
Угсаатан судлаач, Монголч эрдэмтэн М.Нишимура Японы хойт нутгийн Хоккайдо арлын Абүта тосгонд “Зүүн хойт Азийн нүүүдэлчдийн музей”-н нээлтээ хийжээ.
М.Нишимурагийнх гэх айл одоогоос найман жилийн өмнө Японы хойд нутгийн бөглүү уул, хөвч дунд дүнзэн байшин барьж, тайгын амьдралаа эхлүүлжээ. Цахилгаан гэрэл, ундны ус, холбоо харилцаагүй энэ бүс нутагт эхнэр хүүхэд, гэр бүлээ дагуулан ирж суурьшихаар шийдсэн нь Монголтой холбогдсоноос үүдэлтэй аж.
Токиогийн гадаад хэлний их сургуулийн оюутан М.Нишимура 1990-ээд оны эхэн үед Монголд хөл тавьжээ. Нийгмийн тогтолцооны өөрчлөлтийн хүнд хэцүү үед ч гэсэн монголчууд тусч сайхан сэтгэлээ гээгээгүй байсан гэж тэр одоо ч дурсан ярьдаг. Эд бараа ховор ч эргэж нэхэх зүйлгүй, байгаагаасаа илүүчилж туслаж байсан монгол хүний өгөөмөр сэтгэлийн ачийг хариулахсан гэж бодсоор өнөөг хүрчээ.
Ингээд тэрбээр нүүдэлчин монголчуудын ахуй амьдрал, тэдний бүтээж бий болгосон соёл иргэншлийг япончуудад танилцуулж, монголын тухай бусдад ойлгуулахыг зорьсон байна .
Судлаач М.Нишимура монгол ахуйд амьдарч, байгалиас хүртэж, байгалийг шүтэж амьдрах арга ухааныг өөрийн биеэр үлгэрлэх амьдралын хэв маягийг сонгов. Мэдээж Японд Монгол орны өргөн уудам тал нутаг шиг дураараа нүүж суух боломж байхгүй. Гэхдээ эзгүй уул, ой мод бий. Тэр нь хойт нутгийн Хоккайдо арал.
Ингээд М.Нишимура хойт нутгийн бөглүү уул хөвчид орон гэрээ төвхнүүлж, тэнд монгол ахуйг, нүүдэлчдийн соёлыг түгээж суухыг жаргалд үзэв. Олон жил “ноцолдсоны” хүчинд хэдэн модон байшин босгож авав. Босгосон нэг байшингаа “Зүүн хойт Азийн нүүдэлчдийн музей” болгож, тэнд Монголын малчдын ахуй орчинг бий болгож, Хөвсгөлийн цаатан, Баян-Өлгийн казахуудын эд хэрэглэл, угсаатны зүйлсээр үзмэр гаргав. Түүний үзмэрүүд нь жирийн амьдралаас олж цуглуулсан энгийн бөгөөд “оргиналь”. Үзмэрүүдийг барьж, бас өмсөж зүүж, хэрэглэж, харьцаж болно. Энэ нь япончуудад тун ч их таалагдаж буй гэнэ. Зэлүүд ууланд өрнөсөн “нүүдэлчин араншин”-ыг эргэн тойрныхон, тосгоны оршин суугчид гайхан шагширч байсныг музейн нээлтэнд ирсэн нутгийн хүмүүс ярьцгааж байв.
Япон хүн хэзээ ч үл чадах амьдралын хэв маяг, байгалийн хатуу ширүүнээс үл бэрхшээсэн М.Нишимурагийн тухай тосгоны хүмүүс домог мэт өгүүлсээр байна. Их хөгжил хүнийг байгалиас холдуулж, хүмүүний байгалиас заяагдмал шинжүүдийг бүдгэрүүлж, сэтгэлийн хоосролд хүргэдэг бололтой. Их хот, их хөгжилтэй зэрэгцэн орших “Зүүн хойт Азийн нүүдэлчдийн музей” хүн бол байгалийн эзэн болохыг сануулаад байгааг илтгэнэ. Монголд хязгааргүй дурласан, монгол хэлийг төгс эзэмшсэн М.Нишимура гэдэг япон эр яг одоо монголын язгуур урлагийн уран сайханчдыг дагуулж монгол соёлыг сурталчлан таниулахаар Японы хотоос хотын хооронд давхисаар явна.
Токио дахь Монголын Элчин сайдын яамны зөвлөх Ч.Куланда /Япон улс/
Монголчуудын жишгээр нүүдэлчин болсон Япон судлаач | ||
Үзсэн: 1061 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.