
1980-аад онд дэлхийн урлагийн ертөнцийг байлдан дагуулж байсан, нэрт уран бүтээлч, дуучин Жорж Майкл 53 насандаа таалал төгслөө. Энэ мэдээ дэлхийн урлагийн ертөнц, ялангуяа рок поп хөгжмийн ертөнцийн сая, сая шүтэн бишрэгчийн хувьд уй гашуу дагуулсан мэдээ байлаа. Тэрээр зул сарын баярын өдөр Английн Темза мөрний эрэг дагуу байрлах Горинг тосгонд байрлах гэртээ нас барсан тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Синди Бергер мэдээллээ.
Одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхой болоогүй байгаа ч, хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар Жорж Майкл ямар нэгэн өвчингүй байсан гэж мэдэгдэж байгаа юм. Харин түүний гэр бүлийнхэн одоогоор ямар нэг албан ёсны тайлбар хийгээгүй байна. Жорж Майкл урлагийн карьераа анх "Ваам" хамтлагаар эхлүүлж байсан юм.
Тэрээр 1987 оноос хойш нийт зургаан цомог гаргаж, амьдралынхаа туршид 100 сая гаруй ширхэг цомог борлуулж, Гремми, Америкийн хөгжмийн дээд шагнал зэрэг бүхий л томоохон шагналыг хүртэж байсан урлагийн ертөнцийн домог болсон дуучин юм. Алдарт дуучин Жорж Майклийг нас барсан тухай харамсалтай мэдээ дэлхий даяар цацагдсаны дараа түүний урлагийн нөхөд, хамтран зүтгэгчид эмгэнэл илэрхийлж эхэллээ.
Элтон Жонн, Рассел Кроу, Брайн Адамс, Эллен Женерес зэрэг од өөрийн олон нийтийн хуудсаараа дамжуулж эмгэнэл илэрхийлсэн байна. Дэлхий даяар түүнийг хамгийн сайн мэдэх дуу бол зул сарын баярын тухай хүмүүсийн сэтгэлд хоногшсон “Last Christmas” дуу билээ.
Өнгөрч буй 2016 оны эхлэл, төгсгөл дэлхийн алдартай урлагийн оддод халтай жил болж өнгөрч байна гэж судлаачид дүнэж байна. Учир нь 2016 он дөнгөж гармагц буюу нэгдүгээр сарын 10-нд алдарт рок хөгжмийн домог мөн л Их Британийн алдарт дуучин Дэвид Бови өвчний учир таалал төгссөн юм.
Алдарт дуучин Жорж Майкл 53 насандаа таалал төгслөө | ||
Үзсэн: 727 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.