
Өвлийн улирал ойртож буйтай холбоотойгоор цочмог халдварт өвчлөлийн дэгдэлт ихэсч байгааг албаны хүн хэлж байна. Тодруулбал, улсын хэмжээнд 2016 оны эхний найман сарын байдлаар 26 төрлийн халдварт өвчний 57088 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10 мянган хүн амд 32.5 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Өвчлөл ингэж нэмэгдэх болсон шалтгаан нь өнгөрөгч өвөл гарсан улаан бурхан өвчний дэгдэлттэй холбоотой.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд лабораториор батлагдсан улаан бурхан өвчний тохиолдол гараагүй байгаа нь уг өвчний дэгдэлтийг таслан зогсоох талаар авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний үр дүн гэж үзэж болох юм. Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Зургаан сартайгаас зургаан нас хүртэлх хүүхэд болон 18-30 насны залуусыг уг өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Гэхдээ өвлийн ханиад томууны улиралд өвчлөл дахин гарах магадлал өндөр. Иймээс аравдугаар сарын нэгний өдрөөс нийслэл хот, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зургаан сартай хүүхдийг улаан бурхан өвчний эсрэг вакцинаар анх удаа дархлаажуулж эхэлсэн. Тав хүртэлх насны хүүхэд, шинэ төрсөн эхчүүдэд урьдчилан сэргийлэх тунгаар А аминдэм уулгах, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, оюутан залуусыг улаан бурхан, улаанууд өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулах, хүүхдийг эхийн сүүгээр хооллох талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимтэй зохион байгуулж байгаа. Хүүхдээ витаминжуулах, эхийн сүүгээр хооллох нь улаан бурхан төдийгүй олон өвчнөөс сэргийлэхэд нэн чухал гэдгийг эмч хүний хувьд хэлмээр байна. Улаан бурхан өвчнөөс сэргийлэх арга хэмжээг нотолгоонд суурилан, оновчтой зохион байгуулахын тулд хүн амын дунд уг өвчний эсрэг дархлалын түвшинг тогтоох судалгааг ДЭМБ, Үндэсний статистикийн хороотой хамтран хийхээр бэлтгэл ажлаа хангасан” гэж ярилаа.
Эх сурвалж: ЭМЯ
Улсын хэмжээнд лабораториор батлагдсан улаан бурхан өвчний тохиолдол гараагүй гэв | ||
Үзсэн: 817 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.