Шууд Chart

“Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тайзны бүтээл болгожээ

2017-02-02 15:22:19

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Монгол Улсын засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан БСШУСЯ-ны “Хүүхдэд зориулсан уран бүтээл”-ийн төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, СТА Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тайзны бүтээл болгохоор бэлтгэж эхэлжээ. Жүжгийн нээлтийн тоглолт энэ сарын 5-нд болно.

Уг жүжгийг тайзнаа тавих болсон нь Хүүхдийн уран бүтээлийн урын сангаа шинэ бүтээлээр баяжуулан үзэгчдийн хүртээл болгох, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухлыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилготой юм байна.

Жүжгийн ерөнхий продюсер УГЗ Д.Цэрэнсамбуу “Манай УДЭТ 2017 оны анхны хүүхдийн жүжгээ нээх гэж байна. Ер нь театрын бодлогод хүүхдийн уран бүтээл эхэн үедээ үндсэн зорилго нь биш байсан юм шиг байгаа юм. Яагаад би үүнийг хэлж байна вэ гэвэл театрын түүхийг харахад хамгийн анх 1966 онд алдарт зохиолч П.Хорлоогийн “Алтан үст охин” хүүхдийн жүжиг тавигдаж байсан. 1980-аад онд нэлээн хэдэн орчуулгын уран бүтээл хийсэн байдаг. Үүнд “Муурын байшин” “Бардам туулай” зэрэг багтана. 80 гаруй жилийн түүхэнд хүүхдэд зориулсан 10 гаруй бүтээл хийгдсэн байдаг юм. Одоо тоглох гэж байгаа энэхүү уран бүтээлийн бэлтгэл ажил 2016 оны намраас эхэлсэн. Хоёр хоногийн өмнө театрын найруулагчдын баг жүжгийг маань үзэж сайн үнэлгээ өгсөн. Өнөөдөр 06 цагт гадаад хяналтынханд шалгалтаа өгнө. Харин үзэгчдэд хоёрдугаар сарын 5-нд өдрийн хоёр давталттайгаар хүргэнэ” гэлээ.

Тус жүжигт дүр бүтээж буй Ардын жүжигчин П.Цэрэндагватай уулзлаа. Тэрбээр  “Миний бие найруулагчид талархаж байгаагаа илэрхийлье. Уран бүтээлч хүнийг ажилтай байлгана, боломж олгоно гэдэг бол найруулагч хүний эрхийн  асуудал байдаг. Залуустай энэ жүжигт тоглож байгаадаа сэтгэл их өег байна. Анх энэ том өргөө гэрийн босгоор 1968 онд ахмад уран бүтээлчдийнхээ билгийн хараанд өртөж орж ирсэндээ баяртай байдаг. Би Төрийн хошой шагналт Лодойдамбын шагналт “Гарын таван хуруу” жүжгийн Баяр хэмээх хүүгийн дүрд тоглож байсан. Өнөөдөр энэ насны өндөрлөг дээр хүүхдийн жүжигт тоглоно гэдэг нэг талдаа сонин боловч нөгөө талдаа маш том хариуцлага байлаа. Магадгүй миний сүүлийн ч ажил юм бил үү. Аливаа юм хэмжээ хязгаартай. Тэр утгаар энэ үгийг хэлж байгаа юм. Энэ ажилд маань хамтран ажилсан театрын дараа үеийн ачааг үүрэхэд бэлэн болчихсон залуустай хамтарч байгаадаа их баярлаж байна” гэв.

Л.Сайнбаяр


“Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тайзны бүтээл болгожээ   
Үзсэн: 1036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй