Шууд Chart

Хүн ам, орон сууцны завсрын тооллогын дүнг танилцуулна

2016-11-09 16:48:16

Манай улс  хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг “Статистикийн тухай”, “Хүн ам, орон сууцны тухай” хууль болон НҮБ-ын зөвлөмжид заасны дагуу 10 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг. Үүнээс гадна хуулийн дагуу хүн ам, орон сууцны завсрын тооллогыг 5 жилд нэг удаа явуулах  ёстой байдаг. Гэсэн хэдий ч манай улсад завсрын тооллогыг өмнө нь явуулж байгаагүй. Харин 2015 онд хүн амын завсрын тооллогыг Үндэсний статистикийн хорооноос анх удаа зохион байгуулсан юм. Энэхүү тооллогын нэгдсэн дүнг боловсруулж дуусчээ. Энэ талаар Үндэсний Статистикийн хорооноос маргааш албан ёсоор мэдээлэл хийх юм байна.

Өнгөрсөн онд хийсэн завсрын тооллогыг “хүн амын регистрийн бүртгэлд суурилсан бүртгэлийн арга”-аар хийсэн байна. Өөрөөр хэлбэл, засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хороонд хөтөлдөг  “Хүн ам, өрхийн мэдээллийн сан”-г төрийн захиргааны бусад байгууллагын мэдээллийн сантай уялдуулан завсрын тооллогын үр дүнг гаргажээ.

Завсрын тооллогод манай улсын нутаг дэвсгэрт оршин суугаа бүхий л иргэдийг хамруулснаас гадна 6 болон түүнээс дээш сараар гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг ч хамруулсан байна. Энэхүү завсрын тооллогын тайлан дүн нь хүн ам зүйн олон үзүүлэлтүүд, үүний дотор хүн амын суурьшил, байршлыг зөв оновчтой зохицуулах, төвлөрлийг сааруулах талаарх төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чухал ач холбогдолтой юм.

Дээрх завсрын тооллогын тайланд дурдагдсан зарим мэдээллүүдээс дурьдахад, Монгол Улсын нийт хүн амын 84.5 хувийг Халх үндэстан, 3.9 хувийг Казах үндэстэн, 2.4 хувийг Дөрвөд, 1.7 хувийг Баяд, 1.3 хувийг Буриад ястан эзэлж байна.

Монгол Улсын нэг хавтгай дөрвөлжин квадрат километр нутаг дэвсгэрт 2010 онд 1.7 хүн ногдож байсан бол 2015 онд 0.2 пунктээр өсч 1.9 болжээ. Гэсэн ч манай улс дэлхийн хамгийн сийрэг суурьшилтай орны нэг хэвээр байна. Харин Улаанбаатар хотын хүн ам нягтралаараа хамгийн өндөр буюу нэг хавтгай дөрвөлжин квадрат километр нутаг дэвсгэрт 2010 онд 246 хүн ногдож байсан бол 2015 онд 286 болж 16.6 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот манай улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг атлаа хүн амын 45 хувь нь оршин сууж байгаа төдийгүй энэ байдал цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Хүн ам, орон сууцны завсрын тооллогын дүнг танилцуулна  
Үзсэн: 2574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй