Шууд Chart

Эрүүтэй комбайныг зогсоогооч ...

2021-10-22 17:11:56

Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл гээд тариалангийн нутагт энэ намар эрүүтэй комбайн тариа хураах болжээ... Мөр мөрөө даган тариан дунд орж хахталаа  хурааж байх юм.  

Эрүүтэй комбайн гэдэг нь эвэр тууртай, аядуухан чимээтэй Алаг булаг зүстэй арвин их сүү шимтэй ... Аан харин рементэй комбайн нь дээрээ дохиотой нүргэлсэн их дуутай нь...  Ийм л нэг эзэнтэй эзэнгүй хоёр комбайн монголын талд тариа хурааж байна.

Энэ намар тариа будааны болц оройтсон, хураасан будаа чийгтэй, цавуулаг тэнцэхгүй, үнэ болоод борлуулалт яах нь үлгэрээс ч тодорхойгүй... Үтрэм болгонд уул нуруу шиг будаа овоорчээ... Гэлээ гээд тариад ургуулаад авсан юм учир нь олдох байхаа  гэж тариаланчид уужуу ухаалаг сэтгэлээр хэлж сууна.

Цаг, нар давчуухан... хураалт яагаа ч үгүй газрууд олон байна. Атга тариагаа яах уу ийх үү гэж байхад...  нөгөө нэг эрүүтэй,эвртэй улаан тарлан жолоогүй  комбайнууд  өм цөм өдөр шөнгөгүй хурааж байна. Орчин цагийн хэлээр ёстой л самарч байна аа...

Эзэнтэй ч юм шиг нэг бол огт эзэнгүй юм шиг эрүүтэй хүрэн улаан комбайныг тариаланчид зогсоож дийлэхээ нэгэнт больжээ. Энд ч тэнд ч эрүү хөдөлгөн сүрэг сүргээрээ тариа хурааж явна. Талбайгаас тууж нэг үзэх юм... Чирж нэг үзэх юм. Хашиж хашаалж ч үзлээ...Хэлээд үг мэдэхгүй, учирлаад ухаан санаа ойлгохгүй малтай өөрөөр яаж ч ойлголцох билээ дээ... Арга чарга нь нь барагдаж халширсан тариаланчид үгээ барж толгойгоо барьж сууна.

Дээр нэр дурдсан тариалан бүхий аймаг сумдыг тариалангийн бүс нутаг хэмээн засгийн газраас сүр дуулиантай зарлаад... Энэ тариалангийн бүс нутгуудад бэлчээрийн малын тоо толгойг хязгаарлана. Эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослуулан хөгжүүлнэ гэсэн. Хаана байна. Өнөө эрчимжсэн мал аж ахуй... Хаана байна нөгөө ухаалаг газар тариалан.

Өнө эртнээс өмсөх хувцас, идээ зоог, уух ундаа, уярал хайрлал, омогшил бахархалын минь үр үндэс, ундарга дээж нь болж ирсэн  буянт малаа ад зэд болгох гэсэнгүй ээ... Хэдэн жил тариа ногоо ярьж, тариаланч түмний ахуй байдлыг анзаарч жаргал зовлонг нь гадарлахтай болсон хүний хувьд... Өдий хүртэл шийдэлд хүрэлгүй өлөг улиг болтолоо яригдаж байгаа малчин тариаланч хоёрын зөрчил, хэргийн эзэн мал гуравын асуудлыг нэг тийш шийдэж болмоор л санагдах юм. Тариаланчид хавар зун намрын турш өлгийтэй хүүхэд шиг бөөцийлсөн тариа  будаагаа хашиж хамгаалцгааж байна л даа. Далай шиг цэлгэр уудам хэдэн зуун мянган га тэр талбайг хашсаан, хашсан... Хаа сайгүй ухвар мөчид улсууд онгойлгоод эвдээд малаа оруулчихна. Хашаалж дийлэхгүй хөл дээрээ дөнгөж босч байгаа компианууд ч зөндөө. Тэдний тариаг бол дураараа тавган дээр тавьчихсан талх шиг л зооглоно. Тариаланчид, манаач, авгай хүүхэн, хүүхэд шуухадгүй бүгдээрээ хөөцөлдөөд үнэндээ хүч хүрэхгүй...Хөлс хүчээ урсган байж ургуулсан тариаг нь эрүүтэй комбайн хамаад идчихээд байхаар ямар олиг байхав дээ... Малчид нь малдаа эзэн шиг байж,  хараа хяналт тавьж эзэн шиг байвал байдал иймдээ хүрэхгүй л байх.

Ямар сайндаа л малыг эрүүтэй комбайн гэхэв... Нэг талаар хошигнол мэт санагдавч нөгөө талаар үнэн. Нээрээ л эрүүтэй комбайн ажээ...

Одоо бид яах вэ... ургуулсан тариагаа рементэйд нь биш ингээд л эрүүтэйд нь идүүлээд байх уу... Эсвэл энэ асуудлыг нэг тийш болгож цэгцэнд нь оруулах уу... Салбарын сайд дарга нар нь болж бүтнэ л гэх юм. Хачир дээрээ болж бүтэж байгаа юм нэг ч алгаа...

Тариалангийн тухай хууль баталсан. Ээ ашгүй... хууль журамтай боллоо. Одоо л нэг нар гарах нь гэж монголын тариаланчид баярлаж суусан нь саяхан. Өнөөдөр бид хууль ч үгүй гууль ч үгүй сууж байна.

Хаана байна нөгөө тариалангийн тухай хууль...  Тариалангийн тухай хуулийн 24.2-т Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно гэж заасан...

Юун 500 метрийн зайд мал бэлчих... Юун талбайгаас 500 метрийн гадна айл буух... Газар дээр нь ирээд хар л даа... Талбайтайгаа хаяа нийлээд айлууд нь буучихсан. Тариан талайд сүрэг сүрэг мал найрлаад л байж байна. Үнэн, бодит дүр зураг ийм л байна. Намар та манай нутагт ирвэл мал туусан тариаланчдыг л харна гэж захын тариаланч хэлнэ. Малчин уу тариаланч уу гэж андуурмаар...

Хот хүрээ, яам тамга, аймаг сумдын дарга нар нь тариа тээрэмддэг эрүүтэй хүрэн комбайнуудыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мэдэж байгаа мөртлөө мэдээгүй юм шиг явахын учир юу вэ... Номоороо бол өөрийн нутагт байгаа малчин тариаланчидтай уулзаж ярилцаад... хууль журмаа танилцуулаад... ингэвэл ингэдэг юм тэгвэл тэгдэг юм шүү гээд сайн ойлгуулаад... Тэр хууль хэмээгч гуулиа сайтар хэрэгжүүлээд... болохгүй бол сануулаад... сануулаад болохгүй бол хатуу хариуцлага тооцох хэрэгтэйг тариаланчид ярихгүй биш ярьж байна. Сансарт хүртэл ярьж хэлэх юм. Тэрийг нь сонсож байгаа дарга ч алга, мал бүхий иргэд ч алга...

Яалтай билээ дээ... Мал харахаараа өөрийн эрхгүй ухасхийгээд шилбүүр бариад харайлгачихдаг ТАРИАЛАНЧИД МИНЬ ХӨӨРХИЙ.... ТАРИАН ТАЛБАЙ ХАРАХААРАА ШУУРАН ШУНГАН ДАЙРЧИХДАГ МАЛНУУД МИНЬ МАЛЧИД МИНЬ ТА НАР МИНЬ БАС ЯАЛТАЙ ВЭ...   ХҮН ХЭЛЭЭРЭЭ МАЛ ХӨЛӨӨРӨӨ ГЭДЭГСЭН. Мал нь хөлөөрөө сайн явж байна. Харин хүн нь хэлээрээ сайн ойлголцохгүй л байна даа....

Тариан дунд ч юм шиг бэлчээр дээр ч юм шиг микрофоноо барьсан сэтгүүлч би аргаа барсан тариаланчдаа хараад... ДАРГА хэмээгч садаа нар минь ээ...Улаан цоохор үхэрнүүдээс ч олон эвэртэй сэтэртэй эрх мэдэлтнүүд минь ээ...

Ажлаа хийгээч ээ... хэрэгжүүлнэ гэсэн хууль журамаа цаасан дээр биш хөрсөн дээр буулгаач ээ... Дээшээ тэнгэр хол биш Дарга нар хол хорвоод хатуу газар дээр хал үзэн яваа хэдэн бор тариаланчдаа тариан талбай дээр нь ирээд хараач ээ...Тэнгэрээс, тэр өндөр суудлаас бүх юм тод л харагдаж баймаар юм даа...

Уул номоороо бол тариалангийн талбайд эрүүтэй комбайн шүжигнэж биш, рементэй  комбайн нүргэлж явах ёстой л доо...

Х.Дугарсүрэн

Нийтэлсэн: Х.Дугарсүрэн

Эрүүтэй комбайныг зогсоогооч ...  
Үзсэн: 2273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй