
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцэв. Энэ талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцууллаа.
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны аравдугаар сарын 21-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны иргэн Э.Түмэнбаяр, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэн Б.Билгүүн нарын гаргасан мэдээллийн дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, энэ хуулийн холбогдох заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “...хувийн аж ахуй эрхлэх эрхтэй...” гэсэн хэсгийг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэснийг тэрбээр танилцуулав.
Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил нар Хууль зүйн байнгын хорооны даргаас асуулт асууж, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 11 дүгээр дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
Өмгөөлөгчид хамтарч үйл ажиллагаа явуулахдаа заавал нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байж болно. Гэхдээ “нөхөрлөлийн” гэж тодотгон, хуулийн этгээдийн хэлбэрийг зааж өгөх эрх зүйн үндэслэл, шаардлага бий эсэхийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тодрууллаа. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлагдахаас өмнө 800 гаруй аж ахуйн нэгж хууль зүйн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байсан аж. Өөрөөр хэлбэл дурын иргэн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж болдог байсныг хязгаарлан, хүний бүрэн эрхэд халдах хүртэл үйл ажиллагаа явуулдаг өмгөөллийн үйл ажиллагааны онцлог, хариуцлагыг тооцон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар заалтыг тусгажээ. Өнөөдрийн байдлаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг 127 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Дээрх хуулийн хүрээнд өмгөөлөгч дангаараа ажиллах, нөхөрлөл байгуулах эрх нь нээлттэй байгаа хэмээн хариулт өглөө.
Чуулганаар цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 885 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.