
Тик гэдэг нь ухаан санаа болон дур зоригоос үл хамааран биеийн тодорхой хэсгийн булчингуудын гэнэтийн, хурдан, олон давтсан, хэмт бус, эмгэг хөдөлгөөнийг хэлнэ. Тик нь хөдөлгөөнт болон дуут гэсэн хоёр хэлбэртэй. Хөдөлгөөнт тик нь нүдээ анивчих, хамраа үрчийлгэх, уруулаа хөхөх, мөрөө хавчих, дуут тик нь хааяа ханиах, хоолойгоо засах, нусаа татах, тагнай таших, исгэрэх зэргээр илэрнэ.
Тик үүсэх шалтгаан
Бүх насныханд тохиолдох ба өвчтнүүдийн 5-25 хувь нь сургуулийн бага насны хүүхэд байдаг. Хөвгүүд охидын харьцаа 3:1.
- Анхдагч: Олдмол болон Удамшлын
- Хоёрдогч(туреттизм)-Төрөх үеийн гэмтэл, бага жинтэй төрөх, мэдрэлийн тогтолцооны зарим өвчнүүд, хүүхдийн тархины саа, гавал тархины гэмтэл, угаарын хийн хордлого, хромосомын гажиг, эм бэлдмэлийн нөлөө (L-Dopa, нейролептик, сэтгэц нөлөөт эмүүд, антигистамин), стрептококкийн халдвараар давтан өвдөх.
Тикийн шинж тэмдгүүд
Дараах шинжүүд илэрвэл эцэг, эхчүүд мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй.
- нүдээ анивчих, хамраа үрчийлгэх, уруулаа хөхөх
- мөрөө хавчих, гэдсээ татах
- дэвхцэх, биеэ сэгсрэх, хувцасаа зулгаах
- бусдын хөдөлгөөнийг даган дуурайх
- Хааяа ханиах, хоолойгоо засах, нусаа татах, тагнай таших, исгэрэх
- бусдын болон өөрийн хэлснийг давтах, уншсан үгийг давтах, бүдүүлэг үг хэллэг хэлэх
Тик нь ихэнхидээ зан төлвийн өөрчлөлтүүдтэйхавсарч тохиолддог. Үүнд санаа зовних эмгэг, сэтгэл түгшилт, өөрийгөө дорд үзэх эмгэг, сэтгэл гутрал, хэт хөдөлгөөнтөх-анхаарал сулрах эмгэг орох ба эдгээр эмгэгүүдийн үед хүүхдийн нийгмийн харилцааг төвөгтэй болгодог.
Тиктэй хүүхдэд хэрхэн туслах вэ
Хүүхэд хөдөлгөөнт болон дуут тикээ хянаж чадахгүй учир тэдэнд гомдоллох, зэмлэх, шоглох хэрэггүй. Ингэснээр тикийг улам хүндрүүлж, тэднийг стресст оруулж, өөртөө итгэх итгэлээ алдахад хүргэнэ.Тик нь стресс, сэтгэл хөдлөл, ядаргаа, оюуны болон биеийн хүчний ачааллын үед нэмэгддэг. Сэтгэл засал болон эмийн эмчилгээг зөвлөнө. Сэтгэл засал эмчилгээг багш, эцэг эх, эмч хамтран хийх нь илүү үр дүнтэй. Эмийн эмчилгээг заавал эмчийн хяналтад хийлгэнэ.
Тик гэж юу вэ | ||
Үзсэн: 6814 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.