Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бидэнд ямар хамаатай вэ

2016-11-09 12:36:32

АНУ-д   Ерөнхийлөгчийн болон  Конгрессын   сонгуулийн санал хураалт өчигдөр  эхэлсэн. АНУ-ын  Ерөнхийлөгчийн  сонгуульд Бүгд найрамдах намаас тэрбумтан Дональд  Трамп,  Ардчилсан  намаас АНУ-ын тэргүүн хатагтай, төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар өрсөлдөж байгаа.  Мөн  Либератариан, Ногоон,  Үндсэн хуулийн гээд хэд хэдэн намын  нэр  дэвшигчид  өрсөлдөж  байгаа юм. 

Америкийн сонгогчид төрийн тэргүүнээс гадна, конгрессийн дээд танхимын 34 гишүүн , төлөөлөгчдийн буюу доод танхимын 435 гишүүнийг сонгох саналаа өгч байна. АНУ-ын 50 мужийн сонгогчдын төлөөллийн нийт саналын тоо 538 бөгөөд үүнээс 270 саналыг авбал ялалт байгуулна. 12:00 цагийн байдлаар БНН-аас нэр дэвшиж буй Дональд Трамп Трамп сонгогчдын 201 төлөөллийн санал, АН-аас нэр дэвшиж буй Хиллари Клинтон сонгогчдын 197 төлөөлөлийн санал тус тус аваад байна. Одоо дахиад 140 сонгогчийн коллегийн санал тоологдож байна.

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бидэнд ямар хамааралтай талаар асууж буй иргэд олон бий. Шууд утгаараа бид далайн цаана оршдог АНУ-тай хил залгаа биш учраас тэр орны Ерөнхийлөгчөөр ямар хүн сонгогдох нь хамаагүй байж болох юм. Гэхдээ АНУ бол дэлхийн тэргүүлэгч орон, дэлхий дахины бодлогыг тодорхойлоход чухал үүрэгтэй орон. Энэ утгаараа АНУ-ын Ерөнхийлөгч манай орны гадаад бодлого, харилцаанд чухал нөлөөтэй гэж хэлж болно.

 АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль манай улсад ямар нөлөөтэй талаар Улс төр судлаач Ж.Төртогтохоос тодрууллаа.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль Монгол Улсад ямар хамааралтай юм бэ?

-АНУ бол дэлхийн улс төр эдийн засгийн тэргүүлэгч гүрэн гэдэг байр сууриа хадгалсаар ирсэн. Монгол Улсын АНУ-тай харилцах харилцаа бол Монгол улс өөрийгөө дэлхийд таниулах, олон улсын харилцаанд идэвхитэй байр сууриа баримтлахад чухал эерэг нөлөөтэй. АНУ-ын гадаад бодлогын Монгол улсад үзүүлж буй нөлөө зөвхөн  хоёр орны харилцаанд төдийгүй Монгол уулсын цаашдын хөгжилд чухал эерэг нөлөөтэй.

-АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн баримтлах гадаад бодлогын талаар олон улс их анхааралтай ажиглаж байна?

-Хоёр нэр дэвшигчийн гадаад бодлого нь ерөнхийдөө 10 гаруй асуудал дээр төвлөрч байна. Тодруулбал, БНХАУ-ын асуудал, ОХУ-ын талаар баримтлах байр суурь, мөн Умард Солонгос, цөмийн зэвсэг, эрчим хүч, хүрээлэн буй орчин, агаарын бохирдол, дэлхийн дулаарал, үндэсний аюулгүй байдал мөн Иран Исламын орнууд, цагаачлал гэх мэт асуудлуудад хоёр нэр дэвшигчийн гадаад бодлогын асуудал төвлөрч байна.

-АНУ-ын гадаад бодлогын чиглэл өөрчлөгдөх тал дээр олон улсын шинжээчид ямар байр суурьтай байна вэ?

-АНУ-ын гадаад бодлого бол улс төрийн тавцанд ч, олон улсын харилцаанд ч тэр харьцангуй тогтвортой байр суурь баримталж ирсэн. Үүнээс гадна олон улсын харилцаанд их нөлөөтэй байдаг. Энэ хүрээнд  АНУ-ын гадаад бодлогыг харьцангуй тогтвортой гэж хэлж болно. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн онцлог бол нэр дэвшигчид дэлхийн улс төрийн хувьд тулгамдсан асуудлуудад ялгаатай байр суурь баримталж байгаа нь харагдаж байна.

-АНУ-ын удирдлага солигдох нь шууд болон шууд бус утгаараа Монгол Улсад ямар нөлөөтэй вэ?

-Шууд сөрөг нөлөө бол гарахгүй байх гэж бодож байна. Учир нь Монгол Улс АНУ-ыг тогтвортой дэмждэг. АНУ ч гэсэн Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг тогтмол дэмжиж ирсэн. Гэхдээ Монгол Улс бол Азийн орон. Ялангуяа улс төрийн хувьд Зүүн хойд Азийн интаграцид идэвхитэй явж ирсэн. Бидний хамаарагдаж байгаа энэ Зүүн хойд Азийн бүс нутгийн тэргүүлэгч орон болох ОХУ болон БНХАУ-ын талаарх байр суурь бол Монголын гадаад улс төрийн орчинд шууд нөлөөтэй. Тухайлбал, БНХАУ-ын талаар хоёр нэр дэвшигчийн баримталж буй байр суурь ялгаатай байгаа. Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа Доналд Трамп БНХАУ-тай харилцаж харилцаа буй эдийн засаг худалдааны хувьд ашиггүй байна гэсэн байр суурьтай байгаа. Хиллари Клинтоны хувьд чөлөөт худалдааг цааш нь илүү хөгжүүлнэ гэсэн Ардчилсан намын бодлогыг баримтлаж өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэх шинжтэй байна. Мөн ОХУ-ын талаар баримтлах байр суурь нь ч гэсэн ялгаатай байна. Манай хоёр хөрш орны талаар баримтлаж буй нэр дэвшигчийн ялгаатай байдал нь манай улсын гадаад орчинд шууд бусаар нөлөө үзүүлэх магадлалтай. Мөн цагаачлалын асуудлаар Хиллари Клинтон АНУ-д хууль бусаар оршин суудаг иргэдийг иргэншилтэй болгох асуудлыг дэмжиж ажиллана гэсэн бол Трампын хувьд энэ асуудлыг хязгаарлах байр суурийг илэрхийлж байна. Энэ асуудал ч гэсэн бидэнд нөлөөлнө.

-Баярлалаа.

Нийтэлсэн: О.Энхмаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бидэнд ямар хамаатай вэ  
Үзсэн: 4704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй