Шууд Chart

Отто Белл: Н.Айшолпаны дотор үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй хүн нуугдаж байгааг бид анзаарсан

2016-09-13 17:26:27

“Хыран-2014” бүргэдийн баярт анх удаа эмэгтэй бүргэдчин оролцож, түрүүлсэн нь олон улсын анхаарлыг ихэд татсан. Тус баярт 72 бүргэдчин өрсөлдсөн юм. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн 13 настай Н.Айшолпан охин Британийн "BBC" агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, улмаар “The Eagle huntress” хэмээх баримтат киноны гол дүрийг бүтээсэн билээ.

АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй "Олгилвы Энтертайнмент"-аас Монголын цор ганц бүргэдчин охины амьдралаар кино хийсэн.   Найруулагч Отто Беллийн хамгийн анхны богино хэмжээний баримтат кино болох "The Eagle Huntress" киноны тухай  Лос-Анжелесийн зохиолч, гэрэл зурагчин Том Гианакопоулосийн бичсэн нийтлэл www.documentary.org цахим хуудасны "Онцлог кино буланд" нийтлэгдсэн байна.

Отто Белл Их Британийн кино найруулагч бөгөөд Нью-Йоркт амьдардаг. Тэр "The National Geographic" сувагт өгсөн ярилцлагадаа "Охины дотор байгаа тэр их агуу сэтгэлийн тэнхээ намайг гайхшруулсан. Айшолпан өөртөө маш итгэлтэй, зураг авалтын явцад хийж байгаа үйлдлүүдээ зөв гэдэгт итгэл дүүрэн байсан. Зураг авалтын баг 50 градусын хүйтэнд даарч, арай гэж хөдөлж байхад Айшолпан өвдгөө давсан цасан дунд алхаж, хүнд бүргэдийг өргөж явсан. Тэр маш даруухан боловч камерын өмнө чөлөөтэй байдаг. Айшолпанд жүжиглэх шаардлага байгаагүй. Учир нь бидний зорилго ч гэсэн түүний байгаа байдлыг хальсанд буулгаж, бяцхан зүрхэнд нь нуугдах эр зоригийг харуулах байсан юм" гэжээ.

87 минут үргэлжлэх "The Eagle Huntress" киноны дууг Австралийн нэрт дуучин Сиа дуулсан байна. www.documentary.org  сайтад "Охидыг бүргэдийн анд сургах тохиолдол байдаггүй бөгөөд цорын ганц бүргэдчин охин бол Н.Айшолпан. Түүний гэрийнхэн удмаараа бүргэдийн ан хийдэг аж. Зоримог, чадалтай, тэвчээртэй охин бүргэдтэйгээ туулай, үнэг, хярс зэрэг ан хийдэг аж. Бүргэдийн ангийн хамгийн том нь чоно байдаг аж. Тэгээд үнэг, хярс, туулай, мануул барьдаг бөгөөд өөрийнх нь агнасан ангийн махаар бүргэдээ тэжээнэ. Бүргэд 8 кг жинтэй бөгөөд ганц гар дээрээ суулгаад ан хийнэ, сургана гэдэг амаргүй"-г онцолжээ. 

Кино найруулагч Отто Белл "Тэр бүргэдэд маш их хайртай. Гаднах байдал нь эр хүнээс дутахгүй хүч тэнхээтэй боловч түүний дотор үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй хүн нуугдаж байгааг бид анзаарсан. Нэг удаа би түүнийг нууцаар хумсаа ягаанаар будаж байхыг нь харсан. Дараа нь энэ мөчийг кинондоо ч гэсэн оруулахыг хүссэн" гэсэн байна.

Нийтэлсэн: Б.Назкеш

Отто Белл: Н.Айшолпаны дотор үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй хүн нуугдаж байгааг бид анзаарсан   
Үзсэн: 2442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Aisholpan [202.70.34.xxx] 2016-09-14 09:45
Bidnii baharhal, mundag ohin

Бидэнтэй нэгдээрэй