Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Содномцэрэнг “Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.
-Онцгой байдлын албанд хэдэн жил ажиллаж байна. Энэ талаар яриагаа эхэлье?
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 26 дугаар ангид 15 дахь жилдээ ажиллаж байна. Тухайн үед онцгой байдлын алба хаагчид их баатарлаг, гоё сайхан санагдсан учраас энэ албанд ажиллаж эхэлсэн. Гэвч бодит байдал дээр гоё сайхан гэхээс илүүтэй хүнд санагдаж байсан. Онцгой байдлын алба хатуужил тэвчээр, эр зориг, авхаалж самбаа шаардаг. Шантрах үе зөндөө гарч байсан. Гэхдээ би онцгой байдлын албанаас ухарч, няцахгүй өнөөдрийг хүрсэн.
20 настайдаа сургалтад хамрагдаад 21 настай Онцгой байдлын албанд орж ажиллаж эхэлсэн. Миний хувьд сурч мэдэхийн төлөө байнга суралцаж байна. Ажил мэргэжлийн хувьд амжилт гарчихаад онгироод байдаггүй. Шинээр ажиллаж байгаа залуучуудтай хамт сураад судлаад явж байна. Мэддэг зүйлээ зааж өгөөд мэдэхгүй сураад л явж байгаа. Өнөөдөр би төгс мэргэжилтэн болоогүй л байна.
-Өдөрт хэдэн дуудлагад явдаг бэ?
-Энэ албанд ажиллаад 15 жилийн хугацаанд маш олон дуудлага мэдээлэл явсан. Нарийн тоо гаргах үнэн боломжгүй. Нарийн тоо гаргавал маш их гарах байх. Манай анги өдөртөө 2-3 дуудлагатай байдаг. Энэ нь өдөрт 2-3 удаа маш том эрсдэл үүсэж болзошгүй гэсэн үг. Иргэн аж ахуйн нэгж байгууллагын их хэмжээний хохирол, хүний амь нас эрсдэж болзошгүй зүйл дээр аврах ажиллагаа явуулдаг. Онцгой байдлын алба хаагчид байнгын бэлтгэл сургалттай,биеэ сэтгэл санаа бэлдэж, хөгжүүлж, гамшиг эрсдэлийн бэлэн байдлыг тогтмол хангаж байдаг. Цаг хугацаа өнгөрөх тутам барилгын хийц, осол эндэгдэл, аюулт үзэгдлийн тоо шинж чанар хувьсан өөрчлөгдөж байна. Иймээс бид үүнийг дагаад сурч хөгжих ёстой.

-Жилийн дөрвөн улирлын алинд нь хамгийн их дуудлагатай байдаг бэ?
-Ер нь харилцан адилгүй байдаг. Цас ихтэй жил зудтай, хаврын улиралд шар усны үерийн дуудлагатай байдаг. Хүйтэн өвөл гал түймрийн дуудлага их ирдэг. Гантай зун ой хээрийн түймрийн дуудлага, бороо хур ихтэй зун гол ус, үерийн дуудлага ч их ирдэг. Тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдаж байдаг учраас ийм тийм гэж хэлэх боломжгүй.
-Галын дуудлагад яваад аврах ажиллагаа хийж байх хугацаанд аврах боломжгүй тохиолдол хэр гардаг бол?
-Хожимдсон, оройтсон дуудлага дээр очиж аврах ажиллагаа явуулах нь хэцүү байдаг. Нэг минутын өмнө дуудлагаа өгөхгүй яасан бол гэж бодох тохиолдол олон бий. Иргэдийн хариуцлагагүй санамсаргүй байдлаас олж осол эндэгдэл их гардаг. Энэ нь хувь хүний суурь хүмүүжилтэй холбоотой. Багаас нь эхэлж галын аюулгүй байдал гамшгийн эрсдэлийн талаар зааж сургах нь хамгийн чухал. Гал аюултай гэж нэг удаа хэлээд өнгөрөх зүйл биш. Тухайн хүүхдийг бага наснаас эхлээд эрсдэлтэй гэдгийг ойлгуулах чухал юм.
-Залуучууд хууль хүчний байгууллага хувцсыг хараад татагдаж орох тохиолдол нэлээд байдаг?
-Залуучууд онцгой байдлын албанд ажиллах орох сонирхол маш их байдаг. Харин цаашид тууштай ажиллах бага. Учир нь эрсдэлийг мэдрээд өөр ажил сонгодог.

