
Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, харилцан ойлголцлын санамж бичиг, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын Тамгын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
“Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Хэндрик Жэйгэр нар гарын үсэг зурлаа.
Мөн "Хөгжлийн туслалцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Хэндрик Жэйгэр нар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Канад Улсын парламентын Нийтийн танхимын Тамгын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Канад Улсын парламентын Нийтийн танхимын Тамгын газрын дарга Марк Боск нар тус тус гарын үсэг зурлаа.
Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.