
АНУ-ын кино, телевизийн урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг Алтан бөмбөрцөг наадмын 74 дэх удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотноо ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Нийт 25 төрөлд шилдгүүдээ шалгаруулдаг энэхүү наадмыг Оскарын өмнөх бэлтгэл ч гэж кино шүүмжлэгчид үздэг. Учир нь алтан бөмбөрцөг наадмын шагнал хүртсэн уран бүтээлч тухайн жилдээ Оскар хүртээгүй тохиолдол тун цөөхөн байдаг юм. Энэ наадмын Оскараас ялгаатай нэг зүйл нь телевизийн олон ангит киноны шилдгүүдийг мөн шалгаруулдаг.
Тус наадмын номинацын эзэд эхнээсээ тодорч эхлээд байна. Алтан бөмбөрцөг наадмын хамгийн гол шагнал болох Шилдэг утга уянгын кино төрөлд "Moonlight" буюу "Сарны туяа" кино шалгарчээ. Энэхүү киног бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн аж. Мөн ихэнх кино наадмуудаас хамгийн гол гэсэн шагналуудыг хүртэж байгаа Ла Ла Ланд хэмээх кино нийт 7 номинацид нэр дэвшиж, хамгийн гайхалтай нь бүгдэд нь ялалт байгууллаа. Энэ нь алтан бөмбөрцөг наадмын түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо. Америкийн кино найруулагч Демьен Шазеллийн бүтээл сэтгэл татам хайрын түүхийг харуулсан “La La Land” кино нь мюзикль, инээдмийн кино төрөлд шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг киноны хөгжим, шилдэг дуу мөн түүнчлэн гол дүрийг бүтээсэн Раян Госслин, Эмма Стоун нар шилдэг гол дүрийн жүжигчдийн шагнал гардсан юм.
Харин бүрэн хэмжээний кино драм төрөлд Берри Женкинсийн бүтээл "Moonlight" кино шилдгээр тодорлоо. Уг кинонд бага насны өнгөт арьстан хүүгийн амьдралын талаар өгүүлдэг байна. “Алтан бөмбөрцөг” наадмын нэгэн нэр хүндтэй шагнал бол яалт ч үгүй Сесил Демиллийн шагнал билээ. Уг шагналыг кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст гардуулдаг уламжлалтай. Уг шагналыг өнгөрсөн жил Америкийн продюсер, найруулагч Дензел Вашингтон гардсан бол энэ жил Америкийн дуучин жүжигчин Мерил Стрийп тус шагналыг гардан авлаа.
"Алтан бөмбөрцөг" наадмын 74 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо | ||
Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.