Шууд Chart

Бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насныхан байна

2016-09-20 10:09:16

Манай улсад жилдээ 180 мянга орчим оюутан 100 гаруй их, дээд сургууль, коллежид элсэн суралцдаг бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 тоот тушаалын дагуу жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Үүнтэй холбогдуулан Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлагийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран өнөөдөр 16:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд "Эерэг хандлага-Эрүүл оюутан" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

ДЭМБ-ын 2015 оны судалгаагаар нийт хүн амын гуравны нэг буюу 989 мянга нь 18-35 насныхан байдаг. Харамсалтай нь ирээдүйн гэр бүл болсон, ид хийж бүтээх насны залуусын дунд халдварт болоод халдварт бус өвчлөл их байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Тухайлбал,  БЗДХ-аар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насны залуус байна. Мөн үр хөндөлтийн 18.168 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 224.6 ногдож байна. Ийм учраас оюутан, залуусыг аливаа нэгэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хандлагыг нь өөрчлөх, өөрийгөө хөгжүүлэхэд нь зориулсан арга хэмжээг зохион байгуулж байгаагийн эхлэл нь энэхүү өдөрлөг юм.

Өдөрлөгт Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ болоод албаны хүмүүс оролцохоос гадна Uvertura, Extasy, Мотив хамтлаг болон залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх ажээ.

Мөн өдөрлөгийн үеэр өндөр шагналтай хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулж оюутан, залуучуудын эрүүл мэндэд хэрэгтэй хувь хүний хөгжлийн болон эрүүл мэндийн чиглэлийн лекц зохион байгуулах юм байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насныхан байна  
Үзсэн: 2349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй