Шууд Chart

Кисэносато хамгийн хүнд барилдаандаа тулж ирээд байна

2017-03-23 12:35:48

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ.

Энэ сард ёкозүна цолтой зодоглож буй Кисэносатог нэг ч унаагүй итгэл төгс тэргүүлж явна. Түүний араас Монгол озэки Тэрүнофүжи, сэкивакэ Такаясү нар 10 даваа, нэг унаатай нэхэж байгаа билээ.

Такаясү эхний 10 өдөр өвдөг шороодолгүй явсан ч өчигдөр Монгол аварга Какарюү М.Ананд өвдөг шороодуулсан юм.

Хоёр башё дараалан Япон бөх түрүүлсэн тохиолдол 16 жилийн өмнө буюу 2001 онд гарч байв.

Тодруулбал 2001 оны долдугаар сарын башёд Кайо, есдүгээр сарын башёд Котомицүки түрүүлсэн юм. Хэрэв энэ башёд Кисэносато түрүүлбэл дээрх амжилт давтагдах боломжтой.

Гэхдээ шинэ аварга энэ тэмцээний хамгийн хүнд барилдаануудынхаа өмнө ирээд буй. Тэрбээр өнөөдөр манай сүмоч Аравашитэй барилдана. Харин үлдсэн гурван өдөр манай хоёр аварга Харүмафүжи, Какарюү, озэки Тэрүнофүжи нартай оноолт таараад байна. Хэрэв бүх өрсөлдөгчөө давж, нэг ч унаагүй түрүүлснээр Кисэносато жинхэнэ аварга гэдгээ батлах билээ. Гэхдээ энэ тун хүнд даалгавар.

Түүний хүчтэй өрсөлдөгчид болох их аварга Хакүхо, озэки Гоэйдо нар энэ башёг замын дундаас орхисон бас нэгэн аз гэлтэй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Кисэносато хамгийн хүнд барилдаандаа тулж ирээд байна  
Үзсэн: 1802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй