Шууд Chart

Ж.Буянтогтох: Манай театр Кармен дуурийг тавихаар бэлтгэлээ хангаж байна

2025-10-23 12:55:38

Улаанбаатар театрын гоцлол дуучин, дуу ангийн дарга  МУСТА  Ж.Буянтогтохыг “Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.

-Дууны уран бүтээлийн талаар яриагаа эхэлье.Таны үндсэн мэргэжил дуучин биз дээ?

-Миний хувьд СУИС-ийг Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөө багшийнхаа удирдлага нь дор Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Мөн СУИС -даа урлагийн ухааны магистраа хамгаалсан..

Монголынхоо олон сайхан хөгжмийн зохиолчдын дууг дуулж уран бүтээлээ туурвихаас  гадна дууны шүлэг, ая зохиож байнаа. Ая зохиогчийн хувьд Оны шилдэг дуу шалгаруулах Морин хуур хөгжмийн наадамд өөрийн үг аяыг зохиосон “Сайхан намар” дуугаараа шилдэг дууны шагнал 3-р байр болон үзэгчдийн таашаалд нийцсэн дууны шагналыг хүртэж байсан юм. Энэ уран бүтээлийг МУАЖ С.Ганзориг дуулсан. Мөн яруу найрагч С.Оюунчимэгийн шүлэг “Уртын дуу минь” дуугаараа шилдэг оролцогчийн шагналыг хүртсэн. Дээрхи дууг МУГЖ Б.Батмэнд. МУГЖ Г.Хонгорзул нар дуулсан.

Саяханы уран бүтээл гэвэл Улаанбаатар театрын уртын дуучин МУСТА Д.Мядагбадамын дуулсан “Бийгээ биелэе” гэдэг үндэсний язгуур урлагийн агуулгатай боловч орчин үеийн хөгжмийн найруулга, хэв шинжтэй шинэ уран бүтээлийг олон түмэнд хүргэсэн. Энэ дуу үзэгчдийн сонсогчид нэлээд хүрч байна.

-Та дуулахаас гадна дууны ая шүлэг зохиодог гэж байна. Хичнээн дууны ая хийсэн бэ?

-Нэлээд олон дууны уран бүтээл хийсэн. Дуу бүтээхээс гадна бүжгийн ая, хөгжмийн бүтээл хийж байгаа. Тухайлбал “Хүлэг” нэртэй хөгжмийн бүтээл маань  “Дэлхийг тамгалсан Монгол адуу” киноны хөгжим болохоор бичлэг хийгдсэн байгаа.

Мөн бага насны хүүхдүүдэд зориулж Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн мюзикл жүжиг хийхээр зохиол бичсэн байгаа. Яагаад хүүхдэд зориулсан бүтээл хийх болсон бэ гэвэл Театр бол хүүхдийн дотоод ертөнцийг баяжуулж, бусдыг хүндэтгэх, олны дунд биеэ зөв авч явах, уран сэтгэмжийг бий болгох гэх мэтийн олон ач холбогдолтой. Багаасаа урлагийг үзэж сонирхсноор соёлтой иргэн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг.

-Энэ хүүхдийн жүжиг хэзээ тавигдах бэ?

-Улаанбаатар театрынхаа бүжгийн ангийн багш МУСТА Д.Баярт, Хөгжмийн ангийн дарга МУСТА Б.Мягмарцэрэн нартайгаа хамтран 2026 он гаргаад тавихаар бэлтгэл ажилдаа ороод явж байна

-Таны хувьд Монгол ахуй, өв соёлыг уран бүтээлээр үзэгчид түмэнд хүргэхээр анхаарч ажилладаг юм байна?

-Ерөнхийдөө сүүлийн үеийн уран бүтээлдээ өв соёлоо магтаж, түгээн дэлгэрүүлж сурталчлах бодолтой  хийж байгаа. Ер нь миний уран бүтээлд нутаг ус, Монгол эх орноо магтсан уран бүтээлүүд хүндтэй байр суурйиг  эзэлдэг.

-Та хүүхэд наснаас дуучин болох хүсэл тэмүүлэлтэй байсан уу?

-Миний аав ээж хоёр гоё дуулдаг, сайхан хоолойтой хүмүүс л дээ. Намайг жаахан байхад аав минь байгууллагын урлагийн наадамд дуулж 3,4 дахиулдаг байсныг би санадаг юм. Багаасаа аав шиг дуулдаг хүн болно гэж боддог байсан. Ээж маань ч гэсэн сайхан дуулдаг. Одоо миний ээж 86 настай сайхан буурал бий. Энэ хоёроосоо дуулах авьяасыг авч төрсөн болов уу гэж боддог. Ингээд мэргэжлийн дуучин болох хүсэл сонирхолдоо хөтлөгдөн СУИС-д элсэн суралцсан.

Харин дууны ая зохиох тохиолдол их сонин.

2010 онд гэр бүлээрээ аялж яваад Архангай аймгийн Өгий нуурын хөвөөнд оройхон очиж хоносон юм. Өглөө нь ямар ч салхигүй, үүлгүй тэнгэр цэлмэг сайхан байсан.

Өглөө эрт босоод шүүдэр дээр хөл нүцгэн алхаад явж байтал нар мандаад Өгий нуурын дээгүүр алтраад хоёр нар мандсан юм шиг гоё сонин үзэгдэл харагдсан. Уран бүтээлч хүний сэтгэл хөдлөхгүй байхыг аргагүй тийм нэг гоё зураглал харагдсан. Тэгээд өөрийн эрхгүй

Алтан наран дээшээ мандахдаа

Ариун усанд нь алтран ихэрлэнэ.

Алсаас зориод хөвөөнд ирэхэд

Аялгуу эгшиг чихнээ хөвөрнө

     Авьяас хөглөх аруин нуураа

     Алжаал тайлах рашаан минь ээ

     Өнжин саатаж хөвөөнд хономоор

     Өгөөмөр баян Өгий нуур аа гээд шүлгийн мөр орж ирсэн.

Энэ шүлгээ тухайн өдрөө Өгийн нуурын эрэг дээр бичсэн. Дуу болчихмоор шүлэг болчихлоо хэнд өгч ая хийлгэх вэ гэж бодож байгаад ер нт өөрөө ая хийж үзье гээд аяыг хийсэн. Үүнээс хойш дууны ая хийж эхэлсэн. Эхлээд хүнд үзүүлж чадахгүй өөрөө машиндаа дуулж явдаг байсан. /Инээв/

Сүүлд Хөгжмийн зохиолч Д.Мөнхзаяа багшдаа сонсгож үзүүлсэн. Багш маань аятайхан дуу болсон байна гэж урам өгсөн, тэгээд ар араасаа дууны уран бүтээлүүд төрж эхэлсэн дээ.

-Таны хувьд бие даасан тоглолт болон дууны чиглэлийн тэмцээн уралдаанд хэр оролцож байв?

Тоглолт "Ээжийн цэнхэр нутаг" 'Улаанбаатарын сонгодог үдэш" "Хүний маань дээд ээж минь" "Ижилгүй Монгол орон" зэрэг уран бүтээлийн тоглолт хийсэн.  25-р суваг телевизээс зохион байгуулдаг 20 р зууны дуунууд нэртэй улсын уралдаанд АУЗ. ТШ. Ц. Дамдинсүрэнгийн шүлэг АЖ. ТШ. Д. Лувсаншаравын хөгжим Хэрлэн дуугаар хоёрдугаар байр. Ятгатай дуу дуулаачдын улсын уралдаанд тусгай байр.  Хошин шог дуу дуулаачдын улсын уралдаанд тусгай байр эзэлж байсан.

 -Та аль нутагт төрж өссөн бэ?

-Миний аав Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Агарын голын хүн. Ээж маань ч гэсэн Хөвсгөл нутгийн хүн. Би Хөвсгөл аймгийн Улаан Уул суманд төрсөн. Уул усны зохицол болсон үнэхээр сайхан нутаг даа. Хүүхэд байхдаа бусдын л адил хурдан морь унаж, мал сүргээ маллаж, аав ээждээ тусалж өссөн.

-Та эцэг эхээсээ хэдүүллээ вэ. Танаас өөр дуулдаг хүн байгаа юу?

-Бид эцэг эхээсээ олуулаа. Таван ах, гурван эгчтэй. Би өөрөө айлын бага хүүхэд. Ах, эгч нар маань бүгд сайхан дуулдаг.

-Танай хүүхдүүдээс урлагийн чиглэлээр суралцах сонирхолтой хүүхэд байна уу?

-Хүүхдүүд маань хөөрхөн дуулдаг. Мэргэжлээ өөрсдийн сонирхлоор сонгох байх. Дуучин бол гэж хэлэхгүй л байгаа.

-Та ханьтайгаа хэдэн онд танилцаж гэр бүл болж байв?

 -Урлагийн хүний ар талд хамгийн бат зогсдог хүмүүс бол гэр бүлийн хүн байдаг. Ханьтайгаа 20 гаруй жил сайхан амьдарч явна.

-Та үндэсний хувцсаар хэр гоёдог вэ?

-Үндэснийхээ дээл хувцсаар гоёх дуртай.

-Улаанбаатар театр хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-Миний хувьд 2012 оноос Улаанбаатар театр ажиллаж эхэлсэн Театрын маань 20 жилийн ой 2026 онд болох гэж байна.  Театр маань 2006 онд “Улаанбаатар” чуулга нэртэй үүсгэн байгуулагдсан бөгөөд 2021 онд театр болон өргөжсөн түүхтэй. Хэдийгээр манай театр хамгийн залуу урлагийн байгууллага боловч олон сайхан тайз дэлгэцийн томоохон уран бүтээл хийснээрээ онцлогтой байгууллага юм. Тухайлбал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюушийн хөгжим Гоолингоо, МУСТА хөгжмийн зохиолч Бат-Эрдэнийн хөгжмөөр бүтсэн “Сумьяа ноён Алгирмаа” дуулалт жүжиг, “Хүрээ хорвоо” дуулалт жүжиг, Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн хөгжим "Ай Нан аа" түүхэн дуулалт жүжиг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын хөгжим “Янзган хүрээ” дуулалт жүжиг, "Үйлсийн сайхан Улаанбаатар минь” мюзикл жүжиг, “Хонх” мюзикл  жүжиг , “Бремен хотын хөгжимчид буюу анхны үнсэлт” гэх зэрэг олон томоохон бүтээлүүдийг тайзнаа амжилттай тавьсан. Одоо Кармен дуурийг тавих гээд уран бүтээлчид маань бэлтгэл сургуулилтандаа ид ороод ажиллаж байна. Ийм түүхэн замналтай театрт олон сайхан авъяаслаг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг

 

-Та энэ бүтээлүүдэд хэрхэн оролцож байв?

-Эдгээр бүтээлүүдэд "Ай Нан аа" түүхэн дуулалт жүжгийн VIII Богд Живзундамба хутагтын дүр, мөн Гоолингоо дуулалт жүжигт Соронзонболд хувилгааны дүр, Янзага хүрээ хүүхдэд зориулсан жүжигт Хаан могой болон баавгай дүр, “Бремен хотын хөгжимчид буюу анхны үнсэлт” мюзикл жүжигт хааны харуулын даргын дүр, “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл жүжгийн туслах дүр аавын дүрд тус тус тоглосон.

-Үзэгчид дуулалт жүжгийг хэр сонирхдог бэ?

-Миний дурдсан бүтээлүүд 2020 оноос өмнө тавигдаж байсан. Тухайн үед үзэгчид сайн үздэг байсан. Түүхэн дуулалт жүжиг болон түүх соёлтой холбоотой бүтээлийг сонирхож үздэг байсан. 2020 оноос хойш томоохон жүжгүүд хараахан тавигдаагүй. Одоо Кармен дуурийг тавихаар бэлтгэж байна.

-Кармен дуурийн бэлтгэл хэр хангагдаж байна. Хэзээ тавигдах бэ?

-Байгууллагын Уран сайхны зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу бэлтгэл сургуулилтандаа ороод явж байна. Тун удахгүй үзэгч түмэнтэйгээ учран золгох байхаа.

- Ярилцсан танд баярлалаа. 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ж.Буянтогтох: Манай театр Кармен дуурийг тавихаар бэлтгэлээ хангаж байна  
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй