Шууд Chart

Нийслэлд хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүллээ

2025-12-31 11:33:37

Энэ өвөл нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг хэрэглэж байна.

Хагас коксон шахмал түлш нь хатуу түлшний хувьд хамгийн цэвэр бөгөөд “Утаагүй түлш” гэдгээрээ онцлогтой.

Өөрөөр хэлбэл, түүхий нүүрсийг дулааны аргаар буюу 500-700 хэмийн өндөр температурт боловсруулж, хорт бодисыг шүүж, хагас кокс болгодог аж. Энэ жил БНХАУ-ын “Шаньси нүүрс-химийн групп”-ийн Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбар” компаниас 306 мянган тонн хагас коксоор хийсэн шахмал түлшийг худалдан авч байна.

Тэгвэл Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 12 дугаар сарын 22-ны тавдугаар хуралдаанаар хагас коксон түлш үр дүнгээ өгсөн гэж дүгнэлээ. Энэ үеэр “Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 40-50 хувь буурсан. Өнгөрсөн оны мөн үеэс хүхэрлэг хий 55 хувиар, PM2.5 болон PM10 тоосонцор 22-25 хувиар, азотын давхар исэл хоёр хувиар буурсан” хэмээн дүгнэв.

Ирэх онд Багануурын нүүрсний уурхайг түшиглэн хагас коксон шахмал түлшний үйлдвэр барихаар төлөвлөж байна. Хагас коксон шахмал түлшийг 25 кг-аар савласан бөгөөд нэг шуудайг 5000 төгрөгөөр борлуулж байгаа юм. Мөн энэ жил хагас коксон шахмал түлшийг Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэнийг гэрчлэх “Тохирлын гэрчилгээ”-г холбогдох байгууллагаас олгосон. Энэхүү гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүн олон улсын болон дотоодын стандарт, техникийн шаардлагад нийцэж байгааг баталгаажуулдаг юм.


Нийслэлд хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүллээ  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй