
Нэрт загвар зохион бүтээгч Вивьен Вествуд болоод “Sex Pistols” хамтлагийн менежер асан Малкольм Макларен нарын хүү Жо Корре Британийн нэрт панк рок хамтлагийн олон сая доллараар үнэлэгдэх эд зүйлсийг шатаажээ. Тэрээр Темза гол дээрх завин дээр эд зүйлсийг нь хийж шатаах үедээ бичлэг хийж авсан байна. Корре энэ бичлэгээ уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдолтой тэмцэх асуудлыг сурталчлахдаа ашиглахаар төлөвлөсөн байжээ.
Тэрээр мөн орчин цагийн хөгжмийн урлагийн чиг хандлагыг эсэргүүцсэн хөдөлгөөнд зориулж энэ бүхнийг зохион байгуулсан байна. Шатаасан эд зүйлс дотор нь Вествудын Секс Пистолс хамтлагийн гишүүдэд оёж өгсөн хувцаснууд, тус хамтлагийн ховор бичлэгүүд, диск, зурагт хуудас зэрэг байжээ. Шинжээчид шатааж устгасан цуглуулгын үнэ ойролцоогоор 5-10 сая фунт стерлинг хүрэхээр байсан гэж үнэлж байна.
Коррегийн энэ этгээд санаачилгыг Рок хамтлагийн шүтэн бишрэгчид эрс буруушаан шүүмжилж байсан. Тус хамтлагийн гоцлол дуучин байсан Жон Лайдон дуудлага худалдаагаар энэ бүх эд зүйлсийг борлуулж, мөнгийг нь буяны үйлсэд хандивлахыг уриалж байсан юм. Түүнчлэн хамтлагийн гитарчин Глен Мэтлок Коррегийн энэ үйлдлийг нацистууд ном шатаадагтай адилтгасан байна. Харин Корре цуглуулгыг худалдахыг эрс татгалзсан аж.
Тэрээр, "Панк хэдийн мөхсөн. Тиймээс панктай холбоотой бүхнийг хадгалаад байх шаардлага байхгүй хэмээн үзэж байна" хэмээн мэдэгдсэн байна. Британийн панк рок хамтлаг болох Секс Пистолс 1975 онд байгуулагдсан бөгөөд 1978 онд задран тарсан юм. Гэвч тус хамтлаг 1970 аад оны хамгийн алдар нэртэй хамтлагийн нэгд тооцогдож байсан юм.




“Sex Pistols” хамтлагийн олон сая доллараар үнэлэгдэх эд зүйлсийг шатаажээ | ||
Үзсэн: 540 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.