Эзо: -Уралдааны ялагчид тодорхой хэмжээний урамшуулал өгдөг. Тухайлбал, уран бүтээлчид зочноор орсон үед тоглолтынхоо билетээр урамшуулдаг бол зарим тохиолдолд бид хамтран ажилладаг байгууллагуудынхаа эрхийн бичиг, нэгж зэргээр урамшуулна. Уралдааны асуулт маш энгийн. Тийм ч учраас үзэгчид маш их оролцдог. Харин тэр олон хүний хамгийн түрүүнд, хамгийн зөв хариулт өгсөн үзэгч ялагч болно.

-Магадгүй уншигчид нэвтрүүлгээ яагаад “Баасан гараг” гэж нэрлээд баасан гарагт гаргах болов гэж асуухыг хүсч байгаа байх?

Шижирээ: -Нэрийг бид маш олон янзаар ярьж байсан. Яг энэ “Баасан гараг” гэдэг нэрийг бол н.Ариунбат захирал өгсөн.

Ер нь хүн амьдралынхаа туршид аз жаргалыг хүсч байдаг. Бүтэн жилийн турш зуныг хүсч байдаг. Долоо хоногийн турш баасан гарагийг хүсч байдаг.

Эзо: -Ер нь хүмүүсийн хамгийн их хүлээдэг өдөр “Баасан гараг”. Ажлын сүүлчийн өдөр, үргэлжлүүлээд хоёр өдөр амарна гэхээр хүн бүрт сайхан шүү дээ. Тэгээд баасан гарагт залуус маань хаана ч байж болно. Ажил, баар, паб гэх мэтэд чөлөөт цагаа өнгөрөөж байж болох ч биднийг үзэхээр телевизийнхээ өмнө сууж байгаа тэр хүмүүст нэвтрүүлгээ зориулж байгаа юм.

хүн амьдралынхаа туршид аз жаргалыг хүсч байдаг. Бүтэн жилийн турш зуныг хүсч байдаг. Долоо хоногийн турш баасан гарагийг хүсч байдаг.

-Дараагийн шууд нэвтрүүлгийн буюу ирэх баасан гарагийн зочид хэн байх бол?

Эзо: -Манай хөтлөгч Э.Чамин-Эрдэнэ “Баасан гараг” нэвтрүүлгийн фэйсбүүкийг албан ёсоор хөтөлж явдаг. Тэгээд тэрхүү хуудсандаа үзэгчдээс дараагийн оролцогч хэн байх вэ гэж асуухад маш олон хүн “Аглуу, Бооёо” гэсэн байна лээ. Тэгэхээр ирэх баасан гарагийн зочид МУГЖ Б.Ариунболд, Л.Баттулга нар байх болно.

Дашрамд дурдахад, дараагийн дугаараас эхлээд нэвтрүүлэг маань бүр илүү сонирхолтой болно гэдгийг үзэгчдэдээ амлаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хүн бүрийн хүсэн хүлээдэг “Баасан гараг”  
Үзсэн: 6549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.115.xxx] 2017-02-07 14:16
та 2 гоё шүү

Бидэнтэй нэгдээрэй