Шууд Chart

Улаан бурханы вакцин хийлгээгүй 18-30 насны иргэдийг нөхөн дархлаажуулалтад хамруулна

2016-09-12 11:23:05

ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу манай улсад өнгөрөгч тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд 18-30 насныхныг улаан бурхан өвчний вакцинжуулалтад хамруулсан. Энэхүү дархлаажуулалтад 18-30 насны 600 мянга гаруй иргэн хамрагдах тооцоо байсан ч эдгээр иргэдийн 88.1 хувь нь хамрагдаж, 70 мянга гаруй иргэн зорилтот вакцинжуулалтад хамрагдаагүй үлдсэн юм.

Бүр тодруулбал, эдгээр иргэдийн дунд жирэмсэн байхдаа вакцинжуулалтад хамрагдаж чадаагүй ээжүүдээс гадна сайн дураараа вакцинжуулалтад хамрагдаагүй хойрго хандсан залуус байна. Харин 70 мянга гаруй иргэдийг улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулж, вакциныг хийж дуусга гэх албан тоот ХӨСҮТ-д иржээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа "Салбарын яамнаас улаан бурхан өвчний дархлаажуулалтад хамрагдаагүй 12-13 хувийн залуусыг вакцинжуулалтад хамруул гэх албан тоот ирсэн. Энэхүү албан тоотын дагуу улаан бурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй жирэмсэн байсан ээжүүд болоод 18-30 насны залуусыг нөхөн хамруулж байна. Тиймээс нөхөн вакцинжуулалтад орох иргэд өөрийн харьяа өрхийн болоод дүүргийн эмнэлэг дээрээ очоод вакциныг үнэ төлбөргүй хийлгэх ёстой. Хамгийн гол нь улаан бурханы идэвхжил ихэсдэг энэ сард өөрийгөө болоод гэр бүлээ эрсдэлд оруулахгүй нь тулд хариуцлагатай байж, вакциндаа заавал хамрагдаарай гэж уриалъя" гэлээ.

Дашрамд дурдахад, манай улс 2014 онд ДЭМБ-аас улаан бурхангүй улс гэх батламжийг гардан авч байсан ч 2015 оны гуравдугаар сард улаан бурхан өвчний анхны тохиолдол бүртгэгдэж, үүнээс хойш уг өвчний хоёр ч том дэгдэлт гарсан байдаг. Хамгийн сүүлийн мэдээгээс харахад улаан бурханы өвчлөл буурахгүй байгаа бөгөөд долоо хоногт 6-9 тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл нийслэлийн дөрвөн дүүрэг, улсын гурван аймагт улаан бурхан өвчний тохиолдол бүртгэгджээ.

Дэлгэрэнгүй зөвлөмжийг ЭНДЭЭС уншина уу.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Улаан бурханы вакцин хийлгээгүй 18-30 насны иргэдийг нөхөн дархлаажуулалтад хамруулна   
Үзсэн: 1853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.112.xxx] 2016-10-05 14:55
1 nas 7 sartai hvvheded hiih v

Бидэнтэй нэгдээрэй