Шууд Chart

“Рио-2016” паралимп тамирчдаа илгээсэн улсуудын тоогоор дээд амжилт тогтоож байна

2016-09-08 11:31:35

Өнөөдөр Бразилийн Рио-Де-Жанейро хотын "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд паралимпийн XV дахь удаагийн наадмын нээлт боллоо.

“Рио-2016” паралимпийн наадам тамирчдаа илгээж байгаа улс орнуудын тоогоор дэлхийн дээд амжилтыг тогтоож байгаа юм. Тодруулбал, энэ удаагийн наадамд дэлхийн 160 орны 4000 гаруй тамирчин спортын 22 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

“Рио-2016” паралимпийн хөтөлбөрт суугаа сагсан бөмбөг, дугуй, суугаа гар бөмбөг, голбол, жүдо, хөнгөн атлетик, ширээний теннис, хүндийг өргөлт, усан сэлэлт, суугаа регби, байт харваа, буудлага, суугаа теннис, таван хүний бүрэлдэхүүнтэй хөл бөмбөг, долоон хүний бүрэлдэхүүнтэй хөл бөмбөгийн тэмцээнүүдээс гадна каноэ, триатлон, сэлүүрт завины төрлүүд анх удаа нэмэгдээд байгаа юм.

Манай улсаас паралимпид найман тамирчин байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн төрлөөр оролцож байгаа. "Бээжин-2008" паралимпийн алтан медальт, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Мөнхбат нараас гадна анх удаа паралимпийн наадамд А.Анхбаяр, Б.Ууганхүү, З.Ганбаатар, Г.Цогтгэрэл, Э.Содномпэлжээ нарын зэрэг таван тамирчин оролцоно. 

Сонирхуулахад, 1997 оноос Монголын паралимпийн хороо нэртэй болж, 2000 онд албан ёсоор Олон Улсын паралимпийн хорооны гишүүн байгууллага болсон байна. Монголд буудлага, байт харваа, хөнгөн атлетик, жүдо бөх, усан сэлэлт, паурлифтинг, ширээний теннис, хонхтой бөмбөг, суугаа волейбол, тэргэнцэртэй иргэдийн нэгдсэн холбоо, тэргэнцэртэй спорт бүжгийн холбоо, таэквондо, цанын гэхчлэн пара спортын 13 спортын холбоо албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг байна.

“Рио-2016” паралимпийн наадам 11 хоног үргэлжилж, есдүгээр сарын 18-д хаалтын ажиллагааны ёслол болно. Паралимпийн наадмын мэдээллүүдийг "Монголын мэдээ" суваг тоймлон хүргэх болно. 

Нийтэлсэн: Б.Назкеш

“Рио-2016” паралимп тамирчдаа илгээсэн улсуудын тоогоор дээд амжилт тогтоож байна  
Үзсэн: 2609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй