
Жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь пүрэв гарагийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Cохролоос урьдчилан сэргийлэх олон улсын агентлаг болон төрийн бус байгууллагууд хамтран хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн хараа хамгаалах өдөр энэ жил 10 дугаар сарын 13-нд тохиож байгаа бөгөөд “Хамтдаа хүчтэй” гэсэн уриан дор тэмдэглэх юм. Мөн Ази-Номхон далайн бүсийн Нүдний эмч нарын академи энэ өдрийг угтан 10 дугаар сарын 10-16-ны хооронд ”Нүдний эмчийн тусламж үйлчилгээ” долоо хоногийн арга хэмжээ зохион байгуулна. Ингэхдээ, дэлхийн, тэр дундаа Ази-Номхон далай бүсийн орнуудын хүн амын дунд ихсэж байгаа чихрийн шижингийн үүдэлтэй нүдний торлогын эмгэг болон эвэрлэгийн өвчнүүдийг онцолж төр ба төрийн бус байгууллагууд, олон нийтийн анхаарлыг хандуулахад анхаарч байгаа юм.
ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр ойролцоогоор 285 сая хүн харааны бэрхшээлтэй байна. Үүнээс 39 сая нь бүрэн хараагүй, 246 сая нь сул хараатай байна. Харин бүх хараа муудалтын 80 хувь нь зайлсхийж буюу урьдчилан сэргийлж, эмчилж болох сохрол байдаг гэсэн мэдээ байна.
Манай улсын хувьд 50-ээс дээш насныхны дунд 2012-2013 онуудын хооронд хийсэн зайсхийж болох сохролын түргэвчилсэн судалгаагаар 6900 орчим хүн бүрэн сохор, 6800-гаад хүн хүндба 36700 хүн дунд зэргийн хараа сулралтай гэсэн тооцоо гарсан байна. Үүнээс, 15 мянган хүн харааны тусламж үйлчилгээ авах шаардлагатай байна. Бүх сохролын 87.8 хувь нь сэргийлж болох 41.1 хувь нь эмчлэгдэх боломжтой ба 26.7 хувь нь нүдний анхан шатны тусламжийн, 20 хувь нь нарийн мэргэжлийн түвшинд сэргийлж эмчлэх боломжтой гэж тогтоожээ.
Шалтгаанаар нь авч үзвэл сохролт ба сул хараанд хүргэж байгаа гол шалтгааны тоонд эмчлэгдээгүй катаракт болон засагдаагүй гэрлийн хугарлын өөрчлөлтүүд ордог юм байна. Нүдний даралт ихсэх өвчин буюу глауком нь сохролын 2 дахь, эвэрлэгийн өөрчлөлтүүд 3 дахь гол шалтгаан юм байна. Чихрийн шижингийн үүдэлтэй нүдний хүндрэлийн талаарх тодорхой мэдээ байхгүй байна. Гэхдээ судалгаагаар манай хүн амын дундах чихрийн шижин өвчний тархалт сүүлийн 10 жилд 2 дахин нэмэгдэж 2010 оны байдлаар 6,5 хувь болсон нь цаашид энэ өвчний гаралтай нүдний хүндрэлүүд нэмэгдэх төлөвтэй байгааг харуулж байна.
Иймээс нүдний тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах, хүн амын нүдний эрүүл мэндийн талаархи мэдлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах байдлыг нэмэгдүүлэхэд төр засаг, мэргэжлийн байгууллагууд, нийт хүн ам анхаарч ажиллах шаардлагатай байна.
Тиймээс НЭМХ-ээс Тэмдэглэлт өдрийн хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна:
1.Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зайлсхийж болох хараа сулралаас сэргийлэх ач холбогдлын талаар мэдээлэл сурталчилгааны материал боловсруулж хэвлүүлнэ.
2.Аравдугаар сарын 11-ний өдөр нийслэлийн 6 дүүргийн Эрүүл мэндийн төв дээр УНТЭ, УХТЭ, УГТЭ, Болор Мэлмий болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар ажиллаж иргэдэд болон чихрийн шижинтэй хүмүүст нүдний торлогын гэмтэл, нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг илрүүлэх үзлэг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгнө.
3.Орон нутагт 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нүдний эрүүл мэндийн тухай өдөрлөг зохион байгуулна.
Энэ сарын 13-нд "Дэлхийн хараа хамгаалах өдөр" тохионо | ||
Үзсэн: 2416 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.