Манай залуучууд онцгой байдлын албаны хувцсыг хараад гоё байна гээд сэтгэлийн хөөрлөөр орж ирэх тохиолдол зөндөө. Нэг удаагийн дуудлагад нь яваад гамшигт үзэгдлийг хараад шантраад няцдаг. Ер нь бол Онцгой байдлын албанд хайртай хүмүүс л энд ажиллаж байгаа гэж боддог. Миний хувьд хоёр зүйлийн төлөө зүтгэж байгаа. Нэгдүгээрт Эх орон тусгаар тогтнол, ард түмний төлөө үүргээ гүйцэтгэдэг. Хоёрдугаарт төрсөн хоёр үрийн төлөө зүтгэж байгаа аав хүн.
Манай онцгой байдлын албанд шинээр ажиллаж эхэлж байгаа залуучуудыг олон жил ажилласан аврагч нарт дагалдуулж, аврах ажиллагаанд суралцуулж, хатуужилтай болгодог. Миний хувьд шавь бэлтгэж, шинээр ажиллаж байгаа алба хаагчдад өөрийнхөө мэдлэг ур чадвар туршлагаасаа байнга хуваалцдаг. Миний хамгийн анхны шавь онцгой байдлын албанд 11 жил тууштай ажиллаж байна.
-Хэдэн жил ажиллаж байж, шавь бэлтгэх үү?
-Онцгой байдлын албандаа 4-5 ажиллаад өөрийгөө сайн хөгжүүлж, ямар ч гамшгийн дуудлагад бүрэн үүрэг гүйцэтгэх чадамжтай болсны дараа шавь бэлтгэдэг.
-Аврагч, гал сөнөөгчдийн хувьд сэтгэл зүй маш чухал байх?
- Хамгийн чухал зүйл сэтгэл зүй маш чухал. Ихэнх тохиолдолд аюулт үзэгдэл дээр очоод нэрвэгчидтэй нүүр тулсан тохиолдолд харах зүүдлэх, сэтгэлд хоногших зүйлүүд гардаг. Манай албаны алба хаагчид сэтгэлзүйн хувьд маш өндөр чадамж эзэмшсэн хүмүүс байдаг. Анх бол хэцүү байдаг байсан. Одоо ямар нэгэн дуудлагад дээр очиж, буцалтгүй нэрвэгчидтэй ажиллаж дуусаад зурагт унтрааж юм шиг хаагаад дараа ажилдаа ордог. Ийм л арга ухаанд суралцсан.

-Аврагчид болон гал сөнөөгчид зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч байдаг уу?
-Ер нь сэтгэл зүйч нар ажилладаг. Гэхдээ эрэгтэй хүмүүс юмнаас айчихдаа түүнийгээ ил гардаггүй. Үүнийгээ сэтгэл зүйчиддээ хэлэхгүйгээс болж сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй байдаг. Олон жил ажилласан ах нарын зааварчилгаа сэтгэл зүйгээ бэлдээд явхад асуудал гарахгүй дээ.
-Гэртээ амарч байх хугацаанд дуудлагад гарах тохиолдол олон байдаг байх?
-Амарч байх хугацаандаа дуудлагад маш их явдаг. Миний хувьд амарч байх хугацаанд дуудлага явахдаа маш баяртай явдаг. Эх орон, ард түмэнд миний тус хэрэгтэй болж дээ гээд сэтгэл өөдрөг явдаг. Нэгэнт энэ албыг сонгосон хүн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэх ёстой.
-Ажлынхаа хажуугаар дадлага сургуулилт хийдэг үү?
-Гал түймэр унтраах үндсэн дадлага сургуулилт соён гэгээрүүлэх ажил гэж байдаг. Гал түймэр унтраах аврах ажиллагаа явуулах төлөвлөгөөт дадлага сургуулилт хийдэг. Мөн өдөр тутмын дасгал сургуулилт хийнэ. Хувь нь хүн өөрөө хөгжүүлэх тал дээр түлхүү анхаардаг. Ингэж байж олон зүйлийг сурч мэднэ.
Төв суурин газар ачаалал их байдаг байх?
-Хүн амын төвлөрөл суурьшлаас хамаарч эрсдэл нэмэгдэж байдаг.

Нийслэлийн хувьд түгжрэлээс хамаарч дуудлага мэдээлэл хүндрэл учирдаг байх?
-Түгжрэл нөлөөлдөг. Гэхдээ сүүлийн үед дүүрэг орон нутгийн Засаг дарга нар энэ чиглэлд анхаарч хашаа хаалт буулгах, зам гарцыг чөлөөлж байгаа. Мөн иргэдийн ухамсар маш сайн болсон. Замын хөдөлгөөн оролцож байгаа жолооч нар зам тавьж өгдөг болсон. Аврах ажиллагааны дараа хүмүүсээс маш талархал ирдэг. Зарим нь ажил дээр хоол цай, чихэр жимс бариад ирдэг. Энэ үед үнэхээр сайхан урам зориг авдаг. Бид ч урмаар тэтгэгдэж ажилладаг хүмүүс шүү дээ.
-Нэг удаагийн галын дуудлагад хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явдаг бэ?
-Хэн нэгэнд болзошгүй эрсдэл үүсэж магадгүй учраас 10-20 хүний бүрэлдэхүүн бэлэн байдалд байдаг. Ямар нэгэн эрсдэл гараад 10-20 хүний бүрэлдэхүүн хүч хүрэхгүй бол дараагийн ангиас нэмэлт хүч авдаг. Ихэндээ ой хээрийн түймэр болон томоохон галын дуудлага дээр анги нэгтгэлийн алба хаагчдыг дуудаж үүрэг гүйцэтгэдэг. Ямар нэгэн гэнэтийн эрсдэлийг урьдчилж төлөвлөх боломжгүй учраас бид ямар ч үед бэлэн байдлаа хангаж байдаг.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Чөлөөт цагаар ном унших дуртай. Мөн ажил мэргэжилтэй холбоотой сурах бичгүүдийг судалдаг. Мэдлэгийнхээ төлөө эрэл хайгуул нэлээд хийдэг. Онгой байдлын албанд шинээр орж ирж ажиллаж амьдралаа холбож байгаа дүү нартаа их зүйлийг зааж сургах учраас өөрийгөө маш сайн хөгжүүлэх чиглэлд анхаардаг.
Мөн чөлөөт цагаар номын сангаар хэсэх дуртай. Би өөрөө маш олон уншсан. Өөрийгөө багахан гэсэн мэдлэгтэй гэж боддог. Гэвч номын дэлгүүр ороод үзэхээр миний уншаагүй маш олон ном байдаг. Иймээс маш уншиж судлах зүйл их байна даа гэж боддог.

Онцгой байдлын салбарт судлах зүйл их байгаа. Гал сөнөөгч хүн учраас маш олон талын мэдлэгтэй байх ёстой. Тухайбал, цахилгаан, цаг агаар, газар хөдлөлт гэх мэт судлах зүйл маш их байгаа. Энэ бүгдийг мэдэж судлах хэрэгтэй гэж боддог. Ингэж байж өөрийнхөө амь нас болон багийнхаа амь насыг алдахгүй аюулт үзэгдлийг даван туулна. Ер нь бол тасралтгүй суралцаж байх хэрэгтэй.
Та ямар хоббитой бэ?
-Загасчлах хоббитой. Ээлжийн амралтаа аваад Өгий нуурт очиж загасчилдаг. Ажилтай үедээ Туул, Тэрэлж, Сэлэнгэ хавиар загасчилна.
-Найз, нөхөд болон нөхөрлөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Маш олон найз нөхөдтэй. Манай албаны нэг онцлог нь бүгд гэр бүл гишүүд шиг амь нэгтэй байдаг. Ямар ч үед нэгнийгээ хаяхгүй. Ингэж байж онцгой байдлын алба хаагчид ажил үүргээ амжилттай гүйцэтгэж, эрсдэлийг бууруулж байдаг.
-Шинэ он гарах гэж байна. Шинэ оноор ихэвчлэн ажилтай байдаг уу?
-Онцгой байдлын албанд 15 жил ажиллах хугацаандаа 2-3 удаа гэртээ шинэ оноо тэмдэглэсэн. Мөн 2-3 удаа цагаан сарын баяраа гэр бүлийн хүмүүстэйгээ тэмдэглэсэн. Энэ үнэхээр гоё байсан. Томоохон тэмдэглэлт баяраар иргэдийн анхаарал суларч хөл хөдөлгөөн нэмэгдэж, болзошгүй аюул эрсдэлүүд хоёр дахин нэмэгдэг. Иймээс төрийн болон хууль сахиулах байгууллага алба хаагчид бэлэн байдлыг хангаж ажилладаг учраас гэртээ амарч баяр тэмдэглэн гэдэг ойлголт бараг байдаггүй.

Зарим тохиолдол галын дуудлага дээр ажиллаж байхад энэ тэнд салют буудуулаад он солигдож байдаг. Заримдаа галын дуудлагаас буцаж байхад салют буудаад он солигдохоор зогсоод машинаасаа буугаад хэдэн биедээ баяр хүргээд шинэ оноо угтдаг. Ийм тохиолдол зөндөө байдаг. Зарим үед Сүхбаатарын талбай дээр хамгаалалтад гардаг. Иймэрхүү байдалтай оноо угтдаг даа.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би эцэг эхээс 3-лаа. Ах эгч хоёртой, айлын бага хүүхэд. Одоо бол эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Би амьдралынхаа цаг үеийг гурван хэсэгт хувааж байгаа. Эхний 20 жилээ аав ээж ах эгч нартаа хамт байсан. Дараагийн 20-40 жилээ эхнэр, үр хүүхэд, хамт олондоо зориулна. Харин 40-60 насаа зөвхөн өөртөө зориулна гэж боддог. 40 настай тэтгэвэртээ гарна.
-Тэтгэвэртээ гаргахгүйгээр хугацаагаа сунгаж ажиллах боломж байдаг уу?
-Таван жил сунгаж болдог. Гэхдээ 40 настай хүн, 18 настай залуутай хамт аврах ажиллагаа хийхэд бие бялдар нь гүйцэтгэхгүй. Онцгой байдлын алба залуу насны эрч хүчээр хийдэг ажил шүү дээ.
-Энэ албанд ажиллаж байх хугацаандаа ямар амжилт гаргаж байв. Амжилтаас дурьдвал?
-Гал сөнөөгч аврагч хүн иргэн аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө иргэдийн амь насыг болзошгүй эрсдлээс хамгаалдаг. Энэ албандаа 15 жил ажиллахдаа чадамгүй амжилт гаргасан. Гэхдээ би их амжилт гаргалаа гээд онгирох дургүй. 15 жилийн хүч хөдөлмөрийн үнэлж, төр засаг болон байгууллагаас шагнал урамшуулал авч байсан.

Миний хамгийн хайртай шагнал бол 10 жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шударга журам медалийг авч байсан. Үүний дараагийн том шагнал 2025 оны “Онцгой байдлын байгууллагын Онцгой гавьяа байгуулсан алба хаагчаар тодорч 20 сая төгрөгийн мөнгөн урамшуулал авсан.
Би эхнэр, ажил хоёроо адилхан хайрладаг. Миний хань ажлыг минь дэмжиж, байнга урам зориг өгдөг. Ажлын хамт олон гэсэн намайг маш дэмждэг. Ажлаас шантрах үе зөндөө л байсан. Энэ албандаа хайртай дуртай учраас шантрахгүй, зүтгэсээр ирсэн.
-Хүүхэд насны дурсамжаа хуваалцаач. Ямар мөрөөдөлтэй байсан бэ?
-Хүүхэд байхдаа сансрын нисэгч, инженер, барилгын зохион бүтээгч, эмч болно гэж боддог байсан. Арван жилийн сургуулийн төгсөөд 19 настай цэрэгт явсан. Цэрэгт очоод цэргийн амьдрал дурласан. Энэ ямар гоё амьдрал вэ, ямар гоё газар вэ гэдгийг мэдэрсэн. Цэргээс 20 настай халагдаж ирээд Онцгой байдлын ахлагчийн сургалтад хамрагдаж, төгсөөд ажилдаа томилогдсон.

-Хаана цэргийн алба хаасан бэ?
-Дорноговь аймгийн хилийн 0129 ангид цэргийн алба хаасан. Цэргийн амьдрал үнэхээр гоё шүү. Сүүлийн үед цэргийн алба их муулж, сошиолоор их сэвдэг болсон байна. Үнэндээ цэргийн алба, цэргийн амьдрал үнэхээр гоё.
-Сошиол хэр идэвхтэй вэ?
-Идэвхтэй байдаг.
Ойрын зорилго, төлөвлөгөө юу байна вэ?
-Би таван жилийн дараа тэтгэвэртээ гарна. Одоо ажиллах хугацаандаа онцгой байдлын албан шинээр ирж ажиллаж байгаа дүү нартаа өөрийн хэмжээндээ сургаж бэлтгэнэ гэж боддог. Мөн бизнесийн арга зүйд суралцана даа.
-Ярилцсанд баярлалаа
| Б.Сондомцэрэн: Гал сөнөөгч хүн олон талын мэдлэгтэй байх ёстой | ||
| Үзсэн: 351 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.