
Өнөөдөр гар утас, зурагт, радио гээд гэр ахуйн бүх хэрэгсэл л ухаалаг болоод байна. Тэгвэл удахгүй та гэрээсээ ч гарахгүйгээр, өөрөө хормогч зүүх шаардлагагүйгээр хамгийн тансаг зоогийн газрын хоол зооглох боломжтой болох гэнэ. Тодруулбал, гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэх робот ахлах тогоочийг Английн "Мүли Роботикс" компанийн Германы Ханновер хотноо болсон аж үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааны үеэр танилцуулсан юм. Робот тогоочийг мөн роботжсон гал тогоо ч гэж нэрлэж болно.
Роботыг нь НАСА болон атомын аж үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Шадоу Робот" компани бүтээсэн юм байна. Энэ робот нь гал тогооны зуух, угаалтуур, шарах шүүгээ зэргийн дээд талд нь бэхлэх 2 гараас бүрддэг аж. Гарууд нь хүнийх шиг бүхий л хөдөлгөөнийг гүйцэтгэх чадвартай юм. Нийтдээ 20 хөдөлгүүр, 24 судас, 129 дамжуулагчтай юм байна. Робот гэрийн эзэгтэйг хоол, ундаа бэлтгэх явцад бүхий л үйлдлийг нь хуулбарлаж авна.
Гэхдээ ажиллах зарчим нь энгийн. Програмд нь хоолны бүх төрлийн цэсийг оруулж өгөхөөс гадна энэ төрлийн хоолыг хийхэд тогооч ямар хөдөлгөөн хийдгийг ч оруулж өгдөг байна. Ханновер хотноо болсон үзэсгэлэнгийн үеэр тогооч робот Английн алдарт ахлах тогооч Тим Андерсоны хөдөлгөөнийг яг дуурайж байсан байна. Түүний болон робот тогоочийн хийсэн хоолнууд хоорондоо амт, үнэр, өнгө үзэмжээрээ ч ялгагдахааргүй байсан аж.
Энэ роботыг ухаалаг утасны тусламжтайгаар алсаас удирдах боломжтой юм байна. "Мүли Роботикс"-ийнхон энэ роботоо 2017 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Эхлээд робот тогоочийн програм дэлхийн олон ард түмний 2000 гаруй жорыг оруулах юм. Үнийн хувьд 15 мянга орчим доллар байна гэж тооцоолж байна. Гэхдээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд тус компанид санхүүжилт шаардлагатай байгаа юм.
Тиймээс энэ чиглэлээр Сиидрс сайтаар хандив цуглуулж эхэлжээ. Нийт 1.2 сая доллар шаардлагатай байгаагаас тал хувийг нь цуглуулж чадсан байна.
Гэрийн робот тогооч удахгүй худалдаанд гарна | ||
Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.