“Дэлхийн гоо бүсгүй” шалгаруулах 66 дахь удаагийн тэмцээнд шилдэг 11-т шалгарсан Алтангэрэлийн Баярцэцэг нийт монголчууддаа хандан баярласан сэтгэлээ илэрхийллээ.
Тэрбээр өчигдөр фэйсбүүк хуудсаар дамжуулан шууд бичлэгийг хийж, монголчуудтайгаа холбогдсон юм. Түүний сэтгэгдлийг бүтнээр нь уншигч танаа хүргэж байна.
“Би тэмцээнээ дуусгаад тэр дор нь монголчууддаа баярлалаа гэж хэлэх гэсэн болов чиг биднийг шууд дараагийн арга хэмжээ рүү авч явсан учир чадсангүй, уучлаарай.
Анх энэ тэмцээнд орохдоо мисс Сарнай эгчийнхээ шилдэг 25 дугаарт орж байсан амжилтыг ахиулъя, монгол орноо маш зөвөөр сурталчилъя хэмээн бодож, зорьж орсон.
Тэмцээнд орохын тулд зарим хүмүүс жилийн өмнөөс бэлтгэдэг бол миний хувьд нэг сарын хугацаанд бэлтгэлээ хийлээ.
Үүнээс би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Амжилтад хүн ганцаараа яагаад ч хүрэх боломжгүй байдаг юм байна, тухайн хүний ард “асаалттай танк” шиг баг, хамт олон, дэмжигчид, найз нөхөд, ах дүүс, садан төрөл, ээж аав гээд улс орноороо “зогсож” байж амжилтад хүрдэг юм байна гэдгийг харсан.
Өмнө нь Монгол улсаас “Гоо бүсгүй” шалгаруулах тэмцээнүүдэд дунд нь зохион байгуулагддаг шалгаруулалтад түрүүлж байсан удаагүй. Харин миний бэлтгэсэн үзүүлбэр түрүүлж чадсанд үнэхээр баяртай байна. “Авьяас” үзүүлбэрийг дэглэсэн Билэгт , бүжгийг дэглэсэн Шинэцэцэг найз нартаа маш их баярлалаа гэж хэлье.
Топ 20-ын дараа топ 10-ыг шалгаруулахад уур амьсгал маш хүнд байдаг. Шалгараагүй үлдсэн 100-аад орны охидууд тайзны ар талд уйлалдан, таагүй нөхцөл байдалтай байдаг бол Топ 20-д багтсан бүсгүйчүүл нэрийг минь дуудаасай хэмээн догдлон хүлээж байдаг.
Миний хувьд, тэдгээр хорин бүсгүйчүүдээс топ аравт шалгарч үлдсэн хамгийн сүүлчийн хүн болох Солонгосын миссын нэрийг дуудахад , за ингээд л дуусч дээ гэж бодсон. Гэтэл хөтлөгч энэ удаад 10 биш, 11 байгаа гээд “Үзэгчдийн ташаалд хамгийн их хүрсэн мисс” –ээр шалгаруулахад, тайван байдлаа хадгалж үлдэхийг хичээж байсан ч өөрийн эрхгүй хоолой зангираад, уйлах дөхсөн. Энэ мөч үнэхээр гайхалтай байсан.
Монголчууд “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд бусад орных шиг хөрөнгө мөнгө зардаггүй, тийм ч алдартай орон биш хэдий ч, гуравхан сая хүн амтай орон нэгэн сэтгэлийн хүчээр энэ хэмжээнд оролцоно гэдэг үнэхээр бахархмаар. Бидний эв нэгдлийн хүч үнэхээр агуу гэдгийг харлаа.
“Жинхэнэ миссийн тэмцээнд оролцоход улс орноороо оролцоно” гэдэг шиг дизайнерүүд маань бүгд урласан хувцсаа өгч явууллаа, нисэх компаниуд онгоцны тасалбараар дэмжлээ, их сургуулийн хүүхдүүд айл бүрийн хаалгыг тогшин саналаа өгөхийг уриалж явлаа гээд миний ард ажилласан баг хамт олон бүхэл бүтэн хоёр сарын турш цалин хөлсгүй сэтгэлээрээ нэгдмэл нэг баг болж ажиллаа.
Өнөөдөртөө хүн бүрт ганцаарчилсан баярлалаа гэдэг үгийг хэлж амжихгүй нь, гэхдээ тун удахгүй, өөр газар очоод төвхөнчихөөд нэг бүрчлэн холбогдож хэлэх болно.
Ер нь “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнийг “гоо сайхны олимп”, “эв нэгдлийн билэг тэмдэг” гэж ярьдаг. Үнэхээр эв нэгдлийн билэг тэмдэг гэдгийг ямар утгаар харуулдаг юм бэ гэдгийг монголчууд дэлхий нийтэд үзүүлж чадлаа. Шилдэг хоёрдугаар байранд орсон бүсгүйгээс дөрөв дахин илүү саналыг манайх авсан байсан. “Дэлхийн мисс”-ийн 66 дахь тэмцээн монголчуудын хувьд мартагдахааргүй, дурсамж, амжилтаар дүүрэн, гайхалтай аялал боллоо.
Дараа дараагийн оролцох охидууддаа эндээс сурсан туршлага бүхий л зүйлээ харамгүй хэлж, улс орныхоо амжилтыг жил тутамд ахиулахыг хүсч байна. Та бүхэн ч гэсэн дэмжээрэй. Олон улсын тэмцээнд оролцож байхад бодит дэмжлэг гэхээсээ илүүтэй сэтгэл зүйн дэмжлэг маш их хэрэгтэй байдаг.
Үнэхээр их баярлалаа. Би монгол хүн болсноороо үнэхээр их бахархаж байна. Гуравхан саяулаа хэрнээ эв нэгдлийн хүчээр тэрбумаар тоологдох хүн амтай орныг давж, “Авьяас” үзүүлбэрт 100 сая хүн амтай орноос түрүүлж чадлаа гэж нэгэн дэмжигчийн маань хэлсэнчлэн, эцсийн шалгаруулалтад дэлхийн долоон тэрбум хүний өмнө зогсож, “Үзэгчдийн ташаалд хамгийн их хүрсэн мисс” –ээр шалгарч, 11 байранд жагсаж чадлаа.
Санал асуулгад мөн дэлхийн олон орны үзэгчид миний төлөө саналаа өгсөн байсан нь монгол орон маань ямар хүчтэй гэдгийг харуулж байна. Та бүхэндээ удахгүй ирэх шинэ оны мэндийг, бас аз жаргалыг хүсье!”.
Үүний дараа тэрбээр “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө. Амжилт хэзээ ч ганцаар ирдэггүй гэдэг сургамжийг би энд өнгөрүүлсэн гайхалтай өдрүүдийнхээ эцэст ойлгож авлаа. Аялал бүхэн хүнд нэгийг зааж, нэгийг ухааруулдаг гэдэг. Миний амжилт Та бүхний тэмцэл байлаа... Мөрөөдөлд хязгаар үгүй гэдэг. Дэлхийн миссийн тэмцээнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй, стратегийн ямар ч ач холбогдолгүй манай орон өөрсдийн цэвэр хүчээр цойлон гарсан нь энэ. Өнөөдрийн нусаа хацартаа наасан хөдөлмөр маргаашийн нулимсаа унагасан бахархал байх болно гэдэг үгийг үргэлж дотроо бодон унтах нойр, идэх хоолоо хасан байж хөдөлмөрлөсөн сүүлийн хоёр сарын маань үр дүн гарлаа” гэж фэйсбүүк хуудаснаа бичин үлдээжээ.
А.Баярцэцэг: Амжилт хэзээ ч ганцаар ирдэггүй гэдэг сургамжийг би эндээс авлаа | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.