Шууд Chart

Улсын комисс “Сүм хөх бүрд”-ийн бүтээн байгуулалттай танилцана

2016-09-13 15:25:30

Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байрлах "Сүм хөх бүрд"-ийн эртний түүх дурсгалт газрын экологийг сэргээж, аялал жуулчлалын бүс болгох ажил өнгөрөгч оны 11 дүгээр сард эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл одоогоор "Сүм хөх бүрд"-ийн нуур бүрэн сэргэж, гадна талаар нь хашаагаар хамгаалж, цэвэр бохир усны хоолой, гүний худгууд, хиймэл нуур, түүхийн музей, задгай шилэн тайз, 80 авто машины зогсоол, дөрвөн метр хүрхрээ, волейбол, сагсан бөмбөгийн талбай, амралтын гэр, явган хүний зам зэрэг олон бүтээн байгуулалтыг үе шаттай хийж дуусгаад байгаа бөгөөд нуурын шагшуурга энэ жил маш сайн ургасан нь нүүдлийн шувуу олноороо ирэх таатай орчныг бүрдүүлсэн байна. 

“Сүм хөх бүрд”-ийг аялал жуулчлалын бүс болгоход орон нутгийн төсвөөс 2.2 тэрбум төгрөг гаргасан бөгөөд ажлын гүйцэтгэгчээр "Санжат” компани ажиллажээ. Тус компанийн захирал З.Нацагдорж “Нуурыг тэжээх зориулалтаар гүний хоёр худаг гаргасан. Энэ төслийг хийсэн Техникийн ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Батдорж нуурыг сэргээснээр олон арван жилийн турш  гүний усны түвшин доошлохгүйг  нотолж байгаа. Бид өнгөрөгч тавдугаар сард гүний усыг худгаас нуур руу тавьсан. 24 цагт хоёр сая тонн ус шахахад 2.5 сая төгрөгийн цахилгааны зардал гарч байна лээ.  Үндсэндээ энд  530 метр цэвэр усны, ариутгах татуургын 240 метр шугам хоолой тавьсан. 1900 метр хамгаалалтын хашаа барьсан. Гүехэн болон гүн хоёр усан бассейнтай бөгөөд түүнийгээ томчууд, хүүхэд гээд хоёр өөр ангилсан. Дөрвөн метр шатлан буух усан хүрхрээ бэлэн боллоо. Нуурын гүн ердийн газраа 1.2 метр байгаа. 300 хүний суудалтай, шилэн тайз бүхий задгай театрт урлагийн тоглолт хийх зориулалттай. Сүмийн орчинд аялагчид хөрсөн дээгүүр биш зассан байгалийн чулуун талбайгаар явна. Одоо өдөртөө 300-400 хүн ирж сонирхож байгаа” гэж ярилаа.

Харин Адаацаг сумын Засаг дарга Ж.Батхөлөгөөс энэ талаар тодруулахад, “Энэ долоо хоногт Улсын комисс “Сүм хөх бүрд”-ийн бүтээн байгуулалттай танилцаж, газар дээр нь ажиллана. Комиссын дүгнэлтээс шалтгаалан ажлыг дуусгах эсэхийг шийдэх бөгөөд бидний тооцоолсноор энэ сард багтаан дуусгах байх гэж бодож байгаа” гэлээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Улсын комисс “Сүм хөх бүрд”-ийн бүтээн байгуулалттай танилцана  
Үзсэн: 5995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй