Шууд Chart

“Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”-ын талаар хуралдаж байна

2016-10-20 15:24:51

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран “Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” олон улсын хурал болж байна.

Энэхүү хурлаар халдварт өвчний сөрөг нөлөөллийн талаар нотолгоонд суурилсан, шинэлэг мэдээллээр бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарыг хангаж, холбогдох үндэсний хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад талуудад мэдээллэх, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн талаар сайн туршлагыг хуваалцах зэргийг хэлэлцэх юм.

Мөн Монгол дахь сүрьеэгийн тархалтын анхны судалгааны үр дүн, 2015-2016 оны улаанбурхан өвчний тархалт, хариу арга хэмжээнээс авсан сургамж, туршлага, төрөлхийн тэмбүүгийн чиглэлээр хийсэн нарийвчилсан дүн шинжилгээ, Улаанбаатар хот, хот суурин газрын ундны усны чанарын үнэлгээ, өнөөгийн лаборатори, тандалтын тогтолцооны судалгаа зэрэг олон шинэ судалгаа, үнэлгээний талаар илтгэл тавигдана.

Тус хурлыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг "Эрүүл мэндийн яамнаас 2016-2020 онд халдварт өвчний чиглэлээр хэрэгжиж байгөө босоо хөтөлбөрүүдийг нэгтгэж, "Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль"-д нийцүүлэн “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж байгаа. Иймээс үндэсний болон бүсийн түвшний эрүүл мэндийн тогтолцоо, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах түүнчлэн цогц үндэсний хөтөлбөрийг нутагшуулахын тулд халдварт өвчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаарх мэдээлэл, туршлага солилцохыг Монгол улсын засгийн газраас дэмжиж байна" гэсэн юм.



Хуралд бодлого боловсруулагчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, гадаад болон дотоодын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх эрдэмтэд зэрэг 250 гаруй хүн оролцож байгаа бөгөөд төлөөлөгчид маргааш мөн хуралдаж гол гол илтгэлүүдээ танилцуулах ажээ.

Өнөөдрийн хувьд Монгол Улсад аюулын харанга дэлдсэн Улаан бурхан өвчний дэгдэлт, түүнээс авсан сургамж, цаашид хэрэгжүүлэх арга зам болоо усан хангамжийн эрүүл ахуй, сүрьеэгийн өвчлөлийн тархалт, авах арга хэмжээ зэргийг ярилцсан юм.

Харин маргаашийн хуралдаан "БЗДХ. ХДХВ/ДОХ", "Дархлаажуулалт", "Шинэ болон дахин сэргэж буй халдвар" гэх гурван үндсэн асуудлын хүрээнд явагдаж, төгсгөлд нь Монгол Улсын Засгийн газар болон бүх оролцогч талуудад хандсан халдварт өвчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмжийг гаргах ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”-ын талаар хуралдаж байна  
Үзсэн: 2816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй