
Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ Спортын төв ордны “А” зааланд боллоо. Эрэгтэйчүүдийн 36, эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн тэмцээнд нийслэл, дүүрэг, орон нутгийн 36 байгуулагын 345 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Тэмцээний нээлтийн ёслолд Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин Б.Болд, удирдах зөвлөлийн гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, удирдах зөвлөлийн гишүүн Б.Өнөрбаатар, тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч, “Арж Капитал” компанийн ерөнхий инженер Д.Пүрэвдагва, МҮОХ-ын дэд ерөнхийлөгч, гавьяат тамирчин, ардын багш Ц.Дамдин, Боловсрол Соёл шинжлэх ухаан, спортын яамны биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, гавьяат тамирчин, ардын багш Ч.Дамдиншарав, гавьяат дасгалжуулагч, ардын багш А.Басхүү, МЧБХ-ны сургалт, дасгалжуулалт, техникийг зөвлөлийн дарга Ло.Энхбаяр, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном нарын хүндэт зочин оролцсон юм.
Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт Н.Насанбуян (Хан-Уул, Хасу-Мегастарс), 74 кг-д өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт З.Сумъяабазар (Хангарьд), эмэгтэйчүүдийн 67 кг-д өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Даваанасан (Алдар) нар өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, улсын хошой аварга боллоо.
Харин эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Ариунболд (ТСБТСДС), 60 кг-д Ц.Цогбадрах (Алдар), 66 кг-д Т.Тулга (ҮБТДС), 84 кг-д М.Цогтгэрэл (Орхон, Ирээдүйн одод), 96 кг-д Ч.Алтангэрэл (Баянхонгор), 120 кг-д М.Лхагвагэрэл (Аварга), эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Чимгээ (Женко), 51 кг-д Т.Ариунзаяа (Хангарьд), 55 кг-д Б.Болортуяа (Женко), 59 кг-д Б.Болор-Эрдэнэ (Алдар), 63 кг-д Б.Сарнай (Налайх), 72 кг-д Б.Цэцэгбаяр (МУБИС) нар анх удаа түрүүлсэн юм.
Эрэгтэйчүүдийн багийн дүнг Ж.Баярхүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг, “Хасу-Мегастарс” клуб тэргүүлж, Д.Урианхай дасгалжуулагчтай “Аварга” БТДС, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо удаалав. Эмэгтэй багийн дүнг Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко”, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар”, Кажимукан дасгалжуулагчтай Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клуб эхний гурван байрыг эзлэв.
Нийлбэр дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 98 оноогоор тэргүүлж, спортын мастер Ж.Баярхүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг, “Хасу-Мегастарс” клуб 83, спортын мастер Б.Идэрсайхан дасгалжуулагчтай Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль 66 оноогоор удаалав.
Энэ жилийн УАШТ-д жин тус бүрт аваргууд зургадугаар сарын 15-18-нд Тайваний Тайжун хотод болох Азийн АШТ, наймдугаар сарын 1-6-нд Финляндын Тампере хотод болох ДАШТ-д оролцоно.
Нийлбэр дүнгээр Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо тэргүүллээ | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.