Шууд Chart

Т.Цэрмаа: “Чандага” дуудлагатай шарга мориндоо хүүхдүүд шигээ хайртай байсан

2016-09-27 11:22:55

Монголын морин спортын анхны мастер эмэгтэй, гавьяат тамирчин Төмөржаагийн Цэрмааг бид “Гэрт нь” буландаа урилаа. Уг нь түүнийг улсын баяр наадмын үеэр урихаар хэд хэдэн удаа холбогдсон боловч гэртээ байх нь ховор байснаар өнөөдрийг хүрэв. Тэрбээр Монгол Улсын тод манлай уяач, “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн ээж. Зарим уншигч энэ талаар сонсоогүй байж болох юм.  

Би түүнийг зүс танихаас цаашгүй ч утсаар ярих бүрт “Нөгөө сэтгүүлч залуу юу. Эгч нь одоо Говь-Алтайд, эсвэл Дорнод аймагт явна” гээд л хэдийнээ танил мэт ярина. Харин миний хүсэлтийг хүлээж авсан өдрөө буюу өнгөрсөн пүрэв гарагт “Чи 12:00 гэхэд манайд хүрээд ирж амжих уу. Би тэр үеэр гэртээ очих юм. БНСУ руу явах гэж байгаа болохоор гадуур амжуулах ажил их байна” гэлээ.

Хэдэн сар “хөөцөлдсөн” болохоор товлосон цагаас нь нэг ч минут хоцрохгүйн тулд эртлэн гарч гэрийнх нь өмнө очоод утас цохив. Тэгэхэд тэрбээр хаанаас ч юм бүү мэд “Аан би чамайг харчихлаа. Ороод ир” хэмээн гэрээ зааж, хаусныхаа үүдийг онгойлгоод зогсч байх нь тэр.  

Намайг үүдээр дөнгөж оронгуут мэнд ус мэдээд “Хоёулаа бараг зэрэг орж ирлээ шүү. Энэ өрөө рүү орж бай” хэмээн гал цогтойхон дуугаар зочны өрөөгөө заав. Хоймортоо гэр бүлийнхээ хүнтэй авахуулсан зургаа өлгөсөн байсан бол баруун доод хэсэгт нь шүтээнээ байрлуулжээ. Гүйлгэж ажиглавал хана болон шүүгээндээ ихэвчлэн морьны зураг, сувинер багтаажээ. 

Тэрбээр миний өөдөөс харсан буйдан дээр сууж, нэр ус мэдэн гол яриандаа шууд орохыг илтгэхийн зэрэгцээ мөнгөн аяганд айраг аягалж барив.

Та гэртээ бараг байдаггүй бололтой гэхэд “Зуны улирлыг би аялал, амралтын журмаар өнгөрүүлдэг. Гэхдээ энэ жилийн хувьд өнгөрсөн зургаадугаар сарын 25-наас хойш сайн амарсангүй. Хүүгийнхээ морины уяан дээр очдогоороо очсон. Манайх Дорнод аймагт амралтын газартай юм. Тэнд гэр бүлээрээ цуглаж, амарцгаасан. Мөн өнгөрсөн наймдугаар сарын 23, 24-нд Бат-Эрдэнийн Монгол Улсын тод манлай уяач цолны мялаалга Говь-Алтай аймгийн төвд болоход бас явж, хэд хонолоо. Хүү маань энэ цолыг уг нь гурван жилийн өмнө хүртсэн юм. Ажил нь амжихгүй байсаар энэ жил л тэмдэглэлээ. Зургаан насны нийт 1000 орчим морь шандсаа сорьж, 128 бөх барилдсан” гэв.

Түүнтэй уулзсан хүмүүсийн олонх нь морь ярина. Бараг “гэзэгтэй эр хүн” ч гэж хэлж болно. Та бараг таарсан хүн болгонтойгоо энэ сэдвээр ярьдаг байлгүй. Иймд одоо ярихад илүүц санагдаж байна уу гэхэд “Үгүй шүү. Би морь ярихдаа дуртай, уйддаггүй. Миний аав олон сайхан адуутай, олон хүүхэдтэй хүн байсан. Аавынхаа буянаар л энэ эрдэнэт хүлэгтэй нэр холбогдсон доо. Миний ээж 10 гаруй төрсөн ч найм нь хүн болсон юм. Бид багаасаа морь унаж өссөн. Тийм сайхан тэнгэрлэг амьтантай “нөхөрлүүлсэн” ааваараа би бахархдаг. Аавын тухай ярих ямагт сайхан байдаг биз дээ. Одоо манай хамгийн том ах 70 гарсан бол хамгийн бага нь 50 гаруй настай. Хоёр дахь ах маань сонгомол морин спортын холбооны даргаар олон жил ажилласан, Монгол Улсын манлай уяач цолтой хүн байдаг. Аав адуунд дуртай байсан болохоор ч тэр үү бид бүгдээрээ адуунд элэгтэй. Удам судар нь тийм болохоор хүүхдүүд нь ч алтан туурайттай ойр байхыг хүсэх юм даа” хэмээн бахархангуй инээмсэглэлээ.

Тэрбээр морин спортын тамирчин байсан хүн. Тиймээс “Ялангуяа эмэгтэй хүнд энэ спортын төрөл хүнд байсан уу” гэхэд “Ер нь хүнд спортод ордог. Мөн эр зоригийн таван спортод зүй ёсоор нэрлэдэг. Эр зоригийн спортод мото, шүхэр, морь, уул зэрэг спортын төрөл багтдаг. Надад морин спорт хүнд байсан ч миний заяа адуутай л нөхөрлөх байсан байх. Морио л харж байвал баяр минь бялхана. Хүний тавиланг бурхан багш заадаг гэдэг дээ. Тэгэхээр минийхийг “Чи морьтой нөхөрлөж байж л хоолоо олж иднэ” гэж заасан байх” гэлээ.

“Аав, ээж тань өөр мэргэжил эзэмшүүлэхийг хүсээгүй юу” гэхэд “Аав маань адуунд дуртай байсан болохоор миний аяыг харж, морин спортод орно гэхэд баярласан. Харин ээж эмч, багш зэрэг мэргэжилтэй болгох гэж их ятгасан. Гэвч би ээжийнхээ саналыг тас эсэргүүцсэнээр өнөөдрийг хүрсэн ч сайхан л амьдарч байна. Адуу гэдэг амьтан буян дагуулдаг гэдэгт би итгэдэг. Энэ спортыг дагахдаа би ханьтайгаа ч учирсан. Би Батлан хамгаалахын туслах нийгэмлэгт морин спортын тамирчин байлаа. Хань маань мөн тэр нийгэмлэгт олон жил жолооны багшаар ажиллаж байгаад хүнд даацын тээврийн жолооч хийж байсан. Монгол Улсдаа бараг яваагүй газар байхгүй байх. Бид нэг байгууллагад ажиллаж байхдаа танилцаж, гэр бүл болсон” гэлээ.

Гэрийн эзэн моринд хэр сонирхолтой вэ гэхэд “Анх нэг их сонирхдоггүй байсан. Харин хүү нь олон сайхан морио наадмуудад түрүүлүүлж, айрагдуулахаар өөрийн эрхгүй татагдаад байх шиг байна. Дуртай болоод байгаа” гэв.

Хүмүүс “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийг илүү танина. Харин том хүү Х.Батбаасанг төдийлөн мэдэхгүй. Тиймээс түүний талаар товч өгүүлэхэд дүүгийнхээ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахаас гадна авто машины “улаан” хоббитой. Хүмүүс зөвхөн сувинер төдийхөн цуглуулдаг бол тэр бодитоор нь нэлээн үнэтэйгээс нь цуглуулж, граждаа хадгалдаг юм.  

Энэ тухай ээжээс нь асуухад “Хуучны машин ихэвчлэн цуглуулдаг. Би нөхөртэйгээ танилцаад удаагүй байхдаа ОХУ-ын “Чак” гэдэг машин унадаг байлаа. Одоо ч бий л дээ. Дээхэн Ю.Цэдэнбал дарга унадаг байсан гэсэн.

"Чака" нэртэй түүний төмөр хүлэг.

Мөн отгон хүү ОУХМ Х.Батболд ч машинд дуртай. “Дакар ралли”-д уралддаг болоод гурван жил болж байна. Машинаа өөрөө ч хийчихнэ. Сэлбэгийг нь худалдаж авч байгаад угсарчихдаг юм. Хэдхэн хоногийн дараа говь руу “УАЗ-469” авто машинаар уралдахаар бэлтгэж байна. Энэ хоёрыг машинд дуртай байдагт аав нь их баярладаг. Өөрөө жолооч байсан болохоор арга ч үгүй биз. Манай хүн машин гэвэл нүд нь сэргээд л ирнэ. Өнөөдөр л гэхэд “Хүний машины мотор засч өгнө” гээд гараад явчихлаа. Тэгэхээр манайхан машин, морь гэсэн хурдан “юм” сонирхож байгаа биз. Яахав дээ, залуу хүмүүс дуртай зүйлээ хийг. Бидний үед хурдан морь, машин хоёрыг нэг их сонирхдоггүй байлаа. Харин цаг өөр болсон энэ үед тэд нийгэмтэйгээ хөл нийлүүлээд л яваг” гээд аягатай айрагнаасаа залгилах зуур нь “Энэ жил танай хүү хэрхэн наадав” гэхэд “Энэ жилийн наадам сайхан болсон. Гэхдээ илүү олон түрүү, айраг хүртэх байх гэж бодож байсан ч миний хувьд санасанд арай хүрсэнгүй. Улсын баяр наадмын эрлийз дээд насанд азарга, монгол дааганы уралдаанд даага түрүүлсэн. Морь хурдлахад уралдаанч хүүхэд маш их чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай морийг унадаг байсан хүүхдүүд энэ жил хүнддээд өөр хүүхдүүдээр унуулсан. Гэтэл шинэдсэн юм байлгүй барагтай унаж чадсангүй. Гэхдээ гололтгүй ээ, зүүн бүсээс ч хоёр айраг амссан. Сайхан л наадлаа. Хамгийн гол нь хүүхэд, морь хоёр эсэн мэнд уралдаад ирэх нь сайхан” гэв.

Тэднийхийг жилд хэдэн морь сойдгийг лавлахад “20 орчим. Заримыг нь улсын баяр наадамд, бусдынх нь шандсыг даншиг, бүсийн наадамд сориулдаг. Хүүгийн маань хурдлуулж байгаа адуу сүүлийн зургаан жил улсын наадмаас түрүү, айраг хүртэж байна. Жил бүрийн наадамд айраг амсахаар “Энэ жил тэр морь айрагдах болов уу” гэсэн таамагтай болчихдог юм байна” гэв.

Та наадмын талбайд тод манлай уяачдын малгайтай адилхан малгай өмсдөг. Зарим хүн таныг “Морь уядаггүй байж ийм малгай өмслөө” гэх нь ч бий гэхэд “Тийм зүйл ажиглагддаг. Нэгдүгээрт, би морины хүн. Хоёрдугаарт, холч сайн морины улсын болон хотын уралдааны хэд хэдэн удаагийн аварга болж байсан болохоор намайг ингэж үнэлсэн юм. Морин спортын холбооноос уяачдад цол олгодог бол малгайныхаа оройг бүх уяач өөрсдөө дархчуудаар хийлгэдэг. Тод манлай уяачийн малгайг минийхээс ялгахыг хүсвэл залааг нь хараарай. Өөр байгаа. Харин мэддэггүй хүмүүс “Та уяач уу” гэж асуудаг” гэв. Малгайны оройг “Цэвэр алтаар хийлгэсэн гэх юм билээ. Энэ үнэн үү” гэвэл  инээмсэглэснээ “Тийм зүйлийг цул алтаар хийлгэнэ гэдэг баргийн хүний хийдэг ажил биш байх. Цэвэр мөнгөөр цутгаад, алтаар бүрсэн. Гэхдээ манайд цул алтаар хийсэн чонын шагай, ээмэг, бөгж, бүсний арал зэрэг л байна” гэхээр нь “Таны шүдийг ч бас алт гэх юм. Зарим хүнд сонин болгох үүднээс асууж байгаа юм шүү” гэхэд “Томхон шиг ангайгаад инээчихье. Алт мөн л байгаа биз дээ” хэмээснээ “Шүдний алт гэж тусдаа байдаг юм. Гэхдээ би гангалах гэж үүнийг хийлгэсэнгүй. Өвдөөд байхаар нь шүдээ авахуулаад  ган шүд хийлгэх гэсэн боловч эмэгтэй хүнд гоё харагдахгүй байх гэсэн үүднээс шүдний алтаар чамин болгож хийлгэсэн. Гэтэл зарим хүн “Алтай констракшн”-ий Х.Бат-Эрдэнэ, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, их аварга Д.Дагвадорж нарын ээж гэхээр нэг л их алтаар булхсан хүмүүс байдаг гэж ойлгодог шиг байгаа юм. Угтаа бол бид энгийн л гоё ээжүүд. Залуу байхдаа жолооч нөхрөө Монгол гэртээ хүлээгээд л суудаг байлаа. Харин насны эцэст хань, үр хүүхдүүдийнхээ буянд сайхан амьдарч явна. Залуудаа тийм сайхан зүйлээр гангарч явсангүй. Гэтэл хөндлөнгийн хүмүүс биднийг тусгай ордонд төрсөн юм шигээр хараад байдаг. Бидний ингэж амьдрахыг бурхан багш л зурсан байх. Гэтэл зарим хүн бидэнтэй ярилцахаараа үгээ цэгнээд нэг л өөр болчихдог. Адгийн наад зах нь харц нь хүртэл өөр харагддаг. Тэр үед надад “Энэ хүмүүс яах гэж өөрсдийгөө ингэж өөрчилдөг юм бол. Надтай энгийн хүмүүстэй ярилцдаг шигээ ярьж болдоггүй юм байх даа” гэсэн бодол төрдөг. Би үр хүүхдүүдээ худлаа яриулж, хулгай хийлгэж сургасангүй. Тэрний ач л өнөөдөр ирж байгаа байхгүй юу” гэхээр нь юм үзсэн хүний амнаас үг сонс гэдэг болохоор одоогийн залуусын нийгэмтэй харьцах хандлагын талаар асуулаа. “Нуух юу байх вэ, сүүлийн хэдэн жил зөвхөн залуусыг ч бус бүх хүний амьдралыг өнөөгийн төр доройтууллаа. Үүнийг нь дагаад сургаалийн сайхан үг, урам хайрласан үг хэлдэг хүн ховордож. Залуучууд маань ч аливаа юмыг бэлэнчлэхийг урдаа барьдаг болж. Нүүр харахаараа сайхан инээж, магтчихаад гараад явахаар муулдаг хүн олон байна. Тиймээс би ач, зээ нараа 18 жил өсгөхдөө тийм болгочихгүйн тулд чадахаараа хүмүүжүүлсэн. Өөрсдөөр нь аяга, таваг, шал угаалгаж, хог шүүрдүүлдэг. Энэ бол наад захын л ажил. Мөн дээрээс нь хөдөлмөрч байхыг сургадаг. Юмандаа арвич, хямгач, хөдөлмөрч байж гэмээнэ сайхан амьдрал үзнэ. Манай хүн дуу цөөнтэй бол миний ам дуугай байх нь ховор. Би дөрвөн хүүхдээ эрхлүүлж байгаагүй. Эрхлүүлсний зөв, эрхлүүлээгүйн буруу гэж байдаггүй. Миний дөрвөн хүүхэд багаасаа хөдөлмөрлөсөн. Аав нь тээврийн тэрэг барьдаг байсан болохоор гэртээ шөнө, өдөр алинд нь ч ирнэ. Тэгэхээр бүгдээрээ аптирик бариад дугуйных нь хээнд хавчуулагдсан чулууг түүнэ. 20 тоннын даацтай машины дугуйг Х.Батбаасан, Х.Бат-Эрдэнэ хоёр 12 орчим настай байхаасаа л сольж эхэлсэн. Эхэндээ хуруу гараа хавчуулдаг байсан ч төд удалгүй сурчихсан. Хүүхдийг багаас нь биеийг нь даалгаж юм хийлгэх хэрэгтэй. Алсдаа хэрэгтэй байдаг юм” гэв.

Хадбаасан гуай тээврээс ирээд хүүхдүүдийнхээ хичээлийг байнга давтуулдаг байсан гэсэн. Зураг дээр отгон хүүдээ хичээлийг нь зааж өгч байгаа бол наана нь Батбаасан, Бат-Эрдэнэ нар шоо эвлүүлэн тоглож байна. Харин цаана нь охин нь ээжтэйгээ үйл урлаж байна.

Т.Цэрмаа гэр бүлийнхээ хүнийг тээврийн аян замд нь хүүхдүүдийнхээ хамт үдэж өгч буй агшин. Зураг дээр хамгийн наад талд нь одоогийн мотоспортын ОУХМ Батболд, "Алтай констракшн" ХХК-ий захирал Бат-Эрдэнэ, гүйцэтгэх захирал Батбаасан, охин Бадамцэцэг нар. 

Танай гэр бүлийн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гардаг. Сүүлдээ дассан байлгүй гэхэд тас, тас хөхөрснөө “Өөрийн эрхгүй дасдаг юм байна. Бидний тухай сонин, сэтгүүлд зөндөө бичдэг. Харамсалтай нь тэдний ихэнх нь худлаа байдаг. Энд тэнд явж байхаар толгойноос хөл хүртэл зураг аваад л. Сүүлдээ би тэдгээр сэтгүүлчдийг таньдаг болсон. “Нөхөр минь чи худлаа юм бичихгүй шүү” гэхээр инээгээд явчихдаг. Хөдөлмөрөөрөө олсон энэ одон, тэмдгээ би хэнээс ч нуухгүй. Гагцхүү миний зүүсэн ээмэг, бөгж, хувцас хэнд хамаатай юм бэ. Гэхдээ сүүлийн үед манай сэтгүүлчид арай өөр болоод байгаа шүү” хэмээн өмөөрөв.

Х.Бат-Эрдэнийн бизнес анх юунаас эхэлснийг асуухад “Дээхэн өр зээл ч тавьж болдоггүй байлаа. Аав нь хуримтлуулсан хэдэн төгрөгөө хандивласан. Тэгэхэд Х.Бат-Эрдэнэ Х.Батбаасан ахтайгаа III, IV дүгээр хороололд тоосгоор машины граж барьж эхэлсэн. Ах нь токорчин болохоор гагнах юмыг нь хийнэ. Ийнхүү бага багаар ахиулсаар орон сууц руу орсон. Олон айлыг гэртэй болгож, тамирчин, дуучдыг ч ивээн тэтгэж сайхан амьдралтай залгуулж байгаа болохоор бид их бэлгэшээдэг. Сонирхуулахад хүү маань багадаа хөөрхөн барилддаг байлаа. Улсын шонхор цолтой. Хүүхдийн барилдаанд түрүүлж, энэ цолыг хүртсэн юм. Би бөхийн удамтай болохоор Бат-Эрдэнийг бөх болгох хүсэлтэй байсан ч бизнес эрхлээд тамирчин болох нь лөөлөө болсон” гэв.

Улсын шонхор Х.Бат-Эрдэнэ. Аав, ээжийн хамт.

Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбатаас улаан хүрэн өнгийн цэмбээр залуучууд дээл хийлгэж өмсөх нь ид мода байлаа. Х.Бат-Эрдэнэ ч бөхийн спортоор "өвчилж" байхдаа тэр моданаас тойрсонгүй бололтой.

Адуутай олон жил ойр байсан та энэ амьтнаас юуг илүү анзаарсан бэ гэвэл “Алтан туурайт гэдэг чинь маш их ухаантай. Зарим хүн нэгнээ “Мал шиг” гээд загнадаг. Миний хувьд юун мал. Адуу гэдэг чинь зарим хүнээс ч ухаантай. Би таван настайгаасаа морь унаж сурсан гэж дээр хэлсэн. Тэгэхээр энэ амьтны талаар ярихад хэлэх үг маань элбэг байна. Морин тойруулгад тамирчин байхдаа би морьдоо “Чи яагаад саад дээгүүр харайж чаддаггүй юм” гэхээр загнаж байгааг мэддэг. Тэгэхээр нь “Миний морь сайн шүү. Дараа нь чи харайж чадна аа” гээд сахар, лууван өгөөд “эрхлүүлэхээр” тэс өөр болдог. Морин спортод би 40 орчим жил ажилласан болохоор энэ тухай ярих бүртээ сайхан байдаг” гэлээ.

Тэгэхээр нь та хамгийн их хайрладаг байсан морины тухай яриач гэвэл “Сургасан морь болгондоо хайртай. Гэхдээ намайг болон өөрийгөө амжилтад хүргэсэн “Чандага” дуудлагатай шарга мориндоо хүүхдүүд шиг ээ хайртай байсан. Тухайн үед намайг “Чандага Цэрмаа” гэдэг байлаа. Би олон хүүхэдтэй гэсэн шалтгаанаар 1990 онд тэтгэвэртээ суусан юм. Тэр үед надад их хэцүү байсан. Шарга морио санаад өдөр нь бодож, шөнө нь зүүдэлж, уйлж явсан ч үе бий. Тэр байдлыг ажлынхан маань ойлгож, намайг ажилд эргүүлэн авч, дасгалжуулагчаар ажиллуулсан. Гэхдээ би тэр шарга морио сэтэрлээд тавьсан” гээд дуугаа намсгав.

"Чандага" дуудлагат шарга морь Т.Цэрмаа хоёр мөн ч олон түүхийг бүтээсэн гэдэг.

Тэрбээр “Мандухай цэцэн хатан”, “Сэрэлт” зэрэг хэд хэдэн киноны орлон тоглогчоор ажилласан. Энэ тухай ярианы сэдэв сөхөхөд “Би Батлан хамгаалах туслах нийгэмлэгт 1965 онд сонгомол морин спортын тамирчнаар орж байлаа. Энэ морин спортын төрөлд морийг уран явдалд сургах, харайлгах, хэвтүүлэх, сагсан бөмбөг тоглох гээд морин дээр хийж болох бүх тоглолтыг үзүүлдэг. Ж.Самбуу дарга, Ю.Цэдэнбал дарга хараад л. Би ч залуухан, зоригтой байж. Тэр үед манай нийгэмлэг 12 тамирчинтай байсан. Тэдний хоёр нь эмэгтэй байсан ч нөгөөх маань өөр ажил хийхээр гарч, би эмэгтэйгээс ганцаараа үлдсэн. Тэр үед “Өглөө” кино хийгдэх гэж байгаа сураг гарав. Тэгэхэд би орлон тоглогчоор анх ажилласан. Дараа нь “Мандухай цэцэн хатан” кинонд ажиллахдаа Ардын жүжигчин, төрийн соёрхолт Н.Сувд гуайд зааж өгсөн. Тэр зоригтой хүн дээ. Надаар заалгаж байгаад л “Би өөрөө морио унаж тогломоор байна” гээд л мордсон. Энэ кинонд би морьноос унаж, чирүүлж байгаа зэргээр гардаг. Тухайн үед би метр 60 см-ын өндөр, хоёр метр өргөнтэй саад дээгүүр морио харайлгадаг байсан. Тухайн үед морьтойгоо унаж, бэртэж л байлаа. Гэхдээ би тоотой унасан шүү. Адууны буян гэдэг тэр л байх” гэв.

Бидний ярилцлага ингээд өндөрлөсөн юм. Та бүхэн фото сурвалжлагад анхаарлаа хандуулна уу.

Цаана нь түүний хүртсэн медаль, хурдан хүрэн морь нь улсын баяр наадамд түрүүлж, тод магнай торгон жолоо өргүүлэхэд нь хүртсэн алтаа жолоо зэрэг харагдана.

Энэхүү хусуур, сойтогыг түүний төрсөн ахын хүү сийлж, дурсгасан гэсэн. Тэгэхээр тэднийхэн барилдана ч, уралдана ч, сийлнэ ч. Ер нь юм юмны авьяастай байгаа биз.

Тэдний хүүхдүүд ямар нэгэн шагнал хүртэхээрээ хамгийн түрүүнд аавынхаараа орж, үнсүүлдэг гэсэн. Мөн бай шагналаа үлдээдэг байна. Энэхүү батламж бол Х.Бат-Эрдэний энэ жилийн улсын баяр наадмын эрлийз дээд насанд түрүүлсэн азарганы батламж. Тэрбээр "Хүүхдүүд маань "Бид энэ гэрт л та өдий зэрэгтэй хүрсэн болохоор энэ алдар гавьяа та хоёрынх" гэж өвгөн бид хоёрыг хэлдэг" гэв.

Цуут ажнай зандах хүрэн морины зургийг тэр хадгалж явдаг байна.

Цагных нь зураг хүртэл морь.

Х.Бат-Эрдэнэ 2013 оны улсын баяр наадамд эдгээр зургаан адууг түрүүлүүлж, айрагдуулж ховор боломжийг болгосон. Нэг хүний зургаан адуу эзэн, уралдаанч хүүхэд, хурсан олноо баярлуулна гэдэг үнэхээр ховор тохиох их хувь билээ.

Дараа нь бид тэдний өрөөнүүдэд зочилсон юм.

Хөвгүүд нь аавдаа хуучны автомашины ийм сувинер бэлэглэжээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Цэрмаа: “Чандага” дуудлагатай шарга мориндоо хүүхдүүд шигээ хайртай байсан   
Үзсэн: 11963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [103.10.22.xxx] 2017-01-08 23:58
Huuhdiuud ni oligtoi bolobsrolgui,aab,eej ni ajil huugeed baisan yumgui,hetsuuhen ybaisan.Getel baterdene ni gazriin naimaagaar bayajij ger hoolold yadruuhan bsan ail ulgeriin yum shig 180 gradus ergesen dee.Hen luibar hiij chadna ter hun saihan amidardag tsag shuu dee
Mani met ni ichie ain yun mori unah 10 minut amisgaadfahguigeer guij chadahgui archaagui amisgaanuud [70.174.161.xxx] 2016-11-30 21:41
Za yun goe yum be egch chni!!! Ehnii zurgiig xarchihaad yun ih mahalchihsan yum dunguj 40 garch 50 ch hureegui l bn dag gej bodson shdee! Getel yalaa genee 65 ond ali hediinii ajildaa mergeshchihsen bsan baih shivee. Za yostoi saihan egch bn. Bayarlalaa iim hudulmurch saihan huuhduud humuujuulj Mongol ulsdaa huvi nemer oruulj ugsun yavdald tani.
Зочин [98.226.83.xxx] 2016-11-28 01:59
durtai zuildee setgel zurhkee zoriulaad saihan l amidarch baigaa emegtei bna.
iim agyy emegteichyydiig mandyylah heregtei!!! [148.60.180.xxx] 2016-11-26 18:28
erchyydees dytahgyi agyy emegtei bna?
Зочин [202.179.8.xxx] 2016-11-16 11:20
Цэрмаа гуайг бага байхдаа 1970-аад онд морин тойруулга дээр морьтны гайхамшгийг үзүүлж явахад нь харж байсаан. Үнэхэр мундаг эмэгтэй байсан.
Зочин [180.149.93.xxx] 2016-11-09 11:44
Хувь заяа, буян хишиг ихтэй л хүн юм. Ялангуяа үр хүүхэд сайн явна гэдэг санааных биш хувь тавилангийнх байдаг байх. Урт наслаж, үр хүүхдүүддээ олон жил хайрлагдаж явахыг хүсье.
Sain yavah sanaaniih shuu! [70.174.161.xxx] 2016-11-30 21:48
ur huuhed sain yavna gedeg sanaaniih shuu! tavilangiinh bish! Aav eej ni zuv amidarch hudulmurch zutgeltei hund muu uil hiihgui baihaa sanaj setgej baij l ur huuhed ni ter nugel hilenzgui baihaa sanaagaaraa udirdaad alham tutmaa anhaarch huuhdee surgaj humuujuulj zuv hun bolgon amidarch bj sain yavaa yumaa. Tiimees etseg ehchuud ur huuhdiinhee tuluu muu buhnees sanaagaaraa tatgalzaj shunal buzraa hyanaj chaddag bh heregtei! Tiimees etsgiin hiisen uiliin ur lai lanchig 3 uedee ch uurne gesen baidag yumaa!
Soongo [103.26.194.xxx] 2016-11-06 16:43
За одоо яахав дээ, хэн нь байтлаа цэвэр хөдөлмөрөөрөө баяжсан юм бэ, хэрээ хэрээнийхээ харыг гайхаад одоо яахав дээ, нүүрийн буянтай, инээмсэглэсэн сайхан эгч байна аа, монгол морио харахаар хэн хүнгүй огшдог шүү, танай гэр бүлд сайн сайхныг ерөөе
Sain yavah sanaaniih shuu! [70.174.161.xxx] 2016-11-30 21:50
yavahaaraa aandaa negees nuguu ruu uyaldaad holbogdood harilzan hurungujuud irch bgaa yum! Xudulmur huniig humuujuulne!
Ганбаа. [202.9.42.xxx] 2016-11-06 10:25
Хотын ерөнхий архитектор н.Цэлмэгийн жолооч болж,хотын аль өөдтэй,өнгөтэй газрыг луйвардан авч Х.Бат-эрдэнэ баяжисан даа.Газрын наймаачд-н гагцхүү үнэн нь энэ л байна.
bat [202.70.43.xxx] 2016-10-24 10:19
chak bish.chaika,orchuulbal tsahlai gedeg mashin shuu dee.yadahdaa mashin deerh neriig ni unsh l daa.medleg bolovsroloo deeshluuleechee,zaluusaa.bas hunii untlagin oroond hamaagui orj,zurgiig ni niitleh...medehgui umdaa,busad orond bol arai ooroor harah baih.
Зочин [202.9.42.xxx] 2016-10-13 11:32
Буянтай хөгшин байнаа.

Бидэнтэй нэгдээрэй