Шууд Chart

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барилаа

2016-10-07 15:26:48

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300.0 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа, үйлчилгээ зэрэг  эдийн засгийн томоохон салбаруудад 240.0 гаруй мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг.

Энэ нь нийт ажиллагчдын 47.5 хувийг эзэлж байгаа юм. Үндэсний статистикийн болон нийгмийн даатгалын байгууллагын тоо мэдээнээс үзвэл малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан төлөвтэй байна. Энэ байдал үргэлжилвэл нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тоо мэдэгдэхүйц өсч төсөвт ачаалал үүсгэх сөрөг үр дагавартай юм байна. Тиймээс УИХ-ын зарим гишүүд  Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.

Монгол Улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд томоохон хувь нэмэр оруулж байгаа эдгээр салбарт ажиллагчдын нийгмийн баталгааг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагыг харгалзан Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан болохоо Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцууллаа. Тус хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд шимтгэлээ тасралтгүй төлж, нийгмийн баталгаагаа сайжруулах сонирхол нь нэмэгдэх,  нийгмийн даатгалын санд нэлээд хэмжээгээр орлого төвлөрөх  эерэг нөлөөтэй хэмээн үзсэн байна. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага хувьчлагдан хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, нийгмийн хамгаалалгүй үлдсэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тухайд эдийн засгийн өршөөл үзүүлж, нөхөн төлбөр олгож байгаатай адил ач холбогдолтой аж. 

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл уг хуулийн үйлчлэлд 491.6 мянган хүн хамрагдах бөгөөд нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189.0 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрөх боломжтой юм байна. Хуулийн төсөл батлагдсан нөхцөлд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгагдсан байна.


Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барилаа  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй