Шууд Chart

УИХ-ын дарга “Намрын ногоон өдрүүд-2016”-ийн нээлтэд оролцов

2016-09-15 14:00:29

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдийн шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч иргэнд хүргэх, төр засгийн бодлогыг түмний хүртээл болгох зорилготой зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-2016” нэгдсэн арга хэмжээний нээлтэд оролцов. 

“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриатайгаар 11 дэх жилдээ зохиогдож буй тус арга хэмжээний нээлтэд мөн УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Ц.Гарамжав, Засгийн газрын гишүүн,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, үйлдвэрлэгчид, малчид, тариаланчид, ногоочдын төлөөлөл оролцсон юм. 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, энэ намар улсын хэмжээнд 501 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 тонн хүнсний ногоо, 32.5 мянган  тонн тосны ургамал, 46.4 мянган тонн малын тэжээл тус тус хураан авах урьдчилсан төлөвтэй байгааг танилцууллаа. Мөн 2015 оны мал тооллогын дүнгээр малын тоо 55.9 сая толгойд хүрч, өмнөх оныхоос 3.9 сая толгой буюу 7.9 хувиар өсч, түүхэндээ анх удаа 19 сая гаруй төл мал хүлээн авчээ. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй хүнсний хэрэгцээг хангахад хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар онцгой үүрэгтэй болохыг Засгийн газар онцлон, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө олон зорилт тусгаад байгаа талаар П.Сэргэлэн сайд танилцуулсан юм. 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, жимс, жимсгэнэ, ногоо, мах, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг малчны хот, тариан талбайгаас шууд хэрэглэгчийн гарт хүргэх сүлжээг бий болгох асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусган ажиллаж байгаагаа дуулгасан юм. Ингэснээр нийслэлийн 1.3 сая иргэн эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах бололцоо бүрдэхийн зэрэгцээ малчин, тариаланч, ногоочдын орлого нэмэгдэх ач холбогдолтой болохыг тэрбээр тэмдэглэн хэлсэн. 


УИХ-ын дарга “Намрын ногоон өдрүүд-2016”-ийн нээлтэд оролцов  
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